Categories
мэдээ цаг-үе

Насанд хүрсэн юм шиг харагдвал архи зарж болно гэв үү

Бямбасүрэнгийн Идэрзаяа гэгч Баянзүрх дүүргийн нутаг Хар хошуу уулын ойролцоо хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн гэдгээ хүлээгээд байгаа. Бүрэн бус дунд боловсролтой түүнийг хэн болох, 23 наслахдаа юу хийж байсан, ямар хэргээр ял эдлэж байсан талаар “Өдрийн сонин” өмнөх дугаартаа өгүүлсэн билээ. Сэжигтэн 19, 20 настай хохирогчидтой танилцаад, дагуулж кафед архиа уусан байдаг. Энд нэг зүйлийг онцлоход тэдэнд үйлчилсэн кафе, дэлгүүр Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчиж, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн. Магадгүй, үйлчилгээний байгууллагынхан хуулиа ягштал баримталж “21 нас хүрээгүй хүмүүст архи зарахгүй” гээд халгаагаагүй бол хохирогчид амьд байх байсан болов уу. Дунд сургуулийн сурагчдаас судалгаа авахад 70 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулсан байдаг. Энэ хэрээр үйлчилгээний байгууллагууд хуулиа мөрдөхгүй байна гэсэн үг. Хүний санаанд багтамгүй хэрцгий гэмт хэргүүд шил шилээ даран гараад байгаагийн нэг шалтгаан энэ. Тиймээс хүн амины ноцтой хэргийн хохирогч болсон 19, 20 настай эмэгтэйчүүдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн кафе, дэлгүүрийг онцолж сурвалжиллаа.
Оюунчимэг: Тэд насанд хүрсэн юм шиг харагдсан гэсэн
Цайз захын урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байдаг “АВВА” кафе, пабад өчигдөр очлоо. Биднийг 14.00 цагийн орчимд очиход үйлчлүүлэгч байсангүй. Үйлчлэгч бүсгүй хоолны цэс дөхүүлж өгчихөөд “Хоол гарахгүй шүү” гэв. Өөрөөр хэлбэл, цэсэнд бичигдсэн хоолоо хийдэггүй, зөвхөн архи, пиво, ундаа, усаар үйлчилдэг бололтой юм. Хүн амины хэрэг гарахын өмнө Б.Идэрзаяа, Э.Золбоо нар хохирогчидтой хамт энэ кафед үйлчлүүлсэн бичлэг бий. Тэр бичлэгтэй харьцуулж доторхи байдлыг ажиглахад сандал, ширээний бүтээлгүүдээ сольжээ. Кафены дотор ханыг “АВВА” хамтлагийнхны зургаар чимж. Цэсэн дээрх архи, дарс, хоолны үнэ, тэйкний цаана өрсөн виски, дарснуудыг харахад басчиг жижиг газар биш бололтой. Тэр хавьдаа л тухтай, хүний анхаарал татахаар тохижуулсан харагдана. Тэйкний хажууд “21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэж самбар дээр бичсэн байна. Тэр самбарын дээд талд хяналтын камер байрлуулжээ. Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн бичиг баримтуудаа жаазанд хийгээд тавьсан харагдана.
Зөөгчөөс нь “21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилж болох уу” гэж асуухад “Би ажилд ороод хоёр л хонож байна. Эзэд үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж бай гэсэн. Тиймээс бичиг баримтыг нь үзэж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Эзэд хамаагүй хүнд юм хэлж болохгүй гэсэн” гээд дуугарсангүй. Тиймээс “АВВА” кафе, пабны эзэн Оюунчимэгтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Танай зөөгч 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн байна. Ингэж болдог юм уу?
-Болохгүй. Манай зөөгчид үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг шалгаад сурчихсан.
-Гуравдугаар сарын 6-ны орой 23.00 цаг өнгөрч байхад 19, 20 настай хоёр эмэгтэй хоёр залуутай хамт танай кафед пиво уусан бичлэг байна шүү дээ?
-Зөөгч тэр дөрвөөс бичиг баримтыг нь шаардсан гэсэн. Тэгэхэд “Бичиг баримт байхгүй. Бид насанд хүрсэн хүмүүс” гэж хэлсэн гэсэн. Харахад 21 нас хүрээгүй гэж хэлэхээргүй хүмүүс байсан гэсэн. Тэгээд л үйлчилсэн юм билээ.
-Насанд хүрсэн юм шиг харагдвал архи зарж болно гэсэн үг үү?
-Тийм биш л дээ. Тэр зөөгч маань төрчихсөн эмнэлэгт байгаа. Яагаад ийм юм болчихов гээд асууж л байна. Эхлээд гурван пиво авсан байна лээ. Дараа нь нэмж пиво авсан гэсэн гэв.
АВВА кафены эзэн сэтгүүлчид ийм хариулт өгсөн. Харин “12 дугаар анги төгсч байгаа юм. Хонхны баяраа дуусгаад хэдэн цаг сууя. Ганц хоёр пиво уух боломж байгаа юу” гэж асуухад “Орой ирээд уулзаад ярилцъя. Халуун хоол ундаар үйлчлэх бол асуудалгүй. Харин архи зарахад асуудал гарна. Гэхдээ ирэхээр чинь ярилцъя” гэлээ. 


Бичиг баримтыг нь шалгадаг гэсэн ч….
Сэжигтэн Б.Идэрзаяа Э.Золбоо болон танилцсан хоёр эмэгтэйтэйгээ гуравдугаар сарын 7-ны 00.30 цагийн орчимд АВВА кафе, пабны дэргэдэх “Анар” мини маркетаар үйлчлүүлсэн байдаг. Тэндээс сойз, боорцог тэргүүтнийг авсан нь нотлогдсон. Бид Анар мини маркетад орж энэ тухай асуухад худалдагч  нь “Манайхаас сойз, боорцог л авсан. Бичлэг нь ч бий. Тэр “Давсны булаг” гэдэг дэл­гүүрээс архи авсан юм биш үү. Тэгээд ч бид үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгаж байж архи зардаг” гэлээ. Ингэж ярилцсанаас цаг шахмын да­раа 20 нас дөхөж яваа бололтой залууд пиво  за­рахдаа бичиг баримтыг нь шалгасангүй. Тэгэхээр кассан дээрээ хүмүүсийн би­чиг баримтыг харж үйл­чилдэг нь худлаа болж таа­рав. Дэлгүүрүүд архи, пиво авсан хүний иргэний үнэмлэхийг харах ёстой гэхээр уншигчдад үнэмшилгүй байх. Яагаад гэвэл үйлчилгээний байгууллагуудад ийм жи­шиг тогтоогүй. Архидан сог­туурахтай тэмцэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.2-д “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ун­даа худалдах, түүгээр үйлч­лэхийг хориглоно” гэж заасан. Үүнийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150-200 мянган төгрөгөөр торгох хуультай. Нэг жилийн дотор энэ зөрчлөө давтсан бол 200-250 мянган төгрөгөөр торгож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлахыг хуульчилжээ.

Б.Баатархүү: Захын баар 19 настай хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байгаа
Нийслэлд согтууруулах ундаа худалдан, түүгээр үйлчилдэг 3400 гаруй цэг бий. Тэдгээр аж ахуйн нэгжид бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавих үүрэг хүлээсэн байдаг.
19,  20 настай эмэгтэй­чүүдэд согтууруулах ундаагаар үйл­чилсэн кафены талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хүсэхэд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэ­дээллийн төвийн дарга Б.Баа­тархүү “Тэр кафенд зохих шалгалтыг хийж, байцаалт авч байгаа. Нэрийг нь хэлэх шаардлагагүй. Захын кафе, бааранд 19 настай хүн да­гуулаад ороод үз. Бүгд адил­хан байгаа. Ганц тэр газрыг онцолж мэдээлэх шаардлагагүй” гэж хариулсан юм. Хууль хэрэгжихэд хя­налт тавих үүрэг хүлээсэн цагдаагийн байгууллага ийм байр суурьтай байхад кафены зөөгч “Царайг нь харахад 21 нас хүрсэн мэт харагдсан” гэж хариулахад гайхах юм алга.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Ху­далдаа, үйлчилгээний хэлтсээс энэ талаар тодруулахад болсон явдлыг мэдээгүй байв. Учрыг тайлбарласны дараа “Та ирээд гомдлоо гаргавал бид шалгаж болно” гэсэн хариултыг авлаа.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *