Categories
мэдээ нийгэм

55 хэвлэл мэдээллийн ажилтан С.Зоригийн хэргийн хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид өнөөдөр 10:00 цагт эхлэхээр товлогдсон. Эл шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан.

Одоогоор шүүх хурал товлосон цагтаа эхлээгүй, шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд хууль, хяналтын байгууллагынхан нэр бүхий хэд хэдэн хүнийг сэжигтнээр тооцон, шалгаж байсан ч гэмт этгээдийг илрүүлж чадалгүй өнөөг хүрээд буй. Ингээд эцэст нь Орхон аймгийн харъяат Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа юм.

Тэдэнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж байна. Мөн улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нарын прокурорууд оролцох юм.

Дашрамд дурдахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь “Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан” гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир “маш нууц”-д хамаарч буй. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй ажиллах юм. Тиймээс шүүх хурлыг сурвалжлах сэтгүүлчдийн гар утсыг хүртэл хураан аваад байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *