Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хамгийн сүүлд хэлэлцсэн асуудал нь “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх байлаа. Тогтоолын төслийн талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцуулав. Энэхүү бодлого нь 2014-2018 онд эм зүйн салбарын хөгжлийн чиглэлийг тодорхойлох, хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, боломжийн үнэтэй эмээр хангах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Төсөлд Монгол Улсад хэрэглэгдэх эмийг улсын бүртгэлд бүртгэх, эмийн хяналтын лабораторийн хүчин чадлыг олон улсын түвшинд хүргэх, хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн эмийн зохистой хэрэглээ, жор бичилтийг төлөвшүүлэн, эм хангамжийн үр ашигтай, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалаас эмийн үнийн хөнгөлөлт олгох тогтолцоог боловсронгуй болгох талаар мөн тусгасан байна. Гишүүд эмийн үнэ, эмийн зохистой хэрэглээ, эмийн жор бичилт, төрөөс үзүүлж буй эмийн үнийн хөнгөлөлт, эмийн худалдаа, эм ханган нийлүүлэлтийн тендертэй холбоотой асуудлаар төсөл санаачлагчаас асууж тодруулан, саналаа илэрхийлсэн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.