Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ.
Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан.
Авлигатай тэмцэх газраас 2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна.
Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлэв.
Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.