Ерөнхий сайд асан С.Баярыг суллах шүүх хурал өнөөдөр буюу долдугаар сарын 5-ны өдөр болжээ. Тодруулбал, Булган аймгийн шүүхээс С.Баярыг магадлангаар суллах шийдвэр гарчээ. С.Баяр нь Булган аймгийн Булган суманд байрлах 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан юм.
Эх сурвалжийн мэдээлснээр “Тус хорих анги нь ковидын нөхцөл байдлаас шалтгаалж, 30 хувийн дүүргэлттэй ажиллаж байгаа. С.Баярт холбогдох шүүх хурал өнөөдөр болсон юм билээ. Түүнийг магадлангаар сулласан гэдэг нь үнэн. Тус хорих ангид сүлжээ барьдаггүй учраас нарийн мэдээлэл аваагүй байна” гэв.
С.Баярт анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял оноогоод байсан. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс таван жилийн ялыг бууруулж, 2.6 жилийн ял оноосон юм.
Хэргийг эргэн сануулбал, түүнийг албан тушаалын байдлаа ашиглан Петровисын шатахууныг Оюутолгойд шахахад нөлөөлсөн, АНУ-д хууль бусаар дөрвөн үл хөдлөх хөрөнгө худалдан авсан, мөнгө угаасан гэх хэрэгт буруутгаж, ял оноосон билээ.