Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна.
Татвар, төлбөр хураах ажлын эхний шат тавдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх бол татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10–наас эхлэн 06 дугаар сарын 24-ны хооронд зохион байгуулна.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан зохион байгуулж байгаа юм. Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ ажлын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09:00-19:00 цагийн хооронд ажиллаж байна. Энэ сарын 1-нээс эхлэн нэг цэгийн үйлчилгээний тоог нэмж нийт 25 байршилд татвар, төлбөр хураах үйл ажиллагааг зохион байгуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.