Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар: Бодлогын алдаануудаа засахгүй бол ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулагчдаа түлхээд байна

Өнгөрөгч баасан гаригийн үдээс
өмнөх чуулганаар “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын
төслийг хэлэлцэх үеэр цөөнхийг төлөөлж, Ч.Хүрэлбаатар гишүүн ингэж хэлсэн юм. Тэрбээр
“Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гарсан
ажлын хэсэгт нь орж ажиласан. Олон сайхан саналууд гарсан. Огт хүлээн зөвшөөрч болохгүй
хэд хэдэн зүйл байна. Өнөөдрийн ажлын хэсгээс оруулж ирсэн энэ саналын дагуу эдийн
засаг идэвхжихэд тун хэцүү шүү. Яагаад гэвэл жилийн дотор Монгол Улсын эдийн засгийг
ийм хямралд оруулсан бодлогын алдаанууд огтхон ч засагдахгүй байгаа. Тиймээс манай
намын бүлгийн гишүүд хэд хэдэн санал оруулж ирсэн. “Үүний нэг нь үнэ тогтворжуулах
хөтөлбөр”. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа арга нь буруу байгаа юм. Мөнгө хэвлэж,
үнэ тогтворжуулна гэсэн ойлголт дэлхий дээр хаана ч байхгүй. Монгол Улсын эдийн
засаг чинь онолын дагуу явдаг шүү дээ. Бодлого боловсруулахад онол хэрэгтэй. Онолоос
татгалзаад цээжин баримжаагаар, тэнгэрээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсыг хөгжүүлж
болохгүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт гурван их наяд төгрөгийг зарцуулахаар байгаа.
Энэ гурван их наяд төгрөгийг мөнгө хэвлэж, эдийн засагт оруулж байгаа. Тэгэхээр
гурван их наяд төгрөгийн хөтөлбөрийн 80 хувь нь импортыг дэмжиж байгаа юм. Импорт
нэмэгдэхээр худалдаж авч байгаа ам.долларын эрэлт нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс худалдааны
тэнцэл, төлбөрийн тэнцэл чинь гурван их наяд төгрөг хүрчихээд байгаа юм. Иймээс
Монгол Улсын эдийн засгийн бодлогод хэн ч итгэхгүй байгаа болохоор хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байгаа. Та бүхэн бүтэн жил яриад
байгаа Ардын намын энэ бодлогыг үгүйсгэж болно. Гэхдээ саяхан ирээд эрх баригчидтай
уулзсан Олон улсын валютын сангийнхныхаа зөвлөгөөг нэг хараадхаач. Тэд энэ хөтөлбөрийг
яаралтай зогсоо гэж зөвлөсөн. Яагаад гэвэл өөрсдийнхөө зовж олсон валютаа Монгол
Улс руу бариад ирж байгаа хөрөнгө оруулагчид чинь та бүгдийн үгэнд итгэхгүй, эрх
баригчид аа. Тэд Олон улсын валютын сангийн Монгол Улсад өгч байгаа үнэлгээ дүгнэлтийг
хардаг. Тэд “Монгол Улс чинь хөрөнгө оруулалт хийж болохгүй юм байна” гэж итгэдэг.
Тиймээс та бүхэн өөрсдийнхөө энэ тэнэгдүүхэн бодлогоо болиоч, засаач. Одоо та бүгдэд
МАН-ын бодлогыг дэмжиж, санал өгөх нэг зам байна.

Мөн төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эргэлдэж
байна. “Самурай” бонд, “Чингэс” бонд л гэнэ. Энэ их хөрөнгийн эх үүсвэрийг төсөвтөө суулгаач ээ. ДНБ-ий
10 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн алдагдал гэдэг бол Монгол Улсын эдийн засгийг
алж байна. Хөрөнгө оруулагчид үүнийг хараад хөрөнгө оруулахаас айж байна. Нэг, хоёр,
гурван жилийн дараа татвар өснө гэдгийг харж байгаа. Тиймээс бодлогын алдаагаа засаач
гэсэн МАН-ын саналыг хүлээж аваач. Энэ бодлогынхоо өөрчлөлтийг хийе. Магадгүй та
бүхэн олонхиороо түрээд кнопоо дарж магадгүй. Гэхдээ ирээдүйд орж ирэх хөрөнгө оруулалтаа
түлхээд байна шүү дээ. Монгол Улсын Засгийн газрын бодлого зөв байвал хөрөнгө оруулалт
орж ирнэ. Танай манай гэж улстөржихгүйгээр бодлогынхоо алдааг засч ажиллая” гэсэн
юм.

М.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *