Жеймс Бедфорд бол 1893 оны дөрөвдүгээр сарын 20-нд мэндэлсэн АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтэн.
Жеймс Бедфорд маш удаан хугацааны турш бөөрний хорт хавдар өвчинд шаналсан. Бөөрний хорт хавдар нь уушги руу нь үсэрхийлж өвчин нь улам хүндэрч, эдгэрэшгүй гэж оношлогдсон.
Тиймээс, өвчиндөө шаналсан профессор өөрийнхөө биеийг хөлдөөхийг зөвшөөрснөөрөө манай гаригийн хувьд хамгийн анхны хүн болсон.
Өөрийгөө үнэгүй хөлдөөлгөх үедээ Жеймс Бедфорд 73 настай байв. Ингээд түүнийг 1967 оны нэгдүгээр сарын 12-нд Калифорни мужийн Глендейл хотод “хөлдөөсөн” юм. Профессорыг физик үхлээр нас барсны хэдэн цагийн дараа түүний биеийг бүхэлд нь хөлдөөсөн байна. Эдгэршгүй хорт хавдар өвчнийг нь ирээдүйн анагаах ухаанд эдгээх тэр цаг үе хүртэл ийнхүү өөрийгөө “хөлдөөлгөх”-ийг зөвшөөрсөн юм.
1991 онд түүнийг битүүмжилсэн байсан капсулаас өөр шинэ криостат төхөөрөмж рүү шилжүүлсэн байна. Ингэхдээ “хөлдүү” профессорын биенд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр, энэ бүх хугацаанд биеийнх нь температур байх ёстой хэмжээндээ байгаа, ямар нэгэн гаж зүйл, өөрчлөлт хувиралт байхгүй, задралын шинж тэмдэггүй болохыг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, өөрийгөө “хөлдөөлгүүлсэн” анхны хүний бие организмыг ямар ч өөрчлөлтгүйгээр хадгалах “үүрэг”-ээ шинжлэх ухаан маш сайн биелүүлсэн.
Өнөөдрийн байдлаар профессорын “хөлдүү” бие америкийн “Alcor” компанид хадгалагдаж байна. “Alcor” компани бол амьд бие организмыг шинжлэх ухааны аргаар “хөлдөөх” салбарт тэргүүлэх зэрэгтэй компани.
Жеймс Бедфордын шарилыг хөлдөөх ажиллагаанд 1969 оны “Suspended Animation” номын зохиогч Роберт Прехода, эмч-биофизикч Данте Брунол, Калифорнийн Крионикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Нельсон болон Бедфордыг эмчилж байсан эмч Рено Эйбл нар оролцсон аж.
Роберт Нельсон энэ явдлын дараагаар «Бид анхны хүнийг хөлдөөлөө» (“We Froze the First Man”) гэсэн бүтээлээ хэвлүүлж байсан удаатай.
Орчин үеийн техник технологитой харьцуулбал тухайн үеийн хөлдөөх тоног төхөөрөмж нэлээд бүдүүн баргийн байсан нь мэдээж.
Бедфордын цогцосыг диметилсульфоксидийн уусмалд дэвтээсний дараагаар хуурай мөс ашиглан бага багаар -79 градус хүртэл нь хөргөсөн аж. Хэд хоногийн Бедфордыг шингэн азотын уусмалд хийн, байнга хадгалах байршилд байрлуулжээ.
Хөлдөөснөөс 6 хоногийн дараа түүнийг Аризона мужийн Финикс дахь Эдвард Хоупийн Крио нийгмийн халамжийн газар луу шилжүүлэв.
Гэсэн ч, яг хоёр жилийн дараа “нойрсож буй хөлдүү” Бедфордыг дахин зөөвөрлөсөн байна. Энэ удаад Өмнөд Калифорни мужийн “Galiso, Inc.” Компани руу шилжүүлсэн аж. Түүнийг цоо шинэ “dewar” гэх битүү саванд байршуулжээ.
Харин, 1973 онд мөн л түүнийг “Galiso, Inc.” Компаниас мөн мужийн “Trans Time” компани руу авчирсан байна. Тэндээ 1973 оноос 1977 он хүртэл байсан байна. Үүний дараагаар Жеймс Бедфордын “хөлдүү” биеийг түүний хүүд хүлээлгэн өгсөн аж.
1981 он хүртэл түүний гэр бүл Өмнөд Калифорни мужид шингэн азотанд хадгалсаар ирж. Эцэстээ Бедфордыг мэргэжлийн байгууллагад өгч хадгалуулах болсноор “Alcor Life Extension Foundation” гэх компанид хүлээлгэн өгчээ.
1991 оны тавдугаар сарын 25-нд түүнийг битүү төхөөрөмжөөс гаргаж, шингэн азотаар дүүргэсэн стандартын ил ваннд байршуулсан юм.
Ил байршуулснаар бараг 24 жил хүний нүднээс далд байсан Бедфорд ил болсон түүхтэй. Энэ 24 жилийн хугацаанд Бедфордыг олон удаа нүүлгэн шилжүүлж, олон ч хүний гар дамжсан. Гэсэн ч, хамгийн гайхалтай нь түүнийг шинжлэх явцад “хөлдүү” бие одоо хэр нь ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа нь эрдэмтдийн баяр баяслыг төрүүлж байгаа билээ. Бедфордын бие энэ бүх хугацаанд бүхэл бүтэн хагас зуун жилийн турш нэг ч удаа –70 градусаас дээш болж нэмэгдээгүй аж.
Профессор Бедфордыг өвчин зовлонгоос нь ангижруулсан нь хамгийн анхны бүтэлтэй болсон ч гэлээ хамгийн анхны тохиолдол бол биш аж. Өмнөх тохиолдлууд дандаа бүтэлгүйтэж байжээ.
1980-аад оны сүүлээр Калифорнийн Эрүүл Мэндийн Газраас “Alcor Life Extension Foundation” компанийн үйл ажиллагааг хүнлэг бус, хууль бус үйлдэл хэмээн зарлаж, буруутгав. Тухайн үед хууль тэдний эсрэг үйлчилсэн бол өөрийгөө золиослон, амь насаараа дэнчин тавьсан Жеймс Бедфорд болон бусад өвчтнүүдийн хувьд сүйрэл болох байв. Гэсэн хэдий ч урт хугацааны туршилтын дараа шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Артур Кларк, нанотехнологич Ральф Меркл, роботын инженер Ханс Моравек нарын хүмүүс хүний бие организмыг хөлдөөх технологийн давуу тал, гайхамшгийн талаар ярьж, хамгаалснаар “Alcor Life Extension Foundation” компани үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хамгаалж чадсан юм. Тухайн үеийн шуугиан тарьсан энэ үйл явдал өнөө цагт чухал алхам болсон.
Анхны “крио хадгалалт”-аас хойш даруй 40 жилийн хугацаанд маш их өөрчлөлт гарсныг энд онцлох нь зүйтэй. Хэдийгээр хүний бие организмыг “хөлдөөх” замаар хадгалах нь түгээмэл зүйл болж чадаагүй ч АНУ-ын хувьд бол ер нь тогтсон заншил болсон гэхэд хилсдэхгүй. Өөрийгөө “хөлдөөлгөх” өртөг ч нэлээд буурсан нь энэ төрлийн үйлчилгээнд хамрагдах хүмүүсийн эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотой. Тэр хэрээрээ “хөлдөөх” компаниуд шил шилээ даган бий болж байгаагийн илрэл. Өөрийгөө “хөлдөөлгөх”-д одоогийн ханш америкт 28,000 америк доллараас эхэлж байгаа юм. Энэ нь монгол мөнгөөр ойролцоогоор 80 сая төгрөгтэй тэнцэнэ. Хамгийн доод үнэ. Жирийн нэг иргэн бол төлж дийлэхээргүй их үнэ юм.
Орчин үед хүний зан чанар, ой санамж, хүсэл мөрөөдөл, зорилт зорилго нь тухайн хүний уураг тархины мэдрэлийн эсүүдэд хадгалагдан үлддэг болохыг шинжлэх ухаанаар бид нотлоод эхэлсэн. Тиймээс үүнд эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүй болсон.
Орчин үеийн танин мэдэхүйн шинжлэх ухааны цоо шинэ чиглэл бол ХҮНИЙ УУРАГ ТАРХИ. Хэрэв “Крио хадгалалт”-аар уураг тархийг тэр чигээр хадгалж үлдэж байгаа бол ирээдүйд ч цаг хугацаа үл хамааран хүнийг “дахин амилуулах” мөнхийн хүчийг олж авна гэсэн үг. Гэсэн ч, “хөлдсөн” хүн сэрэхдээ чухам ямар үйлдэл үзүүлэх, оюун ухаан нь сэргэг хэвээр байх эсэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болоод байна.
Холливудын кинон дээрээс л хардаг үйл явдлуудыг хүн төрөлхтөн бодитоор нь харах эрин үе ирж явааг ч үгүйсгэх аргагүй.
“Хөлдөөх” арга технологи өнөө цагт улам л төгс байдлыг олсоор байна. Дрон буюу нисгэгчгүй төхөөрөмж, хиймэл оюун ухаан, гэрийн үйлчлэгч робот гээд…
Нанотехнологи гэгч зүйлийг өнөөдөр бараг Дэлхийн улс болгонд л нэвтрүүлээд эхэлчихлээ. Энэ чиглэл эрчимтэй хөгжиж байна.
Манай хойд хөрш ОХУ гэхэд л 2006 оноос хойш нанотехнологийг санхүүжүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсээр ирлээ.
“Нанотехнологи” холбооны мэдээлэл, аналитик төвийн вэб хуудсанд энэ чиглэлээр хийгдэж буй хөтөлбөрүүдээр дамжуулан криопати үйлчлүүлэгчдийг сэргээх боломжийг бий болгоно гэж нийтэлсэн байх жишээтэй.
Нанотехнологийн салбарыг үндэслэгч Эрик Дрекслер, Роберт Фрейтас болон бусад нано технологийн салбарын Дэлхийн тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүд бүгд л энэ “хөлдөөх” үйл явцыг дэмждэг. Тэд өөрсдөө ч крионик компаниудын үйлчлүүлэгчид болсон гэдэг нь олон нийтэд ил болоод байгаа.
Нанотехнологи болон “хөлдөөх” технологийн тусламжтайгаар хүний нүүрийг хүртэл шилжүүлэн суулгах мэс засал 2006 онд бодитоор хийгдэж, амжилттай болсон.
ОХУ-ын Анагаахын Шинжлэх Ухааны Академийн академич, Трансплантологийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн захирал В.И.Шумаков зэрэг трансплантологичдын тэргүүлэгчид шинэ биед тархи шилжүүлэн суулгах нь техникийн хувьд үнэхээр боломжтой зүйл хэмээн мэдэгдэж байсан.
Тиймээс, хөрөнгө мөнгөтэй л бол “үхэх”-гүй мөнх амьдарч болох цаг үед бид амьдарч байна. Цуглуулж, хураасан эд хөрөнгөө “үхэхдээ авсандаа аваад орох биш, тэр их мөнгөөр яадаг байна аа” гэж халаглах үе үеэ элээсэн үг болж байгаа гэлтэй. Хөлс мөнгөө төлчихвөл өөрийгөө “хөлдөөлгүүлээд” хагас зууны дараа ч амьд сэрүүн тоос манаргаад явах боломж байна гэсэн үг болох нь.