Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Налайх дүүрэг дэх Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн хичээлийн байрны өмнө мод тарьсныхаа дараа тус сургуультай танилцав. Ашигт малтмал, технологийн их сургуулийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел нарын санаачлагаар байгуулж, анхны хичээлийн жилдээ оюутан сургаж байгаа юм.
Тус сургуулийг байгуулах баримт бичгийг анх 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелийг Монголд айлчлахад үзэглэж байсан бол өдгөө ажил хэрэг болж хичээлийн байр, дотуур байр, үйлчилгээний төвтэй сургалтын том төв байгуулагджээ. Ингэснээр өмнө нь ХБНГУ-д оюутан сургаж эзэмшүүлдэг байсан инженер, техникийн мэргэжлийг Монголдоо сургаж, сайн технологи, сайн мэргэжлийг Монголдоо нэвтрүүлэх гүүртэй болсон байна. Канцлерын айлчлалын үеэр мөн Монгол-Герман хоёр улс ашигт малтмалын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж байсныг дурдаж байв.
Сургуультай танилцах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж“Ашигт малтмалаа монголчууд ашиглая гэвэл дотооддоо бэлтгэсэн өөрийн боловсон хүчнийг үйлдвэр, уурхай дээр ажиллуулдаг болъё гэсэн санаачлагаар тус сургуулийг байгуулсан. Сургууль байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байна. Цаашдаа энд судалгааны төв, лабораторитой, багш, оюутнууд эндээ амьдардаг цогцолбор, хотхон болох ёстой. Нийслэл болоод Налайх дүүргийн зүгээс газрын асуудлыг нь шийдэх шаардлагатай байгаа. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркелд энэ санаачлагыг дэмжиж, хамтарсанд талархаж байгааг минь герман багш нар дамжуулж өгөөрэй” гэлээ. Энэ үеэр дэлхий дээр инженерийн чиглэлээр гардаг дөрвөн ном тутмын нэг нь герман хэл дээр гардгийг онцолж байв.
Ерөнхийлөгч химийн лабораторийг үзэж сонирхох үеэрээ “Монголын хамгийн том баялаг бол хүрэн нүүрс юм. Үүнийг түүхийгээр нь гадагш зөөж гаргахад сайн үнэ хүрдэггүй. Зөвхөн коксжсон нүүрс авна гэдэг. Хүрэн нүүрсээ дотооддоо боловсруулъя гэвэл нүүрс-химийн асар том аж үйлдвэр хэрэгтэй. Тэгэхийн тулд 1970-80 оны үед бэлтгэгдсэн инженерүүдээ дахин сургалтад хамруулаад энэ үйл ажиллагаанд оруулах бүрэн боломжтой. Цаашдаа Монголд инженер техникийн ажилтнуудын хэрэгцээ өснө. 1990 оноос хойш болон одоо бэлтгэж байгаа мэргэжилтнүүдээ сайн боловсруулаад ажиллуулах хэрэгтэй. Дэлхийн хамгийн шилдэг 100 их сургуульд оюутан сургадаг, түүний эхний 20-д элсвэл тэтгэлэг өгдөг болсон. Энэ жил эхний 20-д 100 оюутан тэнцсэн байна. Санхүүжилтийг эхнээс нь хийгээд явж байна. Инженер, байгалийн шинжлэлийн чиглэлийн оюутны тоо нэмэгджээ. Энэ бол зөв хандлага юм.
Монгол Улсад инженерийн шинэ эрин үе эхэллээ гэж зарлаж болно. Монголчууд шинэ бүтээн байгуулалт, шинэ үйлдвэрлэл хийдэг болох гэж байна. Үүнд инженерүүд, шинжлэх ухааны лабораториуд, судалгааны ажил хэрэгтэй. Үүнийгээ бид дэмжихгүйгээр цаашаа явахгүй. Сургалт, судалгааг аж ахуйн нэгж, бизнестэй холбох хэрэгтэй. Үйлдвэрүүдийг их сургуулиудтай уялдуулах хэрэгтэй. Дэлхийд явж ирсэн зөв загвараар цаашаа хөгжих хэрэгтэй. Монголд газар нутгийн боломж байна. Инженерийн эрин үе рүү анхаарах боломж бүрдэж байна. Японд 3000 инженер бэлтгэнэ гэж байгаа. Тэдний эхний хоёр жилийн сургалтыг Монголдоо хийгээд Японд дадлага, гүнзгийрүүлсэн мэдлэгийг олгож болно. Дунд сургууль төгсөгчдийг хоёр жил үйлдвэр дээр дадлагажуулаад дараа нь онолыг заадаг чиглэлээр сургалт, судалгаа хийе. Энэ боломж улам цаашаа өргөжих боломжтой” гэлээ.
Зөвхөн нийслэлд сургуулиудыг төвлөрүүлэх бус, алслагдсан дүүрэг, аймгуудад сургалтын төвүүдийг барьж өргөжүүлэх хэрэгтэй байгааг Ерөнхийлөгч онцолж байв. Бусад зарим улс оронтой тус сургуулийн нэгэн адил орчин үеийн сургуулиудыг барих талаар хэлэлцэж байгаа юм байна. Төсөл сайн хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн талархал илэрхийллээ.