Categories
мэдээ цаг-үе

Байгалиа хайрлах хайр, мухар сүсэг хоёрын хил хязгаар

Уламжлалт шашин шүтлэг Монголд эргэн дэлгэрэхдээ ихээхэн гажуудал дагуулж, байгальд хор хөнөөл учруулахуйц зан үйлүүдийг шинээр бий болгож байна. Тэдгээрийн золиос нь онгон байгаль, ой модод юм.
Сэтгүүлч Б.Галаарид

Монголчууд байгаль дэлхий дээрх ус, чулуу, мод гээд бүх зүйл амьд гэж эртнээс үзсээр ирсэн. Тийм болохоор байгалиас ямар нэг зүйл авахдаа аргадаж гуйж байж авдаг, хэрэгцээнээсээ илүү зүйл авахыг цээрлэдэг байв. Энэ нь эрс тэс уур амьсгалтай, эмзэг хөрстэй Монгол орны байгалийн унаган төрхийг саяхныг хүртэл хэвээр нь хадгалах гол хүчин зүйл болсон юм. Байгалиа хайрлах энэ уламжлалыг ихэнхдээ хүмүүсийн итгэл бишрэлээр дамжуулан амьдралын хэвшил болгодог байжээ. Олон мянган жилийн түүхтэй бөө мөргөл ингэж байв. Монгол улсын нутагт анх 1580-аад онд нэвтэрч, улмаар үндэснийх болтлоо нутагшсан буддын шашин ч мөн адил ингэж байв.
1937-1990 оны хооронд коммунист төр монголчуудад шашингүйн үзлийг тулган хүлээлгэж, иргэдийн шүтэж бишрэх эрхийг хааж боосон ч  байгаль дэлхийгээ амьдчилан хайрлах, хүндэтгэх уламжлал ихэнх хүмүүст хадгалагдсаар байсан юм. 1990 оноос шүтэх бишрэх эрх чөлөөтэй болсноор уламжлалт шашны шинэ сэргэлтийн үе эхлэв. Энэ үеэр эрт дээрээс шүтэгдэж байгаад буддын шашинд түрэгдэн бараг мартагдаад байсан бөө мөргөл хаа сайгүй сэргэж эхэлсний гэрч нь өнөө цагийнхан болж байна. Бөө мөргөл анх сэргэхдээ зөв замаар явсангүй. Олон зуунаар мартагдсан шүтлэг мөргөлийн зан үйлийг ийм л байсан болов уу гэх төсөөллөөр хийж эхэлсэн нь тэр бүр зөв байсангүй. Түүний нэг нь хадаг модонд уях ёс юм.
Хадаг уг нь бөө мөргөлд огт хүртээлгүй, харин Буддын соёлыг даган орж ирсэн эд. Хүр хорхойноос гаргаж авдаг, зөөлөн торгомсог, олдоц багатай, түүнийгээ дагаад үнэтэй эд байв. Тийм  болохоор онцгой хүндэтгэлт зан үйлд хэрэглэдэг байж. Гэтэл Хятадын овсгоотой үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирлаа. Түүний тусгал нь монголчууд хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон явдал юм.  Хүмүүс хадгийг янз бүрийн сэдэл зорилгоор уядаг. Зарим нь газар лусын эзэнд эдийн дээдийг өргөж, аргадаж,  аврал ивээлд нь багтаж байна гэж бодно. Зарим нь муу муухайгаа энд зангидан үлдээж байна гэж шившиж уяна. Гай барцдаасаа ийм маягаар дом хийн салж болно гэж зарим нь хатуу итгэдэг. Тийм болохоор хэн нэгний уясан хадгийг өөр хүн зүрхэлж авдаггүй, хотын гудамж талбайг цэвэрлэх үүрэгтэй хүмүүс ч хараагүй мэт өнгөрөөдөг.
АЯн замаас олсон санаа
2013 оны зургадугаар сарын  16-ны өглөө. Бид Дархан хотоос Улаанбаатарыг зүглэн хөдлөх гэж байв. Бид гэдэг маань миний хань Ш.Должинсүрэн, унаган багын анд Д.Батсуурь, түүний гэргий А.Оюунчимэг нар.
Амралтын өдөр яагаа ч үгүй эрт Улаанбаатар орж байхын оронд хэдүүлээ зам дагуух моднуудад уясан хадгийг цэвэрлэвэл ямар вэ гэсэн саналыг бүгдээрээ зөвшөөрөн дэмжив. Хайч, цаасны хутга, бээлий, шуудай тэр дор нь худалдаж авав.
Дарханаас Баруунхараа хот хүртэлх 50 км засмал зам дагуух моддын хадгийг цэвэрлэх гэж бид бүтэн өдрийг зарцуулж, орой нь ядарч сульдсан ч сэтгэл хангалуун гэгч нь гэрийн бараа харцгаав.
Залуу модод их хурдан ургаж бүдүүрдэг болохоор түүнд уясан хадаг чивчирч чангараад их биерүү нь шигдэн орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг болохыг би хоёр жилийн өмнө хэсэг нөхдийн хамт Улаанбаатар хотод Туул голын эрэг дагуух газрын моддыг цэвэрлэж байхдаа ойлгосон. Синтетик хадаг барагтай бол тасардаггүй, цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог.
Харин энэ удаад  тэрхүү хадаг нь өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болдгийг олж мэдсэн юм. Мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдөг юм билээ. Бас болжмор сарвуугаараа хадганд ороолдоод салж чадахгүй үхсэнийг ч харлаа.
Өтөнд идүүлж буй модод, хадганд боомилуулан тасрах шахсан мөчирний зургийг фэйсбүүк дээрээ тавьсныг минь үзээд маш олон хүмүүс цочирдон гайхаж, модонд хадаг уях ийм муу үр дагавартай юм гэж үү хэмээн дуу алдацгаасан. Цахим ертөнцийнхөн Баруунхараагийн хажууханд байх нэгэн залуухан мод хадганд чивчиртэл ороолгочихоод амьдрах гэж хэрхэн тэмүүлсний ул мөр болох тасрах шахсан мөчирний зургийг бие биедээ дамжуулж, санал сэтгэгдлээ хуваалцаж байв.  Би тэр залуухан модыг модонд хадаг уяж үхүүлэхийн эсрэг аяны гол бэлгэдэл болгохсон гэж боддог. Хүмүүст жил жилийнх нь зургийг үзүүлж, тэгэхэд амьдрал бэлэглэсэн мод минь ийм болжээ хэмээн харуулна, мухар сүсгийн хорт үр дагаврыг байнга сануулна гэж төлөвлөөд байгаа.
Ийм жишээ бусад улс оронд байж л байдаг. Ялангуяа Сахарын элсэн цөл дэх Тэнэрэгийн модны гунигт түүх унаган байгалиа хайрлахгүй бол хэрхэн сөнөж мөхдөгийн бодит жишээ болсоор байна. Хааш хаашаа хэдэн зуун километр газарт нэг ч өвс ургамалгүй эзгүй хоосон цөлийн гүнд гав ганцаараа ургаж байгаад хүний буруугаар амь тасарсан тэрхүү модны гунигт түүхийг санах бүрт сэтгэл минь эмзэглэдэг. Энэ эмзэглэл яван явсаар модны хадаг цэвэрлэхэд хүргэсэн байж ч мэднэ.
 “Амьд байгалиа хайрлая” гэдэг сайн санааны аян санаачилна, олон нийтийг татан оролцуулна, чадвал бүх нийтийн хөдөлгөөн болгоно гэж би Дарханы зам дагуух моддоос өттэй, тоос шороотой хадаг салгаж зогсохдоо хатуу шийдсэн юм.

Мухар сүсгийн золиос
2013 оны долдугаар сарын 22. Хэвлэлийн бага хурал хийж “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аянд нэгдэхийг уриаллаа. Энэ санаачилгыг маань хэвлэл мэдээллийнхэн, цахим ертөнцийнхөн, нийгмийн янз бүрийн давхаргынхан талархан дэмжиж, хэзээ хаашаа явах вэ хэмээн лавлаж эхэллээ.
Хадганд боомилуулсан модод Монголын хаа сайгүй байгаа болохоор хаашаа ч явсан болохоор байлаа. Нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар хадаг яндар. Тийм болохоор сонголт хийхэд хэцүү байсан бөгөөд эцэст нь Сэлэнгэ аймгийн нутагт байдаг Ээж модны орчныг цэвэрлэхээр болов.
Улаанбаатараас 310 км зайд байх Ээж модыг хүсэл биелүүлэх шидтэй гэж үзэн шүтэж эхэлсэн нь чухам хэзээ вэ гэдгийг мэдэхгүй. Ямартай ч анхны шүтэж байсан мод нь шатмагц өөр нэгийг “Ээж мод” хэмээн “тодруулсан”, энэ байдал сүүлийн хориод жилд дөрвөнтөө давтагдсан гэх. Энд зарим өдөр 300 хүртэл тооны машин хол ойроос ирдэг гэхээр хэр их хөлтэй газар гэдэг нь тодорхой.
2003 онд Д.Бямбадорж гэдэг зайран энд бөөгийн тахилга хийснээс хойш жил бүр олон тооны бөө, сүсэгтнүүд очиж хавар, намрын тахилга гэж хийдэг болжээ. Үүний улмаас энд ирэгсдийн  тоо огцом нэмэгдэж, ганцхан Ээж гэх модыг биш, эргэн тойрных нь бүх модонд хадаг уядаг болжээ.  Ингэж хадгаар бүрхсэн моддын эзлэх талбай ойролцоогоор 5-6 га газар гэхээр ямар их газар, хичнээн олон мод хүмүүсийн мухар сүсгийн золиос болж байсан нь тодорхой.
Хамгийн гол нь Ээж модонд ирсэн хүн эндээс юу ч авч явж болохгүй гэсэн эзэнгүй яриа тэнүүчилдгийн улмаас мөргөлчид хогоо хүртэл үлдээдэг “хачирхалтай ёс” тогтсон байв. Ерөөсөө мухар сүсэг гэдэг ямар инээдэмтэй байдал үүсгэдгийг Ээж модонд хүүхнүүд хөхний даруулгаа тайлж үлдээдэг ёс дэлгэрснээс харж болно. Ингэвэл хүүхэдтэй болно гэж хэн нэг нь “айлдсаны” улмаас үр хүүхдийн мөрөөдөлд автсан хөөрхий бүсгүйчүүд ийнхүү олны дунд хөхний даруулгаа шувталж зогсох болж. Сүсэгтнүүд Ээж мод болоод эргэн тойрны моднуудад хадаг яндар нэвсийтэл зүүж, сүү архи нортол нь цацаж, тос түрхэж, дараагийн хүмүүс нь мөнөөх үйлийг давтан хийдгээс болж халуун дулаан цагт тэр орчимд нигширч муудсан үнэр ханхалж, ялаа батгана бужигнаж, өт хорхой үржиж, мөргөлчдийн өргөсөн хүнсний зүйлээс ахиухан  хүртэх гэсэн нохой, үхэр хүртэл хүмүүстэй орон зай булаалдана. Холоос ирсэн мөргөлчид энэ газарт ариун гэгээн юм юу ч үгүй болсныг үл анзааран хүслээ шивнэж, залбирч, зарим нь газар сөгдөн сунаж мөргөнө. Мухар сүсэг гэдэг хүнийг сохор болгодог аж.

Бид олуулаа, бүр олуулаа гэх итгэл
Ээж мод руу бид хоёр удаа очиж цэвэрлэсэн юм. Эхний удаад жараад, дараагийн удаад 120 орчим хүн сайн дураараа явсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Байгаль хамгаалах сан, үндэсний үйлдвэрлэгч компаниуд манай аяныг дэмжлэг их тус болсныг хэлэхгүй байж чадахгүй нь.
Аяны үеэр “Будда” төвийн тэргүүн Хоролбат лам хадагны зөв хэрэглээний талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олонтаа ярьж, өөрөө шавь нартайгаа хамт Ээж модонд очиж хадаг цэвэрлэлцсэн юм. “Тэнгэрийн тод  тамга” ТББ-ын залуучууд бидэнд их тус болсон. Тэнгэр шүтлэгтнүүд, бөө нараас бүрдсэн тус байгууллагын залуус бөө мөргөл бол байгаль дэлхийд хор учруулах ямар нэгэн зан үйл үйлдэх ёсгүй, өнөөгийн бөө нарын хийгээд байгаа зан үйлийн ихэнх нь хүмүүст буруу хүмүүжил олгож байна гэж шүүмжлэлтэй ханддаг юм билээ. Халх удган Огторгуй ийм ажил зохиогдож буйг сонсоод биднийг дэмжихээр өөрийн найз нөхдийг дагуулан Ээж модон дээр ирсэн бөгөөд олон нийтэд хандан түүний нүдэндээ нулимстай хэлсэн үг хүмүүст гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэрээр “Би энэ газрыг ариун дагшин газар гэж эртнээс сонссон. Байгаль ээж үнэхээр энэ газарт гоо сайхнаа харамгүй хайрлажээ. Харамсалтай нь хүмүүс бидний буруугаас энэ сайхан ариун дагшин байгаль хогийн цэг болж хувирсан байна. Та нар аав ээждээ золгох гэж ирээд хайр хүндэтгэлийнхээ илэрхийлэл болгож хоолой хүзүү, гар хөлийг нь даавуугаар чивчиртэл баглаж, нүүр рүү нь архи, сүү цацаж, эргэн тойронд нь бүх хогоо хаячихаад явдаггүй биз дээ. Ухаараач ээ хүмүүс ээ. “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аянд нэгдээч ээ” гэж хэлсэн юм.
“Тэнгэрийн тод тамга” ТББ-ын тэргүүн Баттөгс “Модонд ингэж хадаг уях заншил монголчуудад байгаагүй. Энэ бол уламжлалт шүтлэг эргэж сэргэх үед нэвтэрч буй буруу зан үйл. Нүүдэлчин монголчууд шашны зан үйл хийхдээ бүү хэл улирлын өнгө даган гэрээ нүүлгэхдээ ч буурин дээрээ ямар нэгэн ул мөр үлдээдэггүй соёлыг бий эрт дээрээс бий болгож чадсан, байгальдаа дэндүү хайртай ард түмэн. Байгальд халтай, бусдад буруу хүмүүжил ойлголт өгөх үзэгдэл болгонтой бид тэмцэх ёстой” гэж ярьж байна.
Ээж модыг цэвэрлэсэн хоёр удаагийн аян хүмүүсийн сэтгэлд хүрч, бас шашны зан үйлтэй холбоотойгоор байгаль орчныг бохирдуулсан байвал гар хүрч, цэвэрлэж болдог юм байна гэсэн итгэл бий болсныг би Монгол орны хаа сайгүй явахдаа мэдэрч, тэр болгонд байгаль дэлхийгээ хайрлах халуун сэтгэлтнүүд маш олон юм байна, бид олуулаа гэсэн омогшил төрдөг болсон. Энэ бол сайн эхлэл, бас сайн сайхны дохио юм.

Шашны хийрхэл эдийн засгийн том хохирол дагуулж байна

Өнөөдөр шарын шашин, бөө мөргөлийн аль аль нь зан үйлдээ хадаг, шахмал цай, торго дурдан зэргийг ихээр ашиглаж байна. Эдгээрийн алийг нь ч Монголд үйлдвэрлэдэггүй бөгөөд ихэвчлэн Хятадаас худалдан авдаг. Шашны эд зүйлсийн худалдаанд маш их хэмжээний мөнгө эргэлддэг нь ойлгомжтой ч чухам хэр хэмжээтэй вэ гэдэг статистик мэдээ хаана ч байхгүй байна. Хятадаас эдгээр барааг авчирч зарж буй худалдаачидтай уулзахад ихэнхдээ 20 орчим хувийн ашиг олдог гэж ярьж байгаа бөгөөд үйлдвэрлэн борлуулагч үүнээс илүү ашиг олж буй нь мэдээж.
Манай аяныхан  анхны удаад Ээж модны орчмоос таван тэвш орчим хадаг цэвэрлээд орхисон. Бидний дараа Сэлэнгэ аймгийн Шаамар сумын  “Ундрагч” компанийнхан  “Амьд байгалиа хайрлая” аяныг дэмжин хорь гаруй тэвш хадаг яндар хогийн цэгт ачиж хүргэсэн гэж тус компанийн захирал Д.Соёлбаатар мэдээлж байсан. Хоёр дахь удаагаа бид таван тонн хадаг цэвэрлэсэн. Ганцхан Ээж модны орчимд гэхэд л арваад жилийн дотор ийм их хэмжээний хадгийг өргөл болгон үлдээжээ.
Гэтэл хамгийн хямдхан хадаг өнөөдөр Монголын зах зээл дээр 500 орчим төгрөгийн үнэтэй байна. Үүнийг тонн тонн хадганд шилжүүлэн бодвол ямар тоо гарах бол?  Монголын уудам нутгийн хаа сайгүй байгаа хадаг болоод бусад өргөлийн эд зүйлсийн нийт өртгийг тооцоолбол хэд гэсэн дүн гарах бол?
Энд бид янз бүрийн уул хайрханы тайлга тахилга, хутагт хувилгаан тодруулах, шинээр бөө болгох, суварга босгох зэрэг олон олон зан үйлийн цаана эдийн засгийн ямар хохирол гарч буйг огт дурссангүй. Монголчууд эдгээрт ямар их ач холбогдол өгч, хэр нүсэр хөл хөдөлгөөн болдгийг гаднын  нэг ч хүн төсөөлж чадахгүй. Яагаад гэвэл тэнд асар их мөнгө ямар ч учир утгагүй урсаж байдаг.
Хөрөнгө хүч урсгасан, цаг хугацаа үрсэн элдэв зан үйл, шашны хийрхэл, туйлшралаас монголчууд  оюун санааны төдийгүй экологи, эдийн засгийн асар их хохирол амсаж буйг түрүүч нь ухаарч алдаагаа засахын төлөө хичээж эхлээд байна.
Мухар сүсэг, байгаль дэлхийгээ хайрлан хүндлэхийн зааг ялгаа, хил хязгаар ч нэгэнт тодорхой болж эхлээд байна. Тийм болохоор шашны хийрхэл туйлшралын манан монголчуудын тархи оюунаас бага багаар сарнин арилах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *