Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан байдаг. Энэ хугацаанд нийт 8,000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргажээ. БОАЖЯ, ЦЕГ-ын экологийн цагдаагийн алба хамтран “Нөхөн сэргээлт 2024” ажлыг эхлүүлсэн байдаг.
Улмаар өнгөрсөн онд хууль бус ашигт малтмал, бичил уурхай олборлолтын улмаас эзэнгүй орхигдсон 758,15 га талбай буюу 9.4 хувьд нөхөн сэргээлт хийсэн байна. Тодруулбал, биологийн нөхөн сэргээлтийн 95,1 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 661,55 га талбайд хийсэн гэдгийг мэдээллээ.
Үүнтэй холбоотойгоор Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Г.Лхам “Нөхөн сэргээлт арга хэмжээний хүрээнд нийт 8,000 га талбайд ажиллах юм. Үүнээс
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхисон 4,398 буюу 54.9 хувь
- Бичил уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн 1,077 га газар буюу 13.4 хувь
- Хууль бус гар аргаар ашигт малтмал олборлосон 1,687 га буюу 21 хувь талбай тус тус эвдэрсэн байгаа юм.
Талбайн нөхөн сэргээлтийг байгалийн ба техникийн гэж ангилдаг. Иргэд өөрсдөө анхааралтай байвал заавал техникийн нөхөн сэргээлт хийх шаардлагагүй. Байгаль дэлхийгээ хамгаалахад иргэн бүрийн оролцоо, ухамсар чухал” хэмээн хэллээ.