Дундговь аймгийн төв Сайнцагаан суманд өчигдөр /2015,02,05/ 960 суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо. Аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 4 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс “Эрдмийн далай” цогцолбор сургууль хамгийн ачаалалтай нь бөгөөд шинэ сургуульд шилжин ирэгсдийн дийлэнх нь “Эрдмийн далай” цогцолбор сургуулиас иржээ. Шинэ сургууль өдгөө 1-11 дүгээр ангийн 750 хүүхэд, 60 багш, ажиллагсадтай нэг ээлжээр хичээллэж байна. “Ийнхүү нэг ээлжээр хичээллэж байгаа нь БСШУЯ-аас хэрэгжүүлж буй хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж, орчин нөхцөл бүрдэж байна” гэж сургуулийн захирал Энхбаяр нээлтийн үеэр онцоллоо.
“Монкон” компанийн хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад өгч буй сургууль нь БСШУЯ-ны санхүүжилтээр 4.4 тэрбум төгрөгийн өртөгөөр баригджээ. Энэ онд БСШУЯ-аас тус сургууль спорт заалыг барих санхүүжилтийг шийдэж өгөхөөр боллоо.