Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 850 сурагч Төрийн ордонд Монгол Улсын иргэний андгай өргөж ёслолоо .
Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү ёслолын ажиллагаанд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл оролцдог. Мөн нийт сурагчдын төлөөлөл болсон 33 сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авсан бөгөөд Иргэний андгай өргөх ёслолд анх удаа дауны синдромтой буюу Оюуны ялгаатай хөгжилтэй залуус оролцсон нь энэ жилийн онцлог байлаа.
Монгол улс анхдугаар Монгол улс 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан нь оюун санаа, улс төр, нийгмийн үсрэнгүй том хөгжил болсон гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын үеэр онцлов.
Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч
Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж
Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн Монгол Улсын иргэний андгай өргөлөө.