“Өдрийн сонин”-ны даваа гаригийн дугаар уншигч танд хүрч байна. Даваа гаригийн эхний нүүрээс сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн “Заг” групп дээр өнжлөө” нийтлэлийг “Танайд өнжье” булангаараа хүргэж байна. Тэрээр Зуун айл орчмын дахин төлөвлөлт ямар болж байгааг “Заг” группийн оффис дээр бүтэн өдрийн турш ажиллаж тэмдэглэжээ. Түүний сэтгүүлчийн үзгээр тэмдэглэснээс ишэлбэл “Хувийн компаниуд ТОСК, НОСК-иас болгоомжилж байна” гэсэн дэд гарчигтай хэсэгт “Заг компанийн гэр хорооллын барилгын төслийг Н.Эрдэмбаяр гэдэг залуу удирддаг юм байна. Түүний ширээгээр нь дүүрэн бичиг цаас, хананых нь нэг талаар долдугаар хорооллын одоо ирээдүйн зураг харагдана. “Төрөөс ТОСК, НОСК гэсэн том корпорациуд байгуулж барилгын компаниудтайгаа
өрсөлдөх юм ярьж байгаа нь түүний эмзэглэдэг сэдэв
гэнэ. Ганц “Заг” ч гэлтгүй гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож байгаа бүх л компанийн эмзэглэж байгаа асуудлын
нэг юм байна. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд энэ жил 4000 гаруй байшин нийслэлд босох гэнэ” гэх мэтээр хувийн компаниудын үзэл бодол, энэ жил хийгдэх ажлууд гээд иргэдийн хамгийн их сонирхож буй дахин төлөвлөлтийн асуудлаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Энэхүү нийтлэл сурвалжлагыг “Өдрийн сонин”-ны 1, 12, 13 дугаар нүүрээс унших боломжтой.
Мөн өдөр бүр “Өдрийн сонин”-ны Үзэл, бодол нүүрт Монголын шилдэг нийтлэлчид бүтээлээ хэвлүүлж тухайн үеийн улс төр, эдийн засгийн асуудлын үнэнийг хэлж шуугиан тарьдаг билээ. Энэ удаа нийтлэлч Ж.Гангаа “Тариалан эрхлэгчид энэ жил яаж “Эрхлэх” бол” нийтлэлээ хэвлүүллээ. Тэрээр сүүлийн хэдэн сар уншигчдадаа нийтлэлээ хүргэж амжилгүй явсан юм.
Харин улс төрийн мэдээллийн нүүрт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ярилцлагыг нийтлэв. Тэрээр сэтгүүлч Я.Мөнгөнцэцэгтэй хүүрнэхдээ өнөөгийн нийгэм эдийн засгийн байдалд бизнес эрхлэгч хүний хувиар тодорхой тайлбар хийсэн байна. Түүнчлэн цаг үеийн асуудлууд, хэл амны бай болоод байсан хэргийнх нь талаар хүртэл асууж тодруулжээ. Улс төрийн мэдээллийн нүүртмөн Засгийн газрын бямба гаригийн хуралдааны тойм, баасан гаригт болсон Ерөнхий сайдын цагийн үеэр Чингэс бондын талаар яригдсан асуудлуудыг хэвэлсэн бол гадаад мэдээллийг есдүгээр нүүрт тоймлон хүргэсэн байна. Энэ нүүрээс дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа үйл явдлууд хэрхэн үргэлжилж байгааг унших боломжтой.
Урлаг спорт, танин мэдэхүйн чиглэлээр “Эрчимийнхэн нутгийнхаа дэвжээн дээр Камбожийн багийг 3:1-ээр буулгаж авлаа” сэдэвт сурвалжлагыг хүргэж байна. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC President’s Cup” олон улсын тэмцээн манай улсад болж байгаа. Тус тэмцээнд 11 улсын баг оролцож байгаа бөгөөд А, В хэсгийн тоглолт Филиппин, Шриланкт болж байгаа аж. Харин манайд болж буй С хэсгийн тоглолтод Монголын “Эрчим”, Камбожийн “Свайреин”, Непалийн “Манан” клубүүд өрсөлдөж байгаагаас энэхүү сурвалжлагыг хийсэн байна. Тоглолт хэрхэн өрнөснийг сэтгүүлч С.Алтанцэцэгийн
сурвалжилснаар хүргэлээ.
Тэрчлэн сүүлийн хоногуудад уншигчидтайгаа нийтлэлээрээ
уулзах завгүй явсан П.Хашчулуун “Одоо л хөрөнгө хөрөнгө худалдаж авдаг цаг даа”
хэмээн өгүүлжээ. Тэрээр эдийн засгийн нөхцөл байдлын талаар ийн өгүүлсэн хэрэг.