“Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаа энэ сарын 26-нд Төрийн ордонд болно. Энэхүү үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбоо, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах гэж байна.
Иргэний андгай өргөх ёслолд уламжлал ёсоор 850 хүүхэд оролцож иргэний андгайгаа өргөх бөгөөд оролцож буй сурагчдад BE брэндийн мөнгөн дугаар, Гоо брэндийн гарын бэлэг, Монголын Үндэсний Музейтэй үнэ төлбөргүй танилцах зэрэг бэлгүүдийг ивээн тэтгэгч байгууллагууд бэлдсэн байгаа юм.
Уг үйл ажиллагааны бас нэгэн уламжлал болсон зүйл бол энэ цаг үед амжилттай яваа, залуу үеийн үлгэр дуурайлал болсон эрхмүүдээс иргэний үнэмлэхээ гардаж авах байдаг юм. Энэ жилийн ёслолд Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, Төрийн Соёрхолт ардын жүжигчин Н.Сувд, МУГЖ Т.Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр, Загвар өмсөгч, Яг түүн шиг шоуны оролцогч Э.Энхболд, Загвар өмсөгч, Дэлхийн Мисс тэмцээний шилдэг 15 оролцогчийн нэг Ц.Энхжин нар 16 настнуудад иргэний үнэмлэхийн гардуулж өгөх юм байна.
Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг тоох соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршиж байдаг. Монголын Залуучуудын Холбоо 2017 оныг “Залуусаа Нэмье” уриалгатай өрнүүлж, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, Монгол өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэхүү “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол” билээ.
Түүнчлэн уг ёслолын үйл ажиллагааны хамтран зохион байгуулагчаар БСШУСЯ, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам, Оюуны өмч, Улсын Бүртгэлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Засаг Даргын Тамгын газар, 21 аймгийн Залуучуудын Холбоо ажиллаж байна.
Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын ерөнхий ивээн тэтгэгчээр Үндэсний Хөрөнгө оруулалтын банк” ажиллаж байгаа бөгөөд Залуусын BE брэнд, Гоо брэнд, Монголын Үндэсний Музей дэмжин хамтран ажиллаж байна. Мэдээллийн ивээн тэтгэгчээр МҮОНТ ажиллаж байгаа юм.