Categories
булангууд мэдээ томилолт

Соловьевск тосгонтой саахалтын зайд орших ЭРЭЭНЦАВ

Түрүүч нь ¹123, 124 (4763, 4764) дугаарт

Чулуунхороот суманд 02:00 цагийн орчимд үүр хаяарч эхлэх ажээ. Тэгж байснаа удалгүй нар гэнэт мэлсхийтэл гараад ирэх нь сонин. Нарыг халхлах уул, толгод  үгүй болохоор талын нар ингэж манддаг байна. Монголын баруун хязгаарт тас харанхуй ноёлж, хүн бүр дуг нойрондоо дугжирч байхад энд аль хэдийнэ нар мандчихсан байна. Үүр ингэж эрт хаяардаг шалтгаан нь энэ сум Монголын хамгийн нам дор газарт буюу далайн түвшнээс дээш 600 орчим  метр өндөрт байдагтай холбоотой. 

Сумын иргэд өглөө их эрт босно. 06:00 цагийн үед гэхэд иргэд аль хэдийнэ босчихсон хашаа хороогоо шүүрдэх нь шүүрдэж, элдэв бусад ажлаа амжуулаад гудамжаар явж байна. Дэлгүүр, талхны цех зэрэг суманд үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуй нэгжүүд тэр үед үүд хаалгаа нээнэ. Ирэх сарын 2-нд суманд овооны наадамтай аж. Овооны наадамд зургаан насны морь уралдахаар болжээ. Бай шагнал нь өндөр болохоор сумын адуутай болгон морь уяж байгаа талаар сумын төвийн иргэд ярьж байлаа. Сумын төвийн залуус өглөө эрт мориндоо хөлс авах юм. Нар дөнгөж мандуут сүүлийг нь боож, нэмнэсэн хурдан морь унасан залуус сумын төвийн урдхан талд цогиж яваа харагдана. Сүүлийн жилүүдэд энэ сумаас улс, бүсэд олон морь айрагдаад байгаа гэнэ. Малчид ч морь уях сонирхолтой болжээ. Морьтой, мотоцикльтой, явган гээд сумын төвийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлжээ. Сумын төвийн хүүхдүүд шуугилдан гүйлдээд, хил залгаа орших орос тосгоныхон ч босчихсон хоорондоо ярих нь сонсогдох юм. Хилийн торноос 20 хүрэхгүй метрийн цаана их, бага Тарь нуурийн эрэг дээр шувууд ганганах, мэлхий ваагалах юм. Сүрэг цагаан зээр сумын төвийн хажууханд хоножээ. Нүдэн баримжаагаар мянга гаруй зээр байгаа бололтой. Тарь нуурын үнэрээр ус уух гэж хилийн торонд ойртож ирээд байгаа бололтой юм. Зээр хоносон газрын баруун талаас хэдэн бараан адуу тууж явсан залуу сүрэг цагаан зээрийг хойноос нь хаман урд зүг рүү тоос татуулан хөөж гарлаа. Тэр хавиар тоос босч цагаан зээрийн сүрэг хөвөлзөн урд зүг рүү цахилан одов. Нутгийн адуучин залуу цагаан зээрийн сүргийг урагш нь хөөж байгаа шалтгаан нь хилийн өргөст торонд тээглэн үй олноороо үхээд байгаагаас нь хамгаалдаг аж. Хэдэн жилийн өмнө хил даван орж ирсэн зээрийг хойд хөршийн хилийн цэргийнхэн “Өвчтэй зээр манай нутагт орж ирж болохгүй” гээд АК буугаар шүршчихдэг байжээ. Буун дуу тачигнаж дууссаны дараа тэр хавь цусандаа будагдаж гэдсээ хөвүүлсэн, хөлөө хуга буудуулсан, тураг биеэ шүүрэн шанага болтлоо сийчүүлсэн зээрийн сүргээр дүүрдэг байсан гэдгийг Чулуунхороот сумынхан ярьж байна. Ингэж цуут дорнын цагаан зээрийг үй олноор нь хүйс тэмтэрдэг байсан бол одоо өөрчлөгдсөн гэнэ. Хоёр жилийн өмнөөс хойд хөршийнхөн зээр буудахаа болиод хил даван орж ирсэн зээрийн сүрэгт эзэмшил нутаг газрыг хашаалан өгч  нутагшуулдаг болжээ. Иймд Чулуунхороот сумынхан цагаан зээрээ нутгийнхаа гүн рүү үргэлж туудаг гэсэн. Хилийн торонд зээр ойртож тааралдах юм бол явган явж байсан ч хамаагүй урагш нь туудаг болжээ.    

Чулуунхороот сум буйдхан. Сумын төв хэдхэн байшинтай. Баруун, зүүн Эрээнцав гээд хуваачихсан. Зүүн Эрээнцавд хил гаалийнхан, төмөр замын ажилчид аж төрнө. Энэ суманд их найрагч Данзангийн Нямсүрэн амьдран суусан яруу найргийн онгод хийморийн нутаг гэдгээр хүн бүр андахгүй мэдэх биз ээ. Алдарт “Дөрвөн цаг” шүлгээ их найрагч энд бичиж байсан түүхтэй. Д.Нямсүрэн найрагчийн эхнэр хот руу шилжээд явсан байна. Гэрийг нь отгон охин Н.Бөртэ нь харж үлджээ. Харин том хүү Н.Наранбаатар сумандаа талхны цех нээгээд удаагүй байна. “Наранбаатарын талх” гээд сумынхан нь нэрлэчихэж. Иргэд, хүүхдүүд “Наранбаатарын  талх  байна уу” гэж дэлгүүрийн худалдагчаас асуух юм. Дэлгүүрт ирсэн даруйдаа л шинэхэн талх¬нууд эздэдээ хүрдэг байна. Н.Наранбаатартай сумын төвд явж байхад нь таарч мэнд мэдэв. “Ах нь энд талх бариад худалдаалдаг ажилтай болсон. Эндээ байгаад баймаар санагддаг юм. Хотод очихоор ажил олдохгүй хэцүүдэх биз. Ээж хот явсан” гэж ойр зуурын яриа өрнүүлэв. 

Д.НЯМСҮРЭН НАЙРАГЧИЙН ШУВУУНЫ ӨНДӨГ ХАРАН ЗОГСОЖ БУЙ ГАНЦ  ХӨШӨӨ БИЙ

 Сумын дэлгүүрүүдийн бараа, бүтээгдэхүүний үнэ баруун аймгуудын сумдыг бодвол хямдхан. Хойд хөршийн архи, дарс, гахайн мах, лаазалсан загас, молоко зэргийг хямд үнээр зардаг байна. Хил гарсан наймаачид ирэхдээ дээрх хүнсний зүйлсийг  жижиг цүнхэнд хийгээд аваад ирдэг гэнэ. Суманд гадны хүн явж байгааг андахгүй мэддэг ажээ. Энд нам гүмхэн. Сүүлийн хоёр жил гэмт хэрэг гараагүй. Сумын цагдааг сайн ажилласан гэж аймгийн аварга цагдаагаар шалгаруулжээ. 1999 онд уурын зууханд хүн шатааж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарч тухайн үед нийгмийг цочроож байжээ. Тэр хэрэг өнгөрсөн жил илэрч Ганзориг гэх эр найзыгаа хөнөөсөн гэж хэргээ хүлээсэн гэнэ. УМБГ-ын мөрдөгч хурандаа Б.Манлайбаяр хэргийг нэхэн шалгаж, илрүүлсэн байна. Дээрх хэргийг шүүх хурал Дорнод аймгийн шүүх дээр удахгүй болох аж. 

 Сумын төвийн төр, захиргааны хэдэн барилга нэг хашаанд байх ажээ. Сургууль, дотуур байр, сумын захиргаа, цэцэрлэг гээд бүгд нэг дороо. Уг нь 1990 оноос өмнө энэ хавьд оросуудын барьж өгсөн хоёр давхар 20 гаруй барилга, байгууламж байсан гэнэ. 1990 оноос хойш нутгийн иргэд хоёр давхар тоосгон байшингуудаа ихэнхийг нь буулгаад Дорнод аймгийн төв рүү зөөчихөж. Барилгуудын суурь нь л үлджээ. Олон жилийн хур хог хуримтлагдсан байсныг хоёр жилийн өмнөөс эхлэн хуу цэвэрлэсэн байна. Барилгын суурь байсан газруудад дахин барилга барих ажил хийгдэж эхэлсэн байна. Харин 300 орчим хүүхэд сурч байгаа дунд сургуульд гурван жилийн өмнө их засвар хийжээ. Мөн яруу найрагч Д.Нямсүрэнгийн нэрэмжит сургууль болгосон байна. Сургуулийн үүдэнд Д.Нямсүрэн найрагчийн сайхан хөшөө байна. Тэрэгний арал түшээд, гурван өндөг хараад зогсож байгаа хөшөөг саяхан боронзон өнгөөр будаж сэргээсэн бололтой юм.

“БУЛГАНД ОЧООД АЙРАГ УУЖ ЧАДАХГҮЙ ОНИГОО БОЛСОН”

Чулуунхороот сумын төвийн залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг ганц газар бол биллъярдны газар. Тэнд хэсэг залуус билльярд тоглоод зогсож байна.  Тэднээс яриа өдөж “Танай сум ч хөгжих ч болоогүй байна даа” гэхэд нөгөө залуус том харснаа “Хуучнаа бодвол хөгжиж байна. Сумын дарга, даамлууд юм хийдэг болсон. Таван жилийн өмнө манай сум ямар байсан гэж бодож байна. Балгасаар дүүрсэн газар л байсан юм. Юун хөгжил энэ тэр ярих. Хоногийн хоолоо яах вэ гэж хэцүүдэж байсан үе. Харин одоо бол өөр болсон. Удахгүй манай сум хөгжих байх” гээд сумаа өмөөрөх ажээ. Тэд мөн “Уг нь Оросын тусламжаар Эрээнцавын САА байгуулагдаад ид мандаж байлаа. Хөвсгөл, Увс, Ховд баруун аймгуудаас илгээлтээр олон айл өрх ирж сууршиж байсан. САА байх үед 50 мянга орчим тоо толгой малтай хүртэл болж байлаа. Харин 1990 оны задралын үед баруун аймгаас ирсэн иргэд малаа хувьчилж аваад нутаг буцсанаас болж долоон мянган мал тоолуулаад улсдаа хамгийн бага малтай сум болж байсан. Долоон мянган мал тоолуулж байсны дараа жил зуд болоод бас л олон мал нүд аньсан. 1998 онд сумын нэг айл өлсгөлөнгөөр амиа алдаж байсан. Ажилгүй иргэд улаанбуудайгаа тээрэмдэж, гурил болгон идэж өдөр хоногийг өнгөрөөж, ядуурал хавтгайрч байлаа. Тэр үеэ бодвол бид идэх хоолтой болчихоод байна. Энэ жил манай малын тоо 50 мянгад хүрсэн гэсэн” гэв. Ядууралд хамгийн их өртсөн хүмүүс тариаланчид гэнэ. Ийм л хүнд хэцүүг энэ сумынхан даван туулжээ. Одоо сумын иргэдийн амьдрал өөрчлөгдөж  эрс дээшилсэн гэнэ.

Билльярд тоглоод зогсож байсан залуус “Булган, Төв, Дундговь аймгийн хүмүүс  суурин дээр нь дөрвөн литр айраг ууж чаддаг гэсэн үнэн юм уу” гэж асуув. Хариуд нь “Тэгж уудаг хүн олон байгаа” гэтэл Мягмар гэх залуу “Манай энэ хавийнхан малаа зөнгөөр нь хаячихдаг. Үнээ, хонь, ямаагаа саахгүй. Гүү барихгүй болохоор цагаан идээ огт хийхгүй. Гүү барьсан айлаар явахдаа хоёр хул айраг уугаад л болчихдог. Бид гурван хул айраг уугаад бөөлжиж байхад Булган зэрэг аймгийн жижигхэн биетэй эмэгтэй дөрвөн хул айраг уучихаад зүгээр байсан. Булганд очоод би хүмүүсийн доог тохуу болсон шүү” гэж инээд алдан ярив. Эндээсээ сумын Засаг даргатай уулзахаар явлаа. Энэ сум байгуулагдсан цагаасаа сонгуульд МАН ялсаар иржээ. Харин 2008 оноос Ардчилсан нам ялдаг болсон гэнэ. Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар 14 суудлын арванхоёрыг нь АН нам авчээ. Квотоор хоёр суудлыг МАН-д өгсөн гэж байна лээ. 

ТАРИАЛАНЧДЫН ХУВЬЦАА ЭРГЭН СЭРГЭЖЭЭ

 Ингээд Сумын Засаг дарга З.Гэрэлт-Одтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. 

-Сумаа хөгжүүлэхийн тулд ямар ажлууд хийж байна даа?

-Бид сумынхаа иргэдийг ажлын байраар хангах талаар түлхүү анхаарч ажиллаж байна. Сумын иргэд ажилтай, малтай болчих юм бол аяндаа л сум хөгжинө гэж боддог юм. Залуу малчдыг малжуулах төслийн хүрээнд арав гаруй айлд тус бүрт нь 50 тоо толгой мал өгсөн.  Мал өгсөн зарим айлын мал 300 толгойд хүрсэн байна лээ. Иргэдийнхээ орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. Айл болгоноос ядаж нэг хүнийг ажилтай байлгах зорилго тавьсан нь бүгдийг нь төрд ажиллуулна гэсэн үг биш, тийм орон тоо ч байхгүй. Тэгэхээр төрөл бүрийн төсөл, хөтөлбөрт хамруулж, ажлын байр нэмэгдүүлэх, тодорхой орлогын эх үүсвэр олж болохоор, хийж чадах ажлыг нь олж өгөхийг хичээж байна даа. Манай сумынхны халуун ногоо хийх, нарийн ногоо даршлах эрдмийг Дорнод аймгийнхан сайн мэддэг. Солонгосын хөрөнгө оруулалттай  “Агро ким” компанийн удирдлагуудтай ярилцаж, сумандаа нарийн ногоо, чинжүү  хамтран тарихаар тохирсон. 

-Танай суманд чинь рапс, элэгний  эмний түүхий эд гарган авдаг ургамал тариалж байгаа гэсэн үү?

-2012 онд “Эрээнцав” ХК, “Эрхэт үйлс” ХХК-иудтай гэрээ байгуулж улаан буудай тариулна гэж анх тохирсон боловч Эрээнцав ХК рапс тарьсан. Энэ үед сумын иргэд ч миний хувьд ч рапс гэдэг ургамалын талаар буруу мэдээлэл, ойлголттой байсан учраас тэр жил  мянган га-д тарьсан. Энэ жил гурван га талбайд салмирон болон рапс тариад байна. 

-Сумын иргэд газар өмчлөх эрхгүй гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Газрын тухай хуулиар хилийн бүс, зурвас газарт иргэдэд газар өмчлүүлэхгүй заалттай. Энэ талаар холбогдох газруудтай ярилцаж шийдэлд хүрэхийг хичээж байгаа. Мөн их хурлын гишүүдэд ч энэ талаар ярьсан. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Засгийн газрын төвшинд төслийн хэмжээнд явж байгаа, удахгүй шийдэгдэх байх аа.  

-Орон нутгийн өмчөө хэр тордож байна даа?

-Чадах ядахаараа л тордож, бүгдийг нь эзэнтэй ажиллагаатай байлгах гэж хичээж, балгас болгоныг босгоно гэж бодож байгаа. Хуучин САА-н үед хөдөө, аж ахуйн машин механизмын засварын газар байсан том байшинг “Эрээнцав” ХК-ний хамт олонтой хамжиж дэмжиж засварлаад одоо сайхан болсон. Цаашид томоохон засварын газар болгох зорилготой. Манай сумын хувьд цахилгаанаа ОХУ-аас авдаг. Төлбөр өндөр байсныг  төр анхааралдаа авч талыг нь ДБЭХС-ХК даадаг болсон. Энэ нь манай сумын иргэдэд оруулсан томоохон хөрөнгө оруулалт хөнгөлөлт болсон” гэв. 

Чулуунхороот сумын “Эрээнцав” ХК үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлжээ. Гэтэл сумын тариаланчид хувьцаагаа огт худалдаагүй байсан гэнэ. Үүнээс үүдэн сумын тариаланчид үйл ажиллагаа нь сэргээд байгаа компанийнхаа хувьцаа эзэмшигчид болжээ. Энэ сумын зуу гаруй хүн хувьцаа эзэмшиж байгаа гэнэ. Энэ талаар сурвалжлахаар “Эрээнцав” ХК руу хөдлөв.  

Үргэлжлэл бий 

Э.ХҮРЭЛБААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *