УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийлээ. Монгол Улсын эрүүгийн хариуцлагын тогтолцоонд хорих ял дийлэнх хувийг эзэлдэг аж. Тухайлбал, Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, нийтэд тустай ажил хийлгэх нь 5.8 хувь, баривчлах ял 12.5 хувь, бусад ял 0.1 хувийг эзэлж байсан бол 2012 оны мэдээгээр нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.6 хувь, нийтэд тустай ажил хийлгэх 5.7 хувь, баривчлах ял 11.6 хувь, бусад ял 5.1 хувийг эзэлж байна гэсэн судалгаа гарчээ. Мөн хорих ял эдлээд суллагдсан иргэдийн 47 орчим хувь нь дахин гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна. Тиймээс Гэмт хэргийн тухай хуульд торгох ялыг оруулж, нэг зуугаас дөчин мянган тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ногдуулахаар заажээ Ингэхдээ уг торгох ялаас хохирогчид учирсан хохирлыг төлүүлэх, ялтан торгох ялыг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд албадан биелүүлэх, албадан биелүүлэх ажиллагаанд саад учруулсан, оргон зайлсан тохиолдолд торгох ялыг хорих ялаар солихоор төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан байна. Түүнчлэн тогтоосон замаар зорчих, хууль сахиулах байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хоригийг зөрчвөл уг ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцох юм байна.Энэ нь шинэ төрлийн ял бөгөөд шүүхээс хорих ялыг оногдуулах явдлыг багасгах зорилгоор электрон гавны тусламжтайгаар цахим хяналт тавих гэнэ. Хорих ял нь хугацаатай ба бүх насаар нь хорино гэсэн ангилалтай байх нь. Тухайлбал, хугацаатай хорих ял нь нэг сараас хорин жил хүртэл байх, бүх насаар хорих ял нь хорин жилээс дээш хугацаагаар байх бөгөөд суллагдах үндэслэл нь хорин жилээс дээш хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлсний дараа үүсэх юм байна. Хуулийн төсөлд өсвөр насны иргэнд ял оногдуулах талаар ч тусгасан байна. Ял шийтгэл хүлээлгэх насны хязгаарыг 14 наснаас байхаар зааж өгчээ. 14 наснаас дээш гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн бүрт ял оногдуулах зорилгогүй гэсэн тайлбарыг яамнаас хийж байна. Хүүхдийн хүмүүжил нас бие, сэтгэхүйн онцлогт тохирсон ял шийтгэл оногдуулах, хүүхдийг аль болох хорих бус хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай сургалттай байгууллагад хүмүүжүүлэх. Хүүхдийн хууль зүйн хороо нь хүүхдийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавих зэргээр тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн аж. Гэмт хэргийн тухай хуулийн төсөл батлагдсаны дараа хэрэгжүүлэхэд бэлтгэл шат 1-2 жил үргэлжилж, хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх боломж бүрдэх гэнэ.
Categories