Нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжид хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр “Кёкүшюзан хөгжил сан”-гаас хийлээ. Энэ үеэр тус сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр, МУГЖ Т.Баясгалан нар ээжүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан юм.
“Кёкүшюзан хөгжил сан” үүсэн байгуулагдсан цагаасаа нийгмийн сайн сайханд чиглэсэн олон арван ажлуудыг санаачлан бодит ажил болгон хийж хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тухайлбал жил бүрийн сарын шинийн битүүний өдрөөр цагаан сарын барилдаанд амжилттай барилдсан ахмад бөхчүүддээ өргөө цагаан гэр бэлэглэж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд энэхүү хүндтэй шагналын эзнээр Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын начин, МУГЖ С.Эрхэмбаяр тодорч, сангийн тэргүүн Д.Кёкүшюзан Батбаяр таван ханатай өргөө цагаан гэрийг гардуулсан юм.
Үүний зэрэгцээ “Кёкүшюзан хөгжил сан”-гаас олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан жил бүрийн энэ өдөр улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эгэл жирийн ээжүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод удаж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн есөн дүүргийн 90-106 настай есөн бахархалт ээжүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтад Налайх дүүргийн иргэн 90 настай Х.Цэрэннадмид, ХУД-ийн иргэн 96 настай С.Бүжин, Чингэлтэй дүүргийн иргэн 106 настай Б.Ундаа, СБД-ийн иргэн 95 настай Д.Бадамжав, Багахангай дүүргийн иргэн 90 настай Д.Аюуш, Багануур дүүргийн иргэн 100 настай С.Цэндээ, БГД-ийн иргэн 95 настай Ц.Рэгзэдмаа, БЗД-ийн иргэн 93 настай Ч.Бужаа, СХД-ийн дүүргийн иргэн 97 настай Б.Нордов нар уригдан оролцлоо.
Энэ үеэр Д.Кёкүшюзан Батбаяр “Жил бүр “Кёкүшюзан хөгжил сан” Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өндөр настай ээжүүдийг хүлээн авч баярлуулдаг. Энэ мөн миний төрсөн өдөр тохиодог учир буянт буурай, сайхан ээжүүдтэйгээ хамт тэмдэглэж байгаадаа маш их баяртай байна. Урт насалж удаан жаргахыг ерөөж байна“ гэлээ.
МУГЖ, дуучин Т.Баясгалан “Миний хань энэ баярын өдөр Монголын олон олон сайхан хүмүүсээс ирсэн шүлгийг дээжлэн хэвлүүлсэн “Ханьдаа” номоо надад бэлэглэж, энгэрт минь тэврүүллээ. Үүнээс илүү сайхан бэлэг юм байх билээ. Ханийн минь сэтгэсэн, зарласан уралдаанд шүлгээ ирүүлсэн бүх хүмүүст баярлаж байна. Мөн өнөөдөр ханийнхаа төрсөн өдөр энэ сайхан буурай ээжүүдийг баярлуулж байгаад маш баяртай байна. Ерөөл багаддаг юм байна гэдгийг өнөөдөр ойлголоо. 100 насалж, зургаадай таяг тулаарай гэсэн ерөөл байдаг. Гэтэл 100 илүү насалсан буянтай буурайнуудад энэ ерөөл багаддаг юм байна. Тийм учраас Монголынхоо бүх ээжүүдэд мөнх наслаарай хэмээн ерөөж байна” гэсэн юм.