Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдыг явуулбал Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөх гэнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхыг хориглох хуулийг санаачлагчид нь буцаасны маргааш Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өгөх хүсэлтийг гаргасан. Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар хэрхэх бол гэсэн хүлээлт ард түмний дунд байсан бол одоо Х.Баттулгыг яах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Түүний хүсэлтийг УИХ гэхээсээ илүүтэй АН-ын фракциуд шийдэх бололтой. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайдтай уулзаж “2016 он хүртэл эвтэй байя. Олонхиороо албан тушаалд чинь  үлдээе” гэсэн хүсэлтийг тавьжээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд тухайн өдөр АН-ын зарим фракц бүлэглэлүүд “сэм” уулзаж байр сууриа нэгтгэсэн байна. Ингэхдээ “түүний хүсэлтийг хүлээж авъя” гэж тохиролцсон сурагтай. Тэгэхээр асуудал хаашаа ч эргэж магадгүй байгаа бололтой. 

Асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд чуулганы дэгийн тухай хуулийг баримтална. Дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэг 391-1-д “Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана” гэжээ. Тэгэхээр үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрээ УИХ-д хүргүүлэх аж. УИХ мөн л хуулийн дагуу асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Ингэхдээ ил санал хураалт явуулж Засгийн газрын гишүүнийг чөлөөлөхийг олонх дэмжвэл батлагдсанд тооцох юм байна. Тэрчлэн Х.Баттулга сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ дахь нам эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх боломжтой гэж хуульд заажээ. Товчхондоо чөлөөлөх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг аль нэг намын бүлэг хөндлөнгөөс оруулж хэлэлцүүлэх боломж байгаа гэсэн үг. Мөн Засгийн газар тухайн сайдад итгэл хүлээлгэж байгаа тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх бас нэг боломж байдаг юм байна. 

Ер нь Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хууль ямар ч байлаа гэсэн эрх баригчид дотооддоо тохиролцоо хийж МоАХ-ны сэтгэл ханамжийг дээд зэрэгт хангасан цагт 2016 он хүртэл Засгийн газарт ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. Харин тохироо наймаа хийгдэхгүй фракц хоорондын үл ойлголцол хэвээр үргэлжилбэл нэг бус нэлээд хэдэн сайдын суудлыг шинэчлэх, өөрчлөх, улмаар Засгийн газрыг унагах асуудал хөндөгдөх тухай ярьж эхэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайд нар хэл амаа ололцохгүй бол өргөдлөө өгөх дараагийн хүн нь Зам, тээврийн сайд А.Гансүх байна гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. Өргөдлөө өгөх шалтгаан нь төмөр замын царигийн асуудал. Зам, тээврийн яамны боловсруулсан царигийн бодлогод Эдийн засгийн хөгжлийн яам санал оруулахдаа анх байснаас нь эсрэгээр нь болгож өөрчилсөн нь томоохон маргаан, хагарлын эхлэл болжээ. Тиймдээ ч А.Гансүх сайдыг “Албан тушаалаасаа буух өргөдлөө өг” гэж МоАХ хийгээд Х.Баттулга сайд шахаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Хэрвээ төмөр замын царигийг Х.Баттулга сайдын хүсч байгаагаар баталбал асуудал намдах төлөвтэй байгааг улстөрчид ярьж эхэлжээ. Харин эс зөвшөөрвөл А.Гансүх сайдын дараа Шонхор фракцаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар огцрох өргөдлөө өгч магадгүй гэсэн таамаглал байна. Ингээд өргөдлөө өгсөн сайд бүрийг явуулаад байвал эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд хүрч магадгүй байгаа ажээ.

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *