“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой.
Тус төслийн сургалт, судалгааг 2014 оноос буюу найм дахь жилдээ хэрэгжүүлж байна. Маргааш төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр, магистрын хөтөлбөрт хамрагдаж Японд суралцах болзол хангасан 45 оюутанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан батламж гардуулна.
Батламжаа гардах бакалаврын хамтарсан хөтөлбөрийн 44, магистрын хөтөлбөрийн нэг оюутан Японд тэргүүлэх инженер технологийн чиглэлээр 2-3 жил суралцана. Төгсөөд эх орондоо ирж, мэргэжлээрээ таван жил ажиллах болзолтой.
Батламж гардуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Kобаяши Хироюки, Япон Улсын Элчин Сайдын яамны 3-р нарийн бичгийн дарга Катанода Томоки, ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монгол Улсын их сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн захирал, удирдлагууд, эцэг эхийн төлөөлөл оролцоно.
Хэзээ: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр
Хаана: ШУТИС-ийн хичээлийн I байр, 3 давхар, Урлаг заал
Хугацаа: 16:00-17:30