Categories
мэдээ нийгэм

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь тодорхой болов.  Эх хүний хувьд би хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч догь. 

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн газраас  “Хогны уут” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж.  Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд хогноосоо салахын тулд ямар стратеги барив?  

Эхлээд тэд  хаягдал дахин боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж, хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт” хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.  Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ? 

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг.  Одоогийн байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий.  Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.ЯНЖМАА                   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *