Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-аас 2009 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Хуульд заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн. Ингэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид техник технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодлогын хувьд дэмжсэн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлсэн бодит дэмжлэг болсон юм. Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой. Түүнчлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, гадагшаа урсах валютын урсгалыг багасгах юм.