Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУТИС энэ жил босго оноогоо мэргэжлээс нь шалтгаалж ялгаатай тогтооно

ШУТИС-ийн ректор Б.Очирбаттай ярилцлаа. 

-ШУТИС бакалаврын 137 мэргэжлээ дал орчим болгож цөөлөх нь гэсэн мэдээлэл сонсогдсон.  Яамнаас мэргэжлийн чиглэлийг олон улсын ангиллын дагуу өөрчилж байгаа гэсэн тайлбар хэлж байна. Танай сургуулийг сонирхож байгаа сурагчдын дунд харин  элсэгчдийнхээ тоог багасах вий гэсэн болгоомжлол байна?

-Элсэгчдийн тоо өмнөх жилийнхээс өөрчлөгдөхгүй.  Инженерийн мэргэжлийн учир утгыг мэдэхгүй хүүхдүүдийг  “чи газрын тосны тээвэрлэлтийн инженер шүү” гэж шууд элсүүлэхгүй л гэсэн үг. Өмнө нь газрын тосны чиглэлээр  гэхэд л газрын тосны өрөмдлөг, газрын тосны олборлолт, газрын тосны хадгалалт, хийн дамжуулалт зэрэг маш олон мэргэжил байсан юм. Харин энэ жилээс зөвхөн газрын тосны инженер гэсэн хөтөлбөрөөр  элсүүлнэ. Оюутнууд эхний хоёр жилдээ багцын сургалтад хамрагдана. Хөтөлбөрийнхөө учир утгыг ойлгосныхоо дараа мэргэжлээ сонгоно гэсэн үг. Бакалавраас цааш магистр, докторт суралцахыг хүсвэл мэргэжлээ илүү нарийсгаж суралцах боломж нээлттэй. Манай сургуулийн  төгсөгчдийн ажил эрхлэлт  бусад сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр ч өмнө байснаасаа арав гаруй хувиар буурсан. Бизнесмэнүүд “Танай төг­сөгч-дийг үйлдвэрлэл дээр ажиллуулахад давтан сургаж илүү зардал гаргаж байна” гэсэн шүүмжлэл хэлдэг. Гол шалтгаан нь мэргэжлүүдийг бакалаврын түвшинд хэт нарийс¬гасантай холбоотой. Хэт нарийн мэргэжлээр төгс¬гөчихөөр зах зээл дээр гараад ажил эрхлэх чадвар, хөрвөх чадвар нь  муудаж байна л даа. Зарим мэргэжлээр бүр элсэлт авахгүй байгаа тохиолдол ч бий.  Мэргэжлүүд хэт нарийсах хэрээр  бүрэлдэхүүн сургууль, профессорын баг, тэнхимүүд  олширч профессор багш нарын хүч тарамдал ч үүсссэн.  Харин энэ жил хийх гэж байгаа өөрчлөлт миний саяын хэлсэн асуудлуудыг шийднэ. Сургалтын чанарт эерэгээр нөлөөлж инженерүүдийг дэлхийн түвшинд бэлдэх том суурь болж байгаагаараа давуу талтай.  

-Энэ жил хүүхдүүдийг багц мэргэжлээр элсүүлнэ гэдгээ  тодруулж тайлбарлаач?

-Хэдийгээр дал орчим мэргэжлийн хөтөлбөр, индексийн дагуу элсэлтийг зохион байгуулахаар болсон ч дотор нь 24 багц болгож хуваагаад байна.  Элсэлтийг энэ дагуу зохион байгуулна гэсэн үг. Хүүхдүүд  эхлээд багцаар элсэж ороод гурав, дөрвөн семестр суралцсаны дараа мэргэжлээ дахин нарийвчилж сонгоно. Жишээ нь дизайн гэдэг мэргэжлээр багцалж сонгочихоод дараа нь хувцас, үйлдвэрлэлийн, график дизайны  гээд олон хувилбарын аль нэгийг нь сонгох юм. Дулааны инженер гэсэн багц мэргэжлээр элсэж ороод хэдэн семестр сурсны дараа цахилгаан дулааны инженер, сэргээгдэх эрчим хүчний гээд аль нэг мэргэжлийг нь сонгоно гэсэн үг. Ингэж багцаар суралцсанаар бакалаврын суурь түвшний хичээлүүд ерөнхий бөгөөд илүү чанартай болно. 

-Таны ярианаас инженерийн мэргэжлээр магистрын түвшинд илүү нарийвчилж суралцах нь гэж ойлголоо. Тэгэхээр бакалаврын түвшинд төгссөн хүнийг төгс инженерт тооцохгүй нь ээ?

-Тэгж ойлгож болно.  Бакалаврын түвшний хувьд аль болох ерөнхий мэргэжлүүдээр бэлтгэнэ. Суурь мэдлэгээ авсаны дараа  илүү нарийсгасан мэргэжлээр гүнзгийрүүлж суралцах юм. Магистр, докторын түвшний мэргэжлийн чиглэлийг БШУЯ зургадугаар сард эцэслэн батлах учиртай. Манай сургуулийн хувьд яаманд саналаа хүргүүлэхээр бэлдэж байна

-Мэргэжлүүдийг ингээд багцалчихаар  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын тоо  цөөрнө гэсэн үг үү?

-Тэгнэ. Бакалаврын хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн онд баталсан мэргэжлийн чиглэл кодонд хөрвүүлэхээр 137 мэргэжлийн нэр дал орчим болж байгаа. Үүнийгээ  мэргэжлийн ерөнхий ангиллаар нь бүлэглээд харахаар манай сургууль найман бүлэг мэргэжлээр инженер техникийн ажилтнуудаа бэлддэг юм байна. Найман чиглэлээр бүрэлдэхүүн сургуультай байж болох юм гэдэг дээр санал нэгдээд байна. ШУТИС өмнө нь Улаанбаатарт  14 бүрэлдэхүүн сургуультай байсан бол ирэх хичээлийн жилээс найм болно гэсэн үг.  Дархан, Эрдэнэтийн салбар сургууль хэвээрээ ажиллана. Гэхдээ бусад шигээ  сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдэнэ. 

-Сургуулиудыг нэгтгэх маягаар шийдэв үү, эсвэл зарим сургууль нь бүр татан буугдаж байна уу?

-Одоо хийх бүтцийн энэ өөрчлөлтөд бүх бүрэлдэхүүн сургууль хамрагдана. Нэг хэсэг нь өөрчлөгдөөд нөгөө хэсэг нь  хэвээрээ үлдэнэ гэж байхгүй. Бүх сургуулийг шинээр зохион байгуулна. Мэргэжлийн чиглэлүүдээр нь профессорын баг тэнхимүүдийг дахин шинээр зохион байгуулах юм. Мэдээллийн технологийн чиглэлийн профессорын баг тэнхим, сургалтын хөтөлбөрүүд нэг сургууль дээр төвлөрнө гэсэн үг. Мэргэжлийн чиглэлээр нь нэгтгэж байна гээд ойлгочихож болно. Түүнээс биш байсан сургуулийг ор мөргүй татан буулгах асуудал байхгүй.  Одоо хоёр тусдаа байгаа геологи уул уурхайн чиглэлийн хөтөлбөр гэхэд нэг сургууль дээр төвлөрнө. 

-Сургуулиудыг нэгтгэх бүтцийн өөрчлөлт хэзээнээс ажил болох вэ, сургуулиудын нэр тодорхой болсон уу?

-Удирдах зөвлөл энэ өөрчлөлтийг дэмжсэн шийдвэр гаргасан болохоор ирэх долдугаар сарын 1-нээс  шинэ бүтэц зохион байгуулалтад шилжчих байх. Шинээр зохион байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиудын нэр тодорхой болоогүй.  Олон улсын жишигт нийцсэн нэр өгнө.  Манай сургууль шинэ хичээлийн жилээс шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж, сургалтын шинэ хөтөлбөрүүдээр элсэлтээ авна. 

-Та сая сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ гэж ярилаа. Энэ шинэчлэл одоо суралцаж байгаа оюутнуудад хамаатай юу?

-Шинээр элсэх оюутнууд ирэх хичээлийн жилээс шинэ хөтөлбөрийн дагуу суралцана. Өнөөдөр суралцаж байгаа оюутнуудад хамаарахгүй. Тэд  өнөөдөр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу үргэлжлүүлэн суралцаад төгсөнө. 

-Оюутнуудаа онлайнаар элсүүлэх үү, эсвэл өөр хувилбар бий юу?

-Манай сургууль сүүлийн хоёроос гурван жилд элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо  онлайнаар хийж хэвшсэн. Энэ жил ч элсэгчдээ онлайнаар бүртгэнэ.  Элсэлтийн хяналтын тооны хувьд 6045 оюутан элсүүлэх саналаа яаманд өгсөн. 

-ШУТИС-ийн  дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж хоёр дипломтой төгсөх сонирхол хүүхдүүдэд их байдаг.  Ирэх хичээлийн жилийн хувьд танай сургууль дэлхийн ямар сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх вэ? 

-Сая миний хэлсэн 6045 элсэгчийн 375 нь хамтарсан хөтөлбөрөөр сурах оюутнууд. Хоёр жил эндээ сураад,  дараагийн хоёр жил нь гадаадын их сургуульд суралцаж хоёр дипломтой төгсдөг учраас энэ хөтөлбөрт хамрагдах сонирхол өндөр байдаг л даа. ШУТИС дэлхийн олон сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шанхайн шинжлэх ухаан технологийн сургууль дээр гэхэд л эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэдэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрөөр элсэлт авч байна. Тайванийн үндэсний их сургуультай бизнесийн удирдлага, Тайванийн технологийн сургуультай хувцасны дизайн үйлдвэрлэлийн дизайн, Японы Нийгатагийн технологийн сургуультай машин үйлдвэрлэх технологиор элсэлт авна.  АНУ, Германтай уул уурхайн чиглэлээр, Энэтхэгтэй мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр гэх мэт хөтөлбөрүүдийг дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлнэ. 

-Босго оноог мэргэжлээс нь шалтгаалж ялгаатай тогтооно гэл үү?

-Энэ жил босго оноогоо шинэчилж батална. Босго оноог мэргэжлүүдээс нь шалтгаалж  ялгаатай тогтоож өгнө. Өмнө нь манай сургууль 440  юм уу, 500 гэсэн босго оноог бүх мэргэжил дээрээ адилхан тогтоож өгдөг байсан. Энэ жилээс тэгэхгүй. Эрэлт ихтэй, инженерийн чигийн нарийн мэргэжлүүд дээр элсэлтийн шалгалтын босго оноог өндөр тавих санал гаргасан. Тэгэхээр манай сургуулийн энэ жилийн босго оноо 450-600-гийн хооронд мэргэжлүүдээрээ ялгаатай байна гээд ойлгочихож болно. Барилга, уул уурхай, эрчим хүчний инженер гэх мэт нарийн хөтөлбөрүүд дээр нэлээд өндөр босго оноо тавигдана. Энэ чигийн мэдээллийг манай  сургуулийн вэб сайтаас харах боломжтой. Мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийн индексийг бүх их сургуулиудад баталсан байгаа.  Манайд хамааралтай дал орчим мэргэжлийн чиглэлийг яамны сайтаас харж болно. 

-Сургалтыг орчин үеийн стандартын дагуу шинэчилнэ гэхээр багш нь лекц уншиж, оюутнууд нь бичиж тэмдэглээд эргэж шалгуулдаг өнөөгийн орчин өөрчлөгдөх байх. Сургалт дээр жишээ нь яг ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Манай сургууль олон улсын инженерийн боловсролд тавигддаг стандарт шаардлагуудад ойртохын төлөө ажиллаж эхэлсэн. Гарсан үр дүн ч бий. Цаашид ч сургалтаа дэлхийн стандартад илүү ойртуулахын төлөө ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.  Сургалтын технологийн өөрчлөлт бол зайлшгүй хийхээс аргагүй зүйл. Мэдээлэл харилцаа холбооны технологи хүчтэй хөгжсөн энэ үед оюутнуудад мэдлэг болгож өгдөг мэдээлэл нь  интернэтэд байна. Тэр мэдээллийг хэрхэн мэдлэг, ур чадвар болгож оюутнууддаа өгөх вэ гэдэг асуудал их сургуулийн өмнө тавигдаж эхэллээ. Өмнө нь  лекц л танхимын гол хичээл байсан бол энэ цагт ач холбогдол нь буурсан гэдэгтэй санал нэг байна. Тэгэхээр лекцийн сургалтыг  мэдээлэл харилцаа холбооны технологид суурилж яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдаж таарна. Лекцийн хичээл дээр өгдөг  мэдээллүүдийг нийт оюутнууддаа авч болохуйц ил, нээлттэй болгох тал дээр тодорхой ажлууд эхэлсэн. Оюутнууд тэндээс хэрэгтэй, сонирхолтой гэснээ өөрсдөө үзэж судлаад танхимд ирж багш нартайгаа ярилцдаг, багш нар нь зөвлөж, чиглүүлж, дэмжиж өгдөг арга хэлбэр рүү хүссэн ч эс хүссэн ч шилжих цаг болсон.

 -Оюутнууд хичээлээ онлайнаар судлаад багштайгаа санаа бодлоо солилцож, сонирхсоноо асууж тодруулах маягаар хичээл өрнөх нь гэж ойлголоо. Ирэх есдүгээр сард  энэ чиг рүү орж амжих уу?

-Энэ хичээлийн жилээс зарим курсүүдийг ийм хэлбэрт шилжүүлнэ гэж бэлтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд электрон хичээлүүдийг олноор нь бэлдсэн. Оюутнууддаа хүргэх асуудал л бий. 

-Сургалтаа чанаржуулах хэрээр зардал нь өндөр гарах нь тодорхой. Их сургуулиудын хувьд санхүүгийн гол эх үүсвэр нь сургалтын төлбөр. Тэгэхээр сургалтын төлбөр дээр ч өөрчлөлт гарч таарах байх?

-Сургалтын төлбөрийн асуудлыг эцэслэж яриагүй байна. Шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Бидний зүгээс  тодорхой саналууд боловсруулж байгаа. Инженер техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд өндөр зардал гардаг. Энэ талаас нь харахаар манай сургалтын төлбөр харьцангуй доогуур түвшинд байгаа. ШУТИС төрийн өмчит их сургууль гэдэг үүднээсээ иргэдийн амьдрал, боломж нөхцөлийг бодолцож сургалтын төлбөрөө тогтоосоор ирсэн. Инфляцийн түвшинг харгалзаж  бага багаар буюу  арав, 15 хувиар нэмэгдүүлж ирсэн л дээ. Өнөөдрийн хувьд арай өөрөөр харъя гэж бодож байгаа. Бид хэнийг бэлдэж байна вэ, бидний бэлдсэн мэргэжилтнүүд хэр эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг элсэлтээсээ эхлээд харах ёстой юм байна. Тухайн мэргэжилтнийг бэлдэхэд хэчнээн хэмжээний зардал гарч байгааг бодитойгоор тооцохоос аргагүй юм байна. Ингээд бодохоор сургалтын төлбөрийг ШУТИС-ийн хэмжээнд нэг адил байхаар тооцож болохгүй гэсэн үг. Өнөөдрийн хувьд  нэг кредитийн үнэлгээ гээд бүгдийг нь жигд тогтоочихсон явж байгаа. Энэ жилээс мэргэжил тус бүрээр нь  ялгавартай тогтоох оролдлогыг хийж эхлэхээр судалгаа явуулж байна.  Сургалтын төлбөрийг илүү бодитойгоор тогтооё гэсэн чиг рүү явж байгаа. Өнөөдөр манай сургуулийг зарим мэргэжлээр төгссөн хүмүүс ажил дээр гарч гурван сар ажиллаж цалингаа  аваад л бүтэн дөрвөн жил төлсөн сургалтын төлбөрөө олчихож байна. Энэ бол төлбөрийг бодитойгоор тогтоох, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх чигийн өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулсан наад захын жишээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *