Categories
мэдээ цаг-үе

Америкт амьдрах эрх буюу ногоон картны эзэд тодорч эхэллээ

АНУ-ын Төрийн Депар­таментаас жил бүр ногоон картны сугалааг зохион бай­гуулдаг билээ. Тэгвэл 2015 оны ногоон картны эзэд суга­лаагаар тодорч эхэлжээ. Одоо­гоор Монголоос хичнээн иргэн ногоон картны эзэн болсон талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм.
Учир нь дэлхийн бүх ор­ноос ногоон картны сугалаанд оролцогчдод Kentucky Consular Center буюу Америкийн Кентаки муж дахь консулын хэлтсээс нэг бүрчлэн дугаар олгодог юм байна. Ингээд сугалаа хүлээн авах хугацаа дууссаны дараа тавдугаар сарын 1-нд компьютерийн тусгай программаар са­нам­саргүй сонголт хийх зарчмаар азтанг тодруулдаг байна. Гэхдээ газар зүйн бүс бүрт эрх тэгш хожил өгөх бодлого баримталдаг аж. Монголчууд ч гэсэн 2000 оноос хойш ийм маягаар сугалаанд оролцож жил бүр дунджаар 200 орчим хүн Америкийг зорьж байна.
Тодруулбал, өнгөрсөн онд ногоон картны сугалаанд Монголын 20 мянга орчим иргэн оролцсоноос 186 иргэн ногоон карт хожсон бол 2012 онд 19 мянган иргэн оролцож 224 хүн ногоон картны эзэн болж байжээ. Гэхдээ эдгээр иргэдээс хичнээн хүн Америкт очсон талаарх тодорхой мэдээллийг АНУ-ын Төрийн Департаментаас гаргаагүй байгаа юм байна. Харин 2011 онд 27 мянга гаруй монголчууд сугалаанд оролцож 209 хүн ногоон картны эзэн болсон боловч 91 хүн Америкт очиж амьдарчээ. 2010 онд хамгийн их буюу 40 мянга гаруй хүн сугалаанд оролцсоноос 279 хүн ногоон картны эзэн болж 209 хүн Америкт очсон гэсэн мэдээлэл байна.

2015 оны ногоон кар­тын эрх хожсон иргэн Ц.Сайнбаяртай цөөн хором ярилцлаа.
-Ногоон картны эзэн бол­сонд баяр хүргэе. Суга­лаагаар сонгогдсоноо хэзээ мэдсэн бэ?
-Баярлалаа. Энэ сарын эхээр мэдсэн.
Дэлхийн олон мянган хүн энэ сугалаанд оролцож цөөхөн хүн л ногоон картны эзэн болдог гэсэн. Надад ийм сайхан аз тохиож байгаад маш их баяртай байна.
-Яаж мэдсэн бэ?
-Зуучлагч байгууллагаас мэдэгдсэн.
-Хаана бүртгүүлээд азтан болчихов?
-Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайн хажууд байдаг “ЭТХС”  ногоон карт гэсэн газар очиж бүртгүүлсэн. 30 мянган төгрөгийн хураамж төлсөн.
-Хэзээ бүртгүүлсэн бэ?
-Би ногоон картны сугалааны талаар сониноос уншсан юм. Тэгээд өнгөрсөн намар буюу аравдугаар сард гэр бүлийнхээ хамт очиж бүртгүүлсэн. Эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт.
-Сугалаанд бүртгүүлэхэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Ердөө гурван шаардлага тавьдаг юм билээ. Сугалаанд оролцохыг зөвшөөрсөн улсын иргэн байх, тодорхой шатны боловсрол эсвэл мэргэжлийн зэрэгтэй байх, өмнө нь гэмт хэрэгт холбогдоогүй байх шаардлагатай юм билээ. Мөн цагаачлалын визний бусад шалгуурт тэнцэхүйц байхыг шаарддаг.
-Хэзээ цагаачлалын визэндээ орох бол?
-Сайн мэдэхгүй байна. Би Азийн орноос сугалаа хожсон хүмүүсийн 110-д жагссан байсан. Тийм болохоор хурдан визэндээ орох байх. Ирэх аравдугаар сар гэхэд шийдэгдэх болов уу.
-Ногоон карт хожоод Америкт амьдрахаар очиход ямар нэгэн халамж, тэтгэмж олгох юм болов уу?
-Үгүй байх. Анх сугалаанд оролцох гээд бүртгүүлэхэд зуучлагч газар маань ажлын байр бэлэн, Америкт очиход чинь та бүхнийг бараг хүмүүс тосоод амьдрах байр савыг чинь хөнгөлөлттэй үнээр олж өгнө гэж байсан. Харин одоо болохоор үлдсэн асуудлыг өөрөө шийдэхээр болсон шүү гээд байгаа. Одоохондоо яах учраа олохгүй л байна. Сугалаагаар хожсон ногоон картынхаа эрхийг зардаг юм билүү гэж бодсон чинь тохирлыг Америктаа автоматаар сонгодог болохоор болдоггүй юм байна. Уг нь энэ сайхан боломжийг алдмааргүй явчих санаатай байгаа.
-Таны зуучилсан компани өмнө нь сугалаагаар иргэдийг АНУ руу гаргаж байсан юм болов уу?
-Миний мэдэх хоёр ч хүн уг нь энэ газраар дамжуулж бүртгүүлээд Америкт амьдарч байгаа юм билээ.
“ЭТХС” ХХК-ийн ажилтан С.Баярчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ногоон картны бүртгэлийг хэдийд авдаг вэ?
-АНУ-ын Төрийн Департаментаас Ногоон картын сугалаа буюу DV хөтөлбөрийн бүртгэлээ Дэлхий даяар хэзээ эхэлж хэзээ дуусахыг намар есдүгээр сард өдөр цагийг нь тодохой заан зарладаг. Сүүлийн жилүүдэд сугалааны бүртгэл 10 дугаар сарын турш ердөө 30 хоног явагддаг болсон. Жишээ нь, өнгөрсөн жил буюу 2013 онд сугалааны бүртгэл аравдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 2-ны  хооронд явагдсан.
-Ногоон картны сугалаанд бүртгүүлэхдээ юу, юу бүрдүүлэх вэ?
-Гэр бүлийн гишүүн бүрийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх аваагүй хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэгтэй. Мөн гэр бүлийн гишүүн бүрийн фото зураг хэрэгтэй. Зургийн хувьд 600х600 pixel нягтралтай, өнгө, фокус, контраст зэрэг нь шаардлага хангахуйц байх ёстой.
-Одоогийн байдлаар Монголоос хичнээн хүн ногоон карт хожсон байгаа бол?
-Сугалааны тохирол дуусаагүй байгаа. Одоогоор зөвхөн манайд бүртгүүлсэн иргэдийн 20 орчим хүн ногоон картны эзнээр тодроод байгаа. Нарийвчилсан тоон үзүүлэлтийг оны эцэст дараа оны бүртгэлийн хамт зарладаг.
-Ногоон карт сугалсан тохиолдолд ямар боломжууд хүлээж байгаа вэ?
-АНУ-ын байнгын оршин суугчийн эрх хожсон хүн сонгуульд оролцохгүй, зарим нэг цөөн тооны албан тушаалд ажиллаж болохгүйгээс бусдаар америк иргэн шиг л амьдрах эрхтэй байдаг. Нэгэнт хууль ёсоор амьдрах эрхтэй тул эрүүл мэндийн даатгал, өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэлэг, нийгмийн бусад халамж үйлчилгээнд бүрэн хамрагдана.
Уг хүн өөрөө англи хэл сайтай, өндөр боловс­ролтой бол нэр хvндтэй байгууллагад ажиллах боломж нээлттэй гэсэн үг. Англи хэл муутай ч гэсэн хууль ёсны баримт бичигтэй тул ажил олдох магадлал өндөр. Ногоон карттай болон АНУ-ын иргэний АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцах зардал гадаад оюутныхаас 2-10 дахин хямд байдаг. Хүсвэл тодорхой хугацааны дараа АНУ-ын иргэн болж болдог, иргэн болсон тохиолдолд эцэг, эхийгээ болон 21-ээс доош насны гэрлээгүй дүүгээ Ногоон карттай болгож болдог.
-Амьдрах байр, ажил төрөл нь бэлэн байдаг уу?
АНУ-д хууль ёсоор амьдрах эрхийг нь өгдөг болохоос байр сууцаар хангаж ажил олгодоггүй. Харин ажил төрөлд ортлоо ядуурлын түвшнээс доогуур амьдралтай америк иргэдийн адил хоолны талоноор үйлчлүүлж, ам бүлийн тоогоор зохих мөнгөн тэтгэлэг авдаг.
-Ногоон картны хүчин­тэй хугацаа гэж байдаг уу?
-Энэхүү бичиг баримт нь насан туршдаа, хууль ёсоор байнга оршин суух эрхтэй гэсэн баталгаа юм.
-Ер нь сугалаанд хичнээн хүн хамрагддаг вэ?
-Дэлхий даяар жилдээ 20 орчим сая хүн энэхүү арга хэмжээнд оролцдог. Тиймээс үүнээс сонгогдоод гараад ирнэ гэдэг нь тун ховор боломж юм.
-Ногоон картны сугалааг жил бүр эсвэл хоёр жил тутам явуулдаг уу?
Жил болгон оны эцсээр ердөө 30 хоногийн хугацаанд бүртгэлээ аваад зарласан хугацаандаа хаадаг.
-Монголд ногоон картны сугалааг явуулдаг албан ёсны эрхтэй хичнээн газар үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Бүртгэлийг хийх эрх авна гэсэн ойлголт байдаггүй, өөрөөр хэлбэл албан ёсны байгууллага гэж байдаггүй гэсэн үг. Харин бүртгэл хийх чадварын асуудал гэж байдаг. Интернэт орчин, фото зургийн файл дээр ажиллаж чаддаг байх ёстой. Англи хэлтэй бол тухайн хүн өөрөө ч АНУ-ын төрийн Департаментын вэб сайт руу хандаад өргөдлөө явуулж болно.
-Ногоон картны эзэн хэдийд Америк явдаг вэ?
-Үндсэндээ энэхүү хөтөлбөр нь хоёр жилийн өмнөөс бүртгэлээ авч дараа оных нь хавар тавдугаар сард тохирлоо зарладаг. Хожсоны дараахь шатны заавраа  хариуцлагатайгаар дагаж мөрдөнө. Хожлын тухай мэдсэнээсээ хойш нэг жилийн хугацаанд визний ярилцлагад орж явдаг.
Ногоон картны сугалаанд  дэлхийн ихэнх орны иргэд оролцох боломжтой юм байна. Гэхдээ Хятад, Энэтхэг, Пакистан, Филиппин, Өмнөд Солонгос, Вьетнам зэрэг улс орнууд ногоон картны сугалаанаас хасагджээ. Мөн Канад, Мексик улсууд хасагдсан байна. Учир нь ногоон картаар нэг улсаас 50 мянгаас дээш иргэн сүүлийн таван жилд амьдарч байгаа тохиолдолд хасагддаг аж. Ногоон карт нь АНУ-д төлөөлөл харьцангуй бага улс орнуудын дунд сугалаа явуулж олгодог виз юм байна. Мөн АНУ-ын иргэний батлан даалт, өргөдөл шаарддаггүйгээрээ давуу талтай гэж бүртгэл хийдэг компанийнхан ярьж байв.
Сүүлийн үед ногоон картны сугалаанд оролцох монгол иргэдийн тоо багасчээ. Энэ нь иргэдийн дунд гарсан цуу яриатай холбоотой аж.
Учир нь иргэдийн дунд энэхүү сугалаанд оролц­соноор АНУ-ын бусад визэнд өргөдөл гаргах боломжгүй болдог гэсэн  мэдээлэлтэй холбоотой гэсэн. Түүнчлэн ногоон карт хожиж буй хүмүү­сийн тэн хагас нь ногоон карт гар­даж, АНУ-ыг зорьж бай­гаа нь зуучилж буй байгууллагатай холбоотой аж. Хүмүүс өөрөө болон зуучлагч байгууллагаар бүртгүүлэхдээ бүртгэлийн маягт болон цээж зур­гийг шаард­лагын дагуу оруул­даггүй, сугалаа хожсон эсэхийг бүртгүүлсэн хүмүүст эргэж мэдээлдэггүйгээс хүмүүс хожсоноо мэдэхгүй өнгөрөх явдал гардаг бай­на. Мөн хожсоноо мэдсэн ч дараа дараагийн бичиг баримтын ажлыг буруу, дутуу хийж явуулснаар ногоон картаа авах боломжийг алддаг гэнэ. Гэхдээ ногоон карт хожсон хүмүүст АНУ-ын Засгийн газар ямар нэгэн тэтгэмж олгохгүй гэсэн хариулт өгдөг байна. Учир нь ногоон картаар ирсэн хүмүүст шууд ажил, байр өгдөг гэсэн ташаа ойлголт Африк, Азийн орнуудад маш их байдаг аж. Гэхдээ ногоон карт хожиж АНУ-д хүүхэдтэйгээ ирсэн ихэнх гэр бүлүүд эхний ээлжинд төрөл бүрийн тэтгэлэг авдаг, тодруулбал байр, хоолны хөнгөлөлт, хүүхдийн эрүүл мэндийн даатгал зэрэгт хамрагддаг юм байна. Дашрамд дурдахад 2016 оны ногоон картны сугалааны бүртгэл эхэлжээ.
Ногоон картанд http://www.dvlottery.state.gov/application.aspx гэсэн хаягаар үнэгүй бүртгүүлэх боломжтой аж.
Дэлхийн аль ч улсад оршин суугаа Монгол Улсын иргэд энэ сугалаанд оролцох бүрэн эрхтэй гэнэ. Бүртгэлийг нэг хүн дээр, нэгээс дээш удаа хийвэл автоматаар хасагддаг байна. Бүртгүүлж байгаа хүн нь хамгийн багадаа бүрэн дунд боловсролтой байна.  
Шаардлагатай зургууд хавсаргагдаагүй тохиолдолд бүртгэл хүчингүй болох нь.  

Д.ДАВААСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *