Categories
мэдээ нийгэм

Төгсөлтийн баярыг архигүй тэмдэглэхийг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга “Төгсөлтийн баярын үеэр авах зохион байгуулалтын арга хэмжээний тухай”  А/375 дугаар захирамж  гаргаж, нэгдсэн байдлаар зохицуулалт хийхээр боллоо.

 Захирамжаар нийслэлийн хэмжээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах   тухай” 232 дугаар тушаалыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар, дүүргийн  Засаг дарга нарт үүрэг болголоо.

 Оюутан, сурагчдыг архидан согтуурах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан  сэргийлэх чиглэлээр үр дүнтэй ажлыг зохион байгуулж, машинт болон явган  эргүүлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийг нийслэлийн Цагдаагийн газарт даалгалаа.

 Нийслэлийн хэмжээнд төгсөлтийн баярыг их, дээд сургуулиудад “Архигүй”, ерөнхий боловсролын сургуулиудад “Эрдмийн баяр” болгон тэмдэглэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Боловсролын газар, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.

Мөн төгсөлтийн баярыг зохион байгуулах нэрийдлээр эцэг эхчүүдээс мөнгө хурааж авсан болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас архидан согтуурч,  гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд сургуулийн захирал, удирдлагуудад хариуцлага тооцохыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг өглөө.

 Харин оюутан, сурагчдыг болзошгүй аюул, осол, гэмтлээс сэргийлэх чиглэлээр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, “Монголын Оюутны холбоо”, “Монголын  Сурагчдын холбоо”  зэрэг  байгууллагуудтай   хамтран зочид буудал болон  хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазад шалгалт хийж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газарт үүрэг болголоо.

 Их дээд сургуулийн оюутнуудын төгсөлтийн баярыг архи согтууруулах ундаагүйгээр зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Монголын Оюутны  холбоотой хамтран нэгдсэн журмаар зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг  Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, арга  хэмжээний үеэр хэв журам сахиулж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар даалгасан байна.

Төгсөлтийн баярын үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д төгсөгчдийн нэрэмжит мод суулгах газрыг тусгайлан гаргаж, ногоон төгөл, эко орчин  бүрдүүлэхийг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа, их, дээд сургууль болон коллеж, ерөнхий боловсролын сургуулийн  захирлуудад үүрэгдлээ.

 Мөн энэ захирамжаар нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон хотын ойролцоох ногоон бүсэд орших амралтын газар, жуулчны баазын удирдлагуудад  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, Архидан  согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг  анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *