Categories
мэдээ спорт

66 дахь удаагийн All-STAR GAME өндөрлөлөө

АНУ-ын зүүн өмнөд эргийн хот Нью Орлеанд мэргэжлийн сагсан бөмбөгийн шилдэг лиг НБА-гийн 30 багийн шилдэг тоглогчдыг цуглуулсан 66 дахь удаагийн бүх оддын тоглолт амжилттай зохиогдон өндөрлөлөө. Гурван өдрийн туршид үргэлжилсэн уг шоу наадамд слам данк, гурван онооны шидэлт, алдартнуудын тэмцээн, ур чадварын, залуу одуудын тэмцээн гээд төрөл бүрийн өрсөлдөөнүүд зохиогдсон бөгөөд эцсийн өдөр нь Дорнод, Өрнөд конференцийн шилдгүүд талбайд гарч ур чадвараа үзүүлэн наадмыг өндөрлүүлэв. Сүүлийн жилүүдэд анзаарагдах болсон хандлага буюу Өрнөд нь Дорнодоосоо “толгой илүү” баг, тоглогчидтой, тийм ч учраас оддын тоглолтод ялдаг болсон уламжлал энэ удаа ч гэлээ хадгалагдан үлдэж арван онооны зөрүүтэйгээр Стив Керригийн баг ялалт байгуулж байна. Түүнчлэн тэмцээнийг зохион байгуулж буй хотын “дошны” баг “Нью Орлеан Пеликанс”-ын Энтони Дэвис өөрийн болон өрсөлдөгч багийн бүх тоглогчдын ил далд тусламжийн ачаар 52 оноо авч тэмцээний MYP болж олон рекорд эвдэгдсэн сайхан тоглолт боллоо.

Өрнөд -192 : 182 (48:53, 49:39, 47:47, 48:43) – Дорнод

Өрнөд бүсийн шигшээ баг: Грин, Дэвис, Карри, Газоль, Дюрант, Хэйворд, Казинс, Леонард, Жордан, Томпсон, Хардэн, Уэстбрук

Дорнод бүсийн шигшээ баг: Уокер, Жоорж, Батлер, Жэймс, Адетокунбо, Дерозан, Лоури, Ирвинг, Уолл, Томас, Миллсэп, Энтони

С.ГЭРЭЛТ-ОД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *