1998 онд Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтонтой учир ургуулж дуулиан тарьж байсан Моника Левински хэмээх бүсгүй олон жилийн дараа ам нээлээ. Өдгөө 40 настай тэрээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үеийн дуулиант амьдралынхаа талаар дурсжээ. М.Левински “Энэ харьцаа амьдралд маань сайн зүйл авчраагүй. Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдсондоо харамсч явдаг. Бид хоёрын хувьд харилцан тохиролцсоны үндэс дээр дотнын харилцаанд орсон. Учир нь аль аль нь үүнийг хүсэж байсан. Гэхдээ Б.Клинтон бид хоёрын хооронд болсон явдалд би одоо ч харамсаж явдаг” гэжээ. Уг явдлаас хойш өнөөдрийг хүртэл түүнийг гутаан доромжилж ирсэн гэнэ. Билл Клинтон өөрийгөө хамгаалахын тулд хүнлэг бус загнасан гэдгийг ч хэлжээ. Учир нь экс төрийн тэргүүний удирдлага дор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн, шүүх прокурорын газраас бүх бурууг өөрт нь тохсон агаад амьдралд нь хар толбо үлдээсэн байна. М.Левински энэ явдлаас болж олон жил ажилгүй байснаас гадна гадаа гудамжинд явж байхад нь хүмүүс өөрийг нь таньж, гар хуруугаараа чичилдэг байжээ. Мөн шар хэвлэлийнхэн түүний талаар байнга бичдэг зэрэг нь өөрийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Моника Левински “Vanity Fair”-т өгсөн ярилцлагадаа олон жилийн дараа Б.Клинтонтой холбогдсон явдлын талаар ярих болсноо “Над шиг ийм байдалд орж, доромжлуулсан олон хүнд энэ нь тус болж магадгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн зарим сонин энэ талаар мэдээлэл өгснийх нь төлөө 10 сая ам.доллар амлаж байсан ч татгалзаж байснаа өгүүлжээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч асантай учир ургуулсан нь олон нийтэд ил болсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.