Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр биокомбинатын ойролцоо “Био агро” гэх мод үржүүлгийн газарт “Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүний амь хөнөөж, арван оюутныг барьцаалсан хэрэг өчигдөр үүрээр гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнууд мод үржүүлгийн газарт суулгац тарьж байсан юм байна. Хотын төвөөс зайдуу болохоор тэндээ байрлан ажиллаж байжээ. Хэрэг гарахын урьд өдөр буюу энэ сарын 6-нд ажлаа тарсны дараа тус компанийн ажилтнууд мөнгөө нийлүүлж архи, пиво бусад зүйлийг биокомбинатын хүнсний дэлгүүрээс худалдан авч уусан байна. Тэд шөнөжин архидаж байгаад үүрээр хоорондоо маргалдаж улмаар зодоон цохиондоо тулсан гэнэ. Ийн хоорондоо зодолдож байгаад Дорнод аймгийн харьяат 1989 онд төрсөн Б гэх 25 настай залуу хамт ажиллаж байсан Г-ыг зодож аминд нь хүрсэн гэнэ. Мөн Ж гэх залууг зодож хүнд гэмтжээ. Тэрбээр хүний амь нас хөнөөгөөд зогсохгүй тус компанид гэрээгээр ажиллахаар ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн арван оюутныг барьцаалж, “Та нарыг бүгдийг чинь ална” хэмээн айлган сүрдүүлж, хутга тулгасан аж.
Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 утсанд 03:00 цагийн орчимд нэгэн иргэнээс “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнууд хоорондоо зодолдоод байна. Хурдан ирж салгахгүй бол нэгнийхээ аминд хүрч байх шиг байна” гэсэн мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу “Эрхэс” 102 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн ахлах дэслэгч Н.Дашцэрэнгээр ахлуулсан баг хэргийн газар дээр очсон байна. Цагдаа нарыг хэргийн газарт очиход Б гэх залуу дадлага хийж байсан арван оюутныг жагсаагаад зогсоочихсон “Хөдлөх юм бол хутгална. Цагдаа нар эндээс холд. Хэрэв холдохгүй гэвэл энд байгаа оюутнуудыг ална” гэж сүрдүүлсэн байна. Бүр зарим оюутны хоолойд хутга тулгасан гэнэ. Барьцаалагдсан МСҮТ-ийн арван оюутны гурав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, 16-18 насных байжээ.
Цагдаа нар шуурхай арга хэмжээ авч барьцаалагч этгээдтэй ярилцлага хийсэн байна. 20 гаруй минут ярилцлага хийж оюутнуудыг суллаж явуулахаар тохирч, шуурхай байдлаар хэлэлцээр хийсэн гэнэ. Ингэж барьцаалагдсан оюутнуудыг суллаж гэмт этгээдийг хүний амь дахин хөнөөхөөс өмнө баривчилжээ. Ингээд хэргийн газарт үзлэг хийх үед нэг иргэн бусдад зодуулсан байдалтайгаар амиа алдсан байжээ. Мөн “Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүнд бэртэж ухаан алдсан байдалтайгаар олдсон байна. Бусдад зодуулан ухаан алдсан иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал тааруу байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв.
Нэгнийгээ хөнөөж, оюутнуудыг барьцаалсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байна. Мөрдөн байцаалт эхэлж байгаа бөгөөд барьцаалагдсан оюутнуудаас гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. Мөн “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнуудаас ямар учраас хоорондоо маргалдаж, зодолдох болсныг хэн нь Г-г зодож аминд нь хүрсэн болохыг тогтоохоор ажиллаж байна. “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнуудаас авсан анхны мэдүүлгээр “Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэй Б гэх залуу Г, Ж нарыг зодсон” гэж мэдүүлээд байгаа юм байна.
Бусдын амийг хөнөөж, оюутнуудыг барьцаалсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б “Хэргийн талаар огт санахгүй байна. Олон шил архи уусан болохоор юу ч санахгүй байна” гэхээс өөр зүйл ярихгүй байгаа гэв. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих төвд саатуулжээ.
Э.ХҮРЭЛ