“Улаанбаатар төмөр зам”-аас хотын тээвэрт анх удаагаа РА-2 маркийн төмөр замын автобус буюу “Railbus”-ийг оруулж ирэн нийтийн тээвэрт явуулахаар болсон билээ. Тус автобусны нээлтийн ажил өнөөдөр “Улаанбаатар” төмөр замын өртөөн дээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд Зам тээврийн сайд А.Гансүх, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцсон юм. Албаныхны мэдээлснээр “Railbus” төмөр замын автобус нь 136 хүний суудалтай, 350-400 хүн зорчих боломжтой ажээ. Тус автобусаар нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих боломжтой юм байна. Ийн түргэн шуурхай үйлчилснээр цаашид түгжрэл буурах, иргэдийн цаг завыг хэмнэх ач холбогдолтой аж. Зам тээврийн сайд А.Гансүх “Railbus”-ын тоог цаашид ч нэмэгдүүлнэ гэж байлаа.
Харин Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Өнөөдөр их чухал өдөр болж байна. Учир нь нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд нэгэн шинэ дэвшлийг авч ирлээ. Энэхүү “Railbus “бол метроны эхлэл. Энэ автобусыг үйлчилгээнд нэвтрүүлснээр хамгийн чухал нь нийслэлийг шинэ суурьшлын бүс болгож, цаашид шинэ төлөвлөлтийг хийхэд асар том бололцоо олгож байгаа гэдгээрээ онцлог” гэв.
Э.Номин