“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын ярилцлага манай “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарсан билээ. Тэрбээр ярилцлагадаа хориход ямаршуу байгаагаа дурдаж, “Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна” хэмээн өгүүлсэн байсан.
Төрийн ордны гадна тэсрэх бөмбөг тавьсан, галт зэвсэг авч явсан хэргээр хорих 461-р ангид хоригдоод долоон сар болсон, харин өнгөрсөн шөнө түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлжээ. Ц.Мөнхбаяр болон эл хэрэгт холбоотой зургаан хүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн шүүхэд болсон юм. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг өөр өөр хорих ангид хорьсон бололтой.
Э.Номин