Categories
мэдээ нийгэм

Хүн гүтгэхээс өөрийг хийж болохгүй хуультай Монголын сэтгүүлчид турж үхэх үү

Ардчилсан нам
засаг барьснаас хойш Монголын чөлөөт хэвлэл рүү өдөр бүр довтолж байна. Тэд чөлөөт
хэвлэлийн оршин тогтнох гол үндэс болсон эдийн засгаар нь боомилж авахаар бодлого
үйл ажиллагаагаа чиглүүлжээ. Эрх баригчид чөлөөт хэвлэл болох сонин, телевиз, сайтуудыг
реклам хийж болохгүй, төлбөртэй нийтлэл нэвтрүүлэг байж болохгүй, хөрөнгө оруулж
болохгүй, хэвлэл мэдээллийн эзэд редакцидаа орж болохгүй, редакци нь компаниасаа
тусдаа байх ёстой (санхүүжилт нь хаанаас байх нь тодорхойгүй), сэтгүүлчид редакциасаа
хувь эзэмшиж болохгүй гэх мэтийн заалтуудыг
гарч байгаа болон гарах гэж байгаа хуулиуддаа суулгаж өгч байна. Ерөөсөө
сэтгүүл зүй мөнгө олж болохгүй гэж өдөр бүр улиглах юм. УИХ нь ч, Засгийн газар нь ч хэвлэлийн бизнесийг мөнгө олж
болохгүй гэцгээх болж. Хамгийн сүүлд өнгөрсөн
лхагва гаригт төр засгийн үйл ажиллагааг сурталчлах гэж мөнгө авч болохгүй
гэсэн заалт орууллаа. Яам тамгын газрын
үйл ажиллагааг сурталчилж, сайдын мэндчилгээ тавиад сэтгүүлч таван төгрөг олдог
байсан тэр өнгөрөв бололтой. Ингэж Монголын сэтгүүлчдийн амыг энэ төр засаг арчлаа.

Редакцийн хараат
бус байдлыг хангах гол зүйл нь эдийн засгийн хувьд бие даасан байх явдал. Хэрэв хэвлэл мэдээлэл эдийн засгийн
хувьд бие даасан байж чадахгүй бол улстөрчдийн болон хэн нэгэн мөнгөтэй хүмүүсийн
хараат болох биш үү. Хэвлэлийн гол санхүүжилт реклам, зар сурталчилгаа, зар сурталчилгааны
чиглэлтэй мэдээлэл байдаг. Мөн дээр нь төр
засгийн ажил үйлчилгээний талаарх төлбөрт мэдээ мэдээллүүд байдаг.

Ойрын үед нэг
мэдээлэл байнга явах болсон. Хэвлэлүүдтэй
860 сая төгрөгийн хаалтын гэрээ хийлээ гэж. Амтай болгон ингэж шуугилаа. Твиттер, фэйсбүүк,
сайтуудаар өдөр бүр энэ талаар бичиж сурталчилсан. Гэтэл энэ нь
төр засгийн мэдээ мэдээллийг мөнгөөр нийтэлж болохгүй гэсэн заалт оруулах гэсэн тархи угаалт байсан юм байна. Даанч тийм байх аа. Нээрэн өгөх юм байх гэж горьдож
байсныг яана. Ийм хэмжээний мөнгө хэзээ хаана, хэнд өгчихсөн юм. Сурталчлуулахаар
өгсөн бол сайн л юм биш үү. Гэвч энэ хэлээд байгаа мөнгийг авсан нэг ч редакци байхгүй. Мэдээ мэдээлэл өөрөө тодорхой үнэ өртөгтэй байдаг.
Түүнийг нь төлөөд мэдээ мэдээллээ гаргадаг нь энэ дэлхийн жишиг юм. Тэгвэл яагаад
Монголын төр засаг мэдээ мэдээллээ үнэ өртөгтэй
тавьж нийтэлж болдоггүй юм бэ.

Яагаад төр засгийнхан
та нар хэвлэлд ийм хонзонтой байдаг юм. Ардчиллын
гол зарчим болсон чөлөөт хэвлэл чинь мөнгөтэй бол хөгжих юм биш үү. Парламентаар
өчигдөр хэлэлцэж байгаа аясыг харахад гишүүдийн увайгүй байдал тод харагдаж байна
лээ. Гишүүн Л.Цог “Эрдэнэтэд нэр дэвшихэд
10 сая төгрөг нэхсэн” гэж ирээд л “Чөтгөр гэж байдаг юм билээ. Би харсан” гэдэг
шиг л гайхаж ирээд л ярьсан. Эрдэнэтэд
10 сая төгрөг нэхэх ямар хэвлэл байх вэ дээ.
Хэн ч үнэмшмээргүй юм ярих. Хаалтын гэрээ хийж болохгүй гэж хуулийн заалт оруулж
ирээд байгаа Ц.Оюунбаатар гишүүн Татварын ерөнхий газрын дарга байхдаа “Татварын
талаархи сайн муу юм алийг ч бичихгүй байгаач” гэж танилаараа өдөр шөнөгүй утасдуулж манай редакциас гуйлгаж байсан. Тэглээ гээд сонинд
хэдэн төгрөгийн хаалтын гэрээ хийсэн юм. Хаалт хийлээ гэж мөнгө өгснийг нь мэдэхгүй
л байна. Гуйснаар чинь больдог л байсан. Танилын нүүр халуун гээд л амаа бариад хэлээ зуугаад
л өнгөрөөдөг байв. Ингэж байсан бие төлөөлөгчид нь байж л байна.

“Хаалтын гэрээ
гэж байдаг бол тун тусгүй” гэж яриад байгаа нэг гишүүн манай сонины нэлээд нэртэй
сэтгүүлчийг бие төлөөлөгчөөрөө авчихаад хувийн амьдралынхаа ёс бус үйлдлийг битгий
бичиж өгөөч гэж амар заяа үзүүлэхгүй гуйдаг
байсан даа. Манай сэтгүүлчийн тэнд очсон үүрэг ердөө л тэр байсан. Бид ч бичээгүй, тэр хүн ч мөнгө өгөөгүй. Ийм л
юм болдог шүү дээ. Хэзээ байхдаа хаалтын гэрээ хийж байсан юм. Хэзээ байхдаа тэрийг минь нийтэлж өгсөнгүй гэж
мөнгө бариад гүйцгээж байлаа. Гуйж байхад
чинь мөнгө нэхэлгүй хүн ёсоор хандсан даг. Энийг чинь харин гуйлтын гэрээ гэж хэлж
болох юм.

Бид л мундаг,
бид л шударга гээд юм бүгдийг дэлгээд байж болдоггүй юм. Амьдрал дээр ингэж болдоггүйг
эрхбиш гадарлах биз. Цөөхөн монгол бие биенээ
таньдаг. Танил талаараа гуйлгах, гуйх юм
бишгүй л бий. Энэ бүхнийг хаалтын гэрээ гээд байгаа юм уу, гишүүд ээ. Зөвхөн захаас
нь л “хаалтын гэрээ гэж аймаар юм байна” гэж хэлээд онгонтоод байгаа хэдэд сануулахад
л энэ байна. Цаашаа хэн юу ярьж юу гуйдаг байсныг хэлээд байлтай биш, ингэсгээд
зогсъё.

Төр засгийнхан,
одоо төр барьж байгаа эрх баригчид хэвлэлд хөрөнгө оруулахыг үзэж чадахгүй элдвээр
хэлж, гэмт хэрэгтэн шиг цоллодог. Хувийн
хэвлэл мэдээллийн байгууллагад хувь хүн л хөрөнгө оруулахгүй бол өөр хэн хөрөнгө
оруулалт хийх юм. Хувийн хэвлэлд төсвөөс татаас өгөх болж байна уу, төр засгаас
мөнгө өгөх үү.

Хэвлэлийнхнийг ад шоо үзэж, хориглож цагдаж байгаа
энэ засаг төр ганцхан юмыг л харин зөвшөөрнө гэцгээдэг. Тэр нь сэтгүүлч хүн
бусдыг гүтгэж болно, гүтгэхэд ял өгөхгүй гэж амтай болгон нь хэлж байна. Бусдаар бүгдийг нь хориглож
байгаа. Бараг л амьд байж оршин тогтнохыг
нь хүртэл хориглох гэж оролдож байна. Сонгуулиар сонинуудаар сурталчилгаа явуулахыг
хорьсон. Хэдэн нэр дэвшигчид нь өөрийгөө таниулж сурталчлах гээд ирэхээр тэрийг
нь өөрсдийн хувийн телевиз сайтаа дэмжих гээд хорьчихсон. Эрүүл бизнесийн мөнгө олдог бүх аргыг нь хориглочихоод
хүмүүн бус, хүн гүтгэж болох ганц заалтаар гийгүүлчихээр чөлөөт сэтгүүл зүй хөжих
үү.

Ингэж хамаг зар
сурталчилгааг нь хааж боогоод байхаар хэвлэл яаж санхүүжиж, ажилчдаа яаж цалинжуулах
болж байна. Сэтгүүлчид турж үхдэг юм байгаа биз дээ. Чөлөөт сэтгүүл зүйг ингэж устгах
нь хэнд ашигтай юм. Энэ бүхнээс харахад улстөрчид хэвлэл мэдээллийг өөрийн боол
болгох гэж байна аа даа. Өлөн хоосон, хишиг хүртээвэл тэрүүгээр нь цалингаа тавиад
ард түмэн рүүгээ асч дайран, дарга нарт хир халдаахгүй байх ёстой болж таарах
нь. Дарга нарын таалалд нийцсэн мэдээлэл цацаад суудаг болохыг л хүсээд байна. Байсхийгээд
ингэж хэвлэл мэдээллийн амыг барих хуулийн
заалтууд оруулж ирдэг нь ингэж бодоход хүргэлээ.

Энэ бүх оролдлого
нь сэтгүүл зүйг уяаны нохой болгох гэсэн санаархлаас үүдэлтэй биз. Редакци эдийн
засгийн хувьд бие даахаас үхтлээ айж уяаг нь нь уртасгаж, угаадсыг нь багасгаад
байна. Уг нь хэвлэл мэдээлэл нь хичнээн зүхүүлж
хараалгадаг ч ардчилалд оруулсан хувь нэмэр их шүү. Ардчилал хөгжсөн зарим орон
хийсэн ажлынхаа нэлээдгүй хувийг олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээлэлд мөнгө
зарцуулсан талаар нь асуухад “Ингэхгүй бол ардчилал тогтдоггүй юмаа” гэж тайлбарласан
байдаг. Төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, бодлого шийдвэрээ ч тодорхой хэмжээний
төлбөр төлж олон нийтэд хүргэдэг. Энэ нь олон чухал мэдээлэл иргэдэд хүргэдэг.

Хаа сайгүй хэвлэлийнхнийг шүүмжилж, сэтгүүлчээс
муу хүнгүй, хэвлэлийн эзэд гэж бялууртлаа баяжсан хүмүүс байдаг гэж нүд хорсон
ярих болов. Хэвлэл өөрөө үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллага болохоос
буяны байгууллага биш. Харин ч ийм их хавчлага, хуулийн хатуу заалт шаардлагууд
дунд Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд жам ёсоороо хөгжиж өнөөдрийг хүрсэн.
Мэдээж аль ч салбарт алдаа дутагдал байдгийн адил хэвлэлийн салбарт алдаа бий. Үүнд төр засаг оролцоод
биш зах зээлийнхээ жамаар аяндаа шахагдаад
явчихдаг. Нэгэн үе шар гэх хэвлэлүүд хичнээн байлаа, аяндаа л алга болж, цөөн хэд
нь үлдсэн. Уншигч, захиалагч, үзэгчид тухайн хэвлэл хүссэн мэдээллийг нь өгч чадахгүй, шаардлагад
нь нийцэхгүй бол захиалж уншихаа больдог. Телевиз бол үзэхээ байчихна. Үүнд төр оролцох шаардлага байхгүй. Нэг өдөр ямар ч мэдээлэлгүй байгаад үз л дээ. Өнөөгийн хурдтай нийгэмд хэвлэлгүй нэг өдөр ямар
байх бол доо. Хувийн твиттертээ бичээд л хүн бүр уншаад болоод байна гэж хол андуурсан
хэвээрээ л байх уу улс төрчид өө.

М.Сүлд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *