Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Ж.Амарсанаа: Нийт хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХЯМД ҮНЭЭР АВАХААР БОЛЖЭЭ-

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУ-д олон улсын хуралд оролцох үеэрээ элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг Монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

  -Элэгний С виру­сийн эсрэг эмийг монголчууд хямд үнээр хэрэглэх болж байгаа тухай дуул­лаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч? 

-АНУ-ын “Glead science” компани “Sofosbuvir” хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арван­хоёрдугаар сараас эмчилгээнд нэвтрүүлсэн. Би Сан-Франциско хотод очиж энэ компанийнхантай уулзахдаа Монголд элэгний С вирусийн тархалт өндөр байд­гийг хэлээд, энэ эмийг хөнгөлөлттэй үнээр манай улсад нийлүүлэхийг хүс­сэн юм. Эмийн компа­нийнхантай уулзах цаг авахад АНУ дахь Монголын Элчин сай­дын яамны консулын газраас их тусалсныг хэлэх хэрэгтэй. Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хий­дэг юм байна. Харин манай улсад зургаан сарын курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээ­лийн үнээс 44 дахин хямдаар нийлүү­лэхээр боллоо.

Эмийн томоохон үйлдвэрүүд шинэ бүтээг­дэхүүнээ хямд­руулдаггүй. Буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах эрсдэлтэй тул тэр бүр нийлүүлдэггүй. Гэтэл манай улсад уян хатан хандсанд баярлаж байгаа.

-Тэгвэл  эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх бол?

-Компанийн төлөөл­лүүд тавдугаар сарын сүүлээр юм уу зургадугаар сарын эхээр Монголд ирнэ. Тэр үед ямар боломж байна гэдгийг нухацтай ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Монгол Улс энэ асуудалд илүү  ач холбогдол өгч, ард түмнийхээ эрх ашгийг бодоод хурдан хугацаанд эмийг бүртгэх ямар боломж байна гэдгийг ярина. Ердийн бүртгэлийг хүлээвэл дор хаяж нэгээс дөрвөн жил хүлээх болно. Нэг жилийн өмнө ч гэсэн эмийг хэрэглэж, олон хүний амь насыг аврах нь чухал гэж бодож байна. Яагаад гэвэл, энэ компани  дэлхийн цөөхөн хэдэн оронд хямд үнээр  нийлүүлэхээр төлөвлөсөн байсан. Үүний нэг нь Монгол байгаасай гэж хүсч байна. 

-Элэгний С вирусийн эсрэг эм оруулж ирэхээр бол­лоо гэсэн мэдээл­лийг сонссон зарим иргэд болгоомжтой хандаж байна.  Шинэ эм учраас туршилт болчих вий гэсэн яриа гараад байгаа юм билээ?

-Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож, судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш сайн үр дүниэй байгаа нь “Glead science” компани “Sofosbuvir”. Эмийн судалгааг дөр­вөөс таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох шаард­лагагүй. 

-Эмийн үйлчил­гээний талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Одоо манайд хэрэг­лэж байгаа эмчил­гээнээс юугаа­раа давуу талтай юм бол? 

-“Sofosbuvir” элэгний С вирусийн 70-80 хувийг устгах чадвартай. Харин манайд одоо хэрэг­лэж байгаа интерферион 60-70 хувийн эмчилгээний үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Халуурна, бөөл­жинө, дотор муухай оргино, үс унана. Тийм учраас өвчтөнүүд маань эмчилгээ хийж байгаад дундаас нь хаядаг. Бас нэлээд үнэтэй. Монголд жилийн курс эмчилгээ нь 12-15 мянган ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл, С вирус­тэй өвчнүүд бүгдээрээ эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь хоёр гол шалтгаантай. Эмийн гаж нөлөө  нь хүчтэй, бас үнэтэй. Харин “Sofosbuvir” гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа. 

-Монгол Улсад элэгний вирусийн эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Бид энэ тал дээр дэлхийн хөгжлөөс хоёроос гурван жилээр хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн өмнөөс шинэ эмнүүд гарч ирсэн. Энэ хоцрогд­лоо нөхөхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Энэ эмийг хямд оруулж байж одоо манай өвчнүүдэд тул­га­раад байгаа асууд­лыг шийднэ. Өөр элэгний С вирусийн эсрэг шинэ эмчилгээнүүдийг сонирхож үзсэн. Өнгөрсөн  жил хоёр шинэ эм нэвтэрсэн. Тэр хоёр эмийн үр дүн нь одоогийн бидний оруулж ирэх гэж байгаа эмнээс нэлээд бага, гаж нөлөө нь өндөр байсан учраас  Монголд оруулж ирэ­хийн төлөө хөөцөл­дөөгүй юм.

-Манай хүн амын хэдэн хувь нь С вирусээр халд­варлан өвчилдөг юм бол? 

-Хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судал­гаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсдэг. Яг халдвар авсан даруйдаа хүнийг цочмог үрэвсэл өгч, үүнээсээ болоод хурдан хугацаанд нас барах тохиолдол байхгүй. Монголд элэгний өвчнөөр олон хүн нас бардаг. 

-Элэгний С вирусийн халд­вараас яаж урьд­чилан сэргийлэх вэ. Салбарын яам­наас урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажил байна уу?

-Урьдчилан сэр­гийлэх нь хамгийн чухал. С вирусийн халдвар дамжих гол замууд цус. Эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны газруудын явуулж байгаа үйл ажиллагаанаас шалт­гаалж хүмүүст халдвар дамжиж бай­на. Ялангуяа гоо сайхны газрууд батга хатгаж, шахдаг хэрэгслүүдээр дам­жих, мөн ардын зүүн эмчилгээ, шүд­ний эмнэл­гүү­дийн эмчилгээний хэрэгслүүдийг дутуу ариутгаж, өөр бусад хүмүүст эмчилгээ хийс­нээс халдвар дам­жиж байна. Үсчинд ч гэсэн үс зах­лах хэрэгслийг ариут­гадаггүй нь халд­в­ар дамжих бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх нь зүйтэй юм. 

-Тэгвэл шүдний эмнэлэг, гоо сайхны газруудад эрүүл мэндийн яамнаас хяналт тавьж, заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Бидний хувьд зөрчил илэрсэн газ­руу­дын үйл ажил­лагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ажлыг хийж байна. Өнгөрсөн жил шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Нийтдээ 16  газар зөр­чил илэрснээс наймыг нь хаасан. Үлдсэн газруудынх нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, зохих арга хэмжээг авсан. 

Х.ЦЭНД-АЮУШ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *