Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 сарын үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улиралд байдаг. Манай улсад Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачгийн 71 байгалийн голомт байдгийг судлаачид тогтоосон.
Хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй. Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой.
Өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт:
Хачигт халдвараас сэргийлэх үндсэн арга нь хачгаас зайлсхийх, хачигт хазуулахгүй байх юм. Хачигтай газар явах үед биед хачиг орохооргүй битүү, гялгар гадаргуутай, тод өнгийн хувцас, түрийтэй гутал, малгай, алчуур хэрэглэх нь зүйтэй.
Ой, хээр, малд явахдаа өөртөө болон өөр хоорондоо ялангуяа толгой хэсэгт үзлэг хийж, хувцас, биед наалдсан хачгийг гөвж унагах, авч хаях хэрэгтэй.
Үргээгч бэлдмэл хэрэглэх: түрхлэг, тос, аэрозоль г.м
Биед шигдсэн хачгийг зөв авах. Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос эсвэл 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна. Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож 2 үзүүрийг хачгийн ил хэсгийн 2 талд үлдээнэ. Утасны 2 үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.
Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ.
Голомттой газарт явахдаа мал, амьтаны түүхий сүү уухгүй байх, махыг сайтар боловсруулж хэрэглэх, гөрөөс ямааны цус уухгүй байх
Өвөрмөц урьдчилан сэргийлэлт:
– Хачигт энцефалитийн эсрэг вакциныг Зоонозын өвчин судлалын төвд хийдэг.
– Хачигт хазуулсан тохиолдолд антибиотик эмчилгээг урьдчилан сэргийлэх журмаар 5-7 хоногийн туршид эмчийн хяналтан дор хийлгэнэ.
Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.