Categories
гадаад мэдээ

Украинд зэвсэгт мөргөлдөөний улмаас 40 хүн амиа алдав

Украины өмнөд хэсгийн Одесс хотод орон нутгийн цагаар энэ сарын 2-ны өдөр Киевийг дэмжигчид болон Оросыг дэмжигч иргэдийн хооронд мөргөлдөөн гарч 40 гаруй хүн амиа алдсан тухай ОХУ-ын “ИТАР-ТАСС” агентлаг уламжлав. 

Энэ өдөр Украины Үндэсний үзэлт “Правийн сектор” бүлэглэлийн гишүүд Одесс хотын төвд Оросыг дэмжигч, салан тусгаарлах үзэлтэн иргэдийн байрлаж байсан “Үйлдвэрчний эвлэл”-ийн байрыг галдан шатаасны улмаас Оросыг дэмжигч 38 иргэн амиа алдсан байна. Тус улсын Дотоод хэргийн яам болон Одесс хотын захиргаанаас мэдээлж буйгаар 30 хүн утаанд хордож, найман хүн цонхоор үсрэн амь үрэгдсэн аж. Мөн цагдаагийн 50 гаруй ажилтан гэмтэж бэртэв. Цагдаа болон Дотоод хэргийн яамнаас амь үрэгдэгсдийн тоог харилцан зөрүүтэй мэдэгдэж байгаа юм. Засгийн газрыг дэмжигч иргэд “Үйлдвэрчний эвлэл”-ийн барилга руу шатамхай бодис бүхий лонх шидсэн нь гал гарах эх үүсвэр болсон гэж “ИТАР-ТАСС” агентлаг мэдээлж байна. Гал гарахаас өмнө буюу мөн өдрийн үд дунд Одесс хотын төвд Киевийн Засгийн газрыг дэмжигч болон Оросыг дэмжигч иргэдийн хооронд мөргөлдөөн болж дөрвөн хүн амиа алдаж 30 гаруй хүн шархадсан юм. Дөрвөн хүн амь үрэгдсэний гурав нь бууны суманд амиа алдсан аж.