Categories
мэдээ цаг-үе

40 жилийн уулзалтаа хамтдаа тэмдэглэсэн нэгэн үеийнхэн

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Ажилчны районы 10 жилийн 18 дугаар сургуулийн 1969-1979 оны нэгэн үеийн төгсөлтийнхнийг урьж оролцууллаа. Цаг хугацаа гэдэг харвасан сум мэт өнгөрдөг юм байна. Саяхан л сургуулиа төгсөөд инээд хөөр болон мөнгөн хонхны баяраа тэмдэглэж байсан охид, хөвгүүд бид өнөөдөр эмээ өвөө болж, алдрайхан бага нас минь түүх болон үлджээ хэмээн энэ үеийн төгсөгч эрхэм нөхөд хуучилсан юм. Цаг хугацаа өнгөрч 40 жил нэгнээ санагалзсан нэгэн үеийн охид, хөвгүүд энэ сарын 22-нд уулзаж, ойн баяраа хамтдаа тэмдэглэжээ. Таван бүлгийн 80 гаруй хүүхэд энэхүү уулзалтад хүрэлцэн ирсэн байна. Уулзалт ч сайхан болж, дахин дахин уулзахын ерөөлийг тэд бие биендээ тавьж, наадмын өмнө дахин уулзах талаар ч хөөрөлдөөд амжжээ. Энэ сайхан уулзалтыг 10д ангийн хөвгүүн Ж.Энхбаатар зохион байгуулсан гэнэ. Мөн 10д ангийн охин, “Өүлэн Менч” ХХК-ийн захирал Л.Энхчимэг хувийн зардлаараа уулзалтын цэнгүүний бүхий л зардлыг даажээ. 10д ангийн Б.Болд АНУ-д амьдардаг учраас уулзалтдаа ирж амжаагүй ч ёслогын буудлагаар нэгэн үеийнхэндээ гэнэтийн бэлэг барьсан байна. Нэгэн үеийн охид, хөвгүүд ойн баярын уулзалтдаа сургуулиа ихэд санан дурссан байна. Ажилчны районы 10 жилийн 18 дугаар сургууль нь П хэлбэртэй гурван давхар шар барилга байж. Гэвч өнгөрсөн жил нураасан нь энэ сургуулийг төгссөн мянга мянган хүүхдүүдийн сэтгэлийг эмтрүүлсэн гэж тэд сэтгэл дотроо гунигтай бидэнд өгүүлсэн юм. Уг сургууль 1956 онд байгуулагдсан, улсын ууган сургуулийн нэг. Мөн 1977 онд ЗХУ-аас мэргэжилтэн багш нарыг урьж ирүүлэн орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, ажилчдын хүүхдүүдийг сургадаг анхны орос сургууль болж байжээ.

ХӨДӨЛМӨРЧ ХИЧЭЭНГҮЙ “А”-ГИЙНХАН

Ардын боловсролын тэргүүний ажилтан “Алтан гадаст” одонт Г.Долгор багштай 10а ангийнхны тухай эхлээд өгүүлье. Тэд Цэвэрч нямбай, соёлч боловсон, цэвэр бичигтэн, сурлага хүмүүжлээрээ манлайлагч, тэргүүний анги гэдгээрээ бахархаж явдаг. Ангийн багш Г.Долгор Монгол хэл, уран зохиолын багш. Тиймээс ангийнхан тэр чигтээ л бичгийн хүмүүс байж. Энэ талаараа тэд бид Монгол хэлний судлаачид шахуу байлаа шүү дээ. Ангиараа Монгол хэлний олимпиадад идэвхтэй оролцож, сургуульдаа босоо байлаа. Бүгд цэвэр бичигтэн. Ялангуяа охидууд маань нэг хүн шиг л бичгийн хэвтэй байсан даа. Үүгээрээ ч бид бахархдаг” гэсэн юм. Эл ангид сургуулийн сурагчдын бүлгэмийн дарга, сурагчдын зөвлөлийн дарга нар сурдаг байж. Тиймээс л ангийнхан нийгмийн тустай хөдөлмөр, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байсан байгаа юм. Үүгээр ч зогсохгүй нэгнийдээ очиж, ус түлээг нь бэлдэлцэж, тимурчуудын хөдөлгөөнийг өрнүүлснээрээ улсад шалгарч, ангийн идэвхтэн Б.Сарангэрэл БНГУ-ын пионерийн зусланд амарч байжээ. Хамт олон бүхлээрээ нэгдэж, нэгдмэл байж чаддаг нь энэ ангийн хамгийн том бахархал нь гэхэд болно. Ийм нийтэч ангийнхан 40 жилийн дараа уулзаж ойн баяраа тэмдэглэсэн. Энэ талаар ангийн охин С.Даваадолгор “40 жилийн дараа ангиараа уулзан ярьж суухад эрхэлсэн ажил үйлсдээ сэтгэлээсээ хандаж, тогтвор суурьшилтай ажилладаг хөдөлмөрч чанар нь манай “А”-гийнхны онцлог юм аа гэдгийг мэдэрсэн” гэсэн юм. “А”-гийнхны дундаас бахархал болсон хүмүүс зөндөө бий. Төрийн соёрхолт, гавьяат барилгачин, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Н.Баянсайхан эдний анги. Мөн ГЕГ-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Хөдөлмөрийн гавьяаны улаан туг болон Алтан гадас одонт С.Норжинсүрэн, ҮСХ-ны ахлах статистикч, Алтан гадас одонт Б.Сарангэрэл, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллаж байсан, Алтангадас, Цэргийн гавьяаны одонт, дэд хурандаа Д.Мөнхчулуун, МУИС-ийн судлаач багш Ч.Хадаа, Цахилгаан түгээх сүлжээний инженер Ц.Алтанцэцэг, Хөдөлмөрийн хүндэт медальт Б.Намжилсүрэн гэх мэт эл ангиас салбар салбартаа тэргүүлж явсан мундагуудыг тоолоод байвал барахгүй. Үүгээрээ ч эдний анги бахархдаг аж.

НЭГ НЬ Ч АНГИАСААШИЛЖИЖ ЗҮРХЛЭЭГҮЙ “Б”-ГИЙНХЭН

120 мянгатад амьдардаг 24 охид, хөвгүүд нэг анги болон элсэж, төгсөн төгстлөө хамт суралцжээ. Энэ бол Орос хэлний Наран багштай 10б ангийнхан юм. Орос хэлний багшийн анги учраас орос хэлдээ тун ч гарамгай байж. Тухайн үед сургуулийн сурагчид ЗХУ-д суралцахын тулд нэг жил хэлний бэлтгэлд суудаг байсан. Харин эл ангийнхан шууд л ЗХУ-руу дээд сургуульд ордог байж. Энэ ч утгаараа ангийнхан дунд гадаадад сурч, ажиллаж байсан, амьдардаг охид, хөвгүүд олон байдаг гэнэ. Тэд наймдугаар ангидаа 14 сурагчдаар бүл нэмцгээж 38 хүүхэд төгсжээ. Манай анги Цэвэрч, нямбай соёлч нөхөрлөлийн анги байсан гэж ангийн охин Д.Оюунцэцэг бидэнд ярьсан юм. Сурлагаараа үеийнхэн дундаа толгой цохиж эхэлсэн тэдний нөхөрлөл ихэвчлэн л нэгнийдээ хичээл давтахаас эхэлдэг байж. Бүгдийг л хамтдаа даван туулсан тэд 120 мянгатын 22 дугаар байр дунд л хүүхэд насаа өнгөрөөжээ. Сургууль руугаа цуг явна, өглөө босч хичээлээ хамт давтана гээд хамт өнгөрүүлсэн мөч бүр нь үнэ цэнэтэй ажээ. Эл ангийн Х.Баярбат Г.Очирмаа нар гэр бүл болсон. Одоо хоёр хүүтэйгээ Германд амьдарч байгаа. Нэг нь ч ангиаасаа шилжиж зүрхлээгүй эл ангиас Алтан гадас одонгоор Д.Оюунцэцэг, Буянжаргал, Одонгэрэл, Атартунгалаг, Нэргүй, Байгальмаа нар энгэрээ мялаажээ. Харин Цэргийн гавьяны улаан тугийн одонг Буянжаргал хүртсэн байна. Монгол Улсын зөвлөх инженерийг Доктор профессор Д.Нэргүй хүртжээ. Түүнчлэн энэ ангийн бас нэгэн зөвлөх инженерч мэргэжилтэн бол Оюунцэцэг юм. Энэ мэтчилэн Б-гийнхний мундагуудыг дурдаад байвал дуусахгүй билээ.

ЭВСЭГ НИЙТЭЧ “В”-ГИЙНХЭН

Ардын боловсролын тэргүүний ажилтан, математикийн багш Дэжидийн удирдсан 8г, 10в ангийнхны талаар өгүүлье. Эл ангийг 36 охид, хөвгүүд төгсжээ. Хамтач, сурлага хүмүүжлээрээ үлгэр жишээ олон сурагчидтай, эвсэг зан чанар бол тус ангийн тодорхойлолт. Тийм ч учраас сургуулиас зохиосон арга хэмжээ бүрт л жигд оролцдог байлаа. Үүгээр ч зогсохгүй нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэдэг үг энэ ангийнханд л тохирсон үг мэт. Хичээлээсээ хоцорсон нэгэндээ бөөнөөрөө тусалдаг, өөр нэг нь хичээлээ хаяад ирэхээр бөөнөөрөө очиж ухааруулдаг хамтдаа байхдаа хамгийн хүчтэй хамт олон болж чаддаг бахархмаар хамт олон бол тэд. Тэр ч утгаараа бусад ангиудаа бодвол хамт олонч сэтгэлгээ, найрсаг зан чанараараа ялгарч чаддаг байсан биз ээ. Эл ангийнхнаас Анагаах ухааны дээд сургуулийг Л.Гүнсэл, Л.Цогтбаатар нар эмч мэргэжлээр, МУИС-ийн эдийн засгийн факультетийг банк санхүүч мэргэжлээр Д.Нарантуяа төгссөн. Мөн Эрхүү хотын их сургуулийг Одонцэцэг сэтгүүлч мэргэжлээр, Политехникийн дээд сургуулийг аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр Т.Цэрэнпунцаг, МУИС-ийн худалдаа эдийн засгийн факультетийг эдийн засагч мэргэжлээр С.Гэрэлмаа, Омск хотын нисэхийн сургуулийг холбооны техникч мэргэжлээр Н.Уламбаяр, МУИС-ийн Биологийн факультетийг агнуур зүйч, биололгийн багш мэргэжлээр Ц.Эрдэнчимэг, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Нябогоор болон МУИС-ийн зах зээл судлаач мэргэжлээр Ц.Энхмаа, Ленинград хотын технологийн дээд сургуулийг оёдлын технологич мэргэжлээр Б.Цолмон, Мөнхцэцэг нар тус тус төгсжээ. Харин Шарын голын усны аж ахуйн технукомыг Газар зохион байгуулагч мэргэжлээр Н.Мөнхтуяа, БНАГУ-ын Геологийн сургуулийг Өрмийн мастераар М.Одгарьд, БНСЧУ-ын хөнгөн үйлдвэрлэлийн техник мэргэжлийн дунд сургуулийг Д.Энхтуяа, Нийтийн аж ахуйн үйлдвэрийн техникумийг Оёдлын мэргэжлээр Д.Оюунбаяр, ХАА-ын технукомын механикчаар А.Нямсүрэн, Металистын ТМС-ийг жолоочоор Б.Энхтайван, Анагаах ухааны дээд сургуулийг Эмчилгээ сувилгааны арга зүйчээр Д.Оюунчимэг нар тус тус төгссөн байна. Онц сурлагатан Д.Оюунцацрал маань харин Анагаах ухааны дээд сургуульд суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар төгсөж чадаагүй. Одоо хувиараа хөдөлмөрлөж байна. Салбар салбартаа ийнхүү ажлын гараанд гарсан тэд нараас маань нэлээдгүй төрийн одон медльтнууд төрсөн. Алтан гадас одонгоор Н.Уламбаяр, Ц.Эрдэнчимэг, Д.Оюунчимэг, Л.Гүнсэл, С.Гэрэлмаа нар энгэрээ мялаасан. Харин Хөдөлмөрийн хүндэт медалийг Д.Оюунчимэг, Ц.Эрдэнэчимэг нар хүртсэн. Түүнчлэн Ц.Эрдэнэбат МУСГЗ цол хүртсэн.

БОРНУУРЫН САА-Д ХУДАГ ГАРГАЖ ЯВСАН “Д”-ГИЙНХЭН

Эл ангийг 37 охид, хөвгүүд төгсжээ. Хар багын хөдөлгөөнтэй сэргэлэн ангийнхан маань бүгд л хувийн бизнес эхлүүлж, амьдралд хөлөө олж, ажил амьдралаа жигдрүүлсэн дээ гэж ангийн охин Л.Энхчимэг хуучилсан юм. Ангийн багшийн үгийг үг хэмээн хүлээж авч явсан нь энэ ангийнхны амьдрал өөд цуцалтгүй тэмүүлдэг зангийн эхлэл аж. Ангийн багш Д.Оюунсүрэн нь Физикийн багш төдийгүй Тэшүүрийн спортын мастер. Тэгээд ч болоогүй олон талын авьяастай байсан нь ангийнханд нь халдварласан гэлтэй. Бусад ангийнхнаасаа нийтэч зан чанараараа тэд гоцгойрч чаддаг байв. Ялангуяа охидууд нь сүрхий гэж үе тэнгийн үхэр, хонь жилтнүүд нь ч бидэнд үг цухуйлгаад амжсан юм. Энэхүү нийтэч, тууштай ангийнхнаас ганц хоёр сурагчийг нь онцолъё. Ангийн охин Д.Энхцэцэг. Тэрбээр МУИС, ШУС-ийн Түүхийн тэнхимийн багш, доктор, PhD, профессор. Монголын хутагт хааны учир, Монгол хаадын товчоо, Монгол хатад, Улсын эх дагина зэрэг сэдэвт бүтээл, хамтын бүтээл 20 орчим, судалгааны өгүүлэл 50 гаруй нийтлүүлсэн. Монгол Улсын боловсролын Тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан. Алтан гадас одонтой нэгэн. Түүнчлэн ангийн охин Лхагважав овогтой Дунгармаа Техникийн их сургуулийг 1984 онд төгссөн. Усан хангамжийн инженерээр Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн ухааны магистр, НАА-н Тэргүүний ажилтан, Алтан гадас, Ус сувгийн удирдах газрын 30 жилийн ойн медалийг тус тус хүртэж байжээ. Мөн эл ангийн сурагч Л.Энхчимэг нь МУИС-ийг төгссөн нэлээдгүй сэргэлэн охин аж. Тэрбээр “Өүлэн менч” ХХК-ийг байгуулан оёдлын үйлдвэрлэлийн чиглэлээр 200 гаруй ажилчидтай хөдөлмөр хамгааллын хувцас болон сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэн өнөөдрийг хүртэл амжилттай ажиллан, Монгол Улсдаа ажлын байр нэмэгдүүлэн олон хүнийг ажилтай орлоготой байлгахын төлөө хичээн зүтгэж байгаа эмэгтэй бизнесмэн аж. Түүний хөдөлмөрийг төр үнэлэн ХХААХҮЯ-ны Тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Мөн ангиас Бямбасүрэн, Цэндбазар Ц.Уранчимэг алдарт эх болсон байна. Салбар салбарын тэргүүнүүд гэвэл Буянжаргал, С.Оюунхүү, Д.Энхцэцэг, Л.Энхчимэг, Ц.Уранчимэг, Л.Дунгармаа, Г.Бадамдулмаа, Д.Чимгээ, Бямбасүрэн нар бий. Гурван спортын мастерыг нь ч мартаж болохгүй. Тэд доор өгүүлэх спорт, урлагаараа тасархай 10г ангийнхантай ана мана, ач тач үзэлцдэг байжээ. Тухайн үеийн бас нэгэн сайхан дурсамж нь тэд улс орныхоо бүтээн байгуулалтад тус болж, Төв аймгийн Борнуурын САА-н Хөдөлмөр зусланд худаг гаргаж, төмс, хүнсний ногоо тарьж байжээ.

СПОРТЛОГ БАГШТАЙ, 20 МАСТЕРТАЙ “Г”-ГИЙНХЭН

Биеийн тамирийн М.Манал багштай 8д, 10г ангийг 46 охид хөвгүүд төгсчээ. Өдгөө тэдний үр хүүхэд, ач зээ, хүргэн бэр нийлээд 220 гаруй болж үржисэн байна. Арван жилийн үерхэл нөхөрхөл, анхны хайр гэдэг сайхан. Тэр л сайхан гэнэн цагаахан дурлалаараа жигүүрлэн ангиас гурван хос төрсөн. Ангийн хөвгүүн Л.Эрдэнэлхагва, Б.Оюун нар дөрвөн сайхан охинтой. Ё.Батсайхан Туяа нар хүү, охинтой болжээ. Тэдний минь амьдрал жигдэрч, ангийн болон сургуулийнхаа бахархал болж явна даа хэмээн ангийнхан нь ярьсан юм. 1979 оны 8д, 10г ангийнхны анги даасан багш нь сургуулийн биеийн тамирын багш М.Манал. Анги даасан багшийн уурлах нь хүртэл “хайр” байдаг гэлцдэг шүү дээ. Ангийнхан маань багшаараа бахархаж, өдгөө ч хэлсэн сургаал үгсээс нь үлгэр дуурайл авдаг гэж байлаа. Спортын хүний чанга гараар хүмүүжсэн болоод ч тэр үү, ангийн сурагчид спортод ихээхэн хорхойтой. Бүр болоогүй 20 гаруй спортын мастертай гэж байгаа. Спортын гавьяа шагналыг нь тоолоод байвал барагдахгүй тийм л спортлог хамт олон. Урлагаараа ч тэргүүлэгч. Үе дундаа тэргүүлдэг байсных нь нэгэн тод жишээ бол Жангар, Гэсэр багт наадмаараа аварга болж, тухайн үеийн Харшийн ёолкод орж байсан гэнэ. Эл ангийн хөвгүүн Ё.Батсайхан УБТЗ-ын тээвэр эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг 17 жил хашсан. УБТЗ ХНН-т 35 жил ажилласан байна. Тэрээр ОХУ-ын Хүндэт төмөр замчин, Олон улсын зөвлөх инженер юм. Ангийн бахархал болсон бас нэгэн сурагч нь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт П.Мөнхгэрэл. Тэрээр ШШГЕГ-ын хурандаа цолтой, Цэргийн хүндэт медаль гээд цэргийн салбараас хүртэж болох бүхий л гавьяа шагналыг хүртсэн нэгэн. П.Мөнхгэрэл нь ШШГЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Түүний эцэг О.Пүрэв ч мөн хурандаа цолтой. Аав хүү хурандаа цолтнуудаараа 8д, 10г ангийнхан бахархдаг аж. Эл ангийн бас нэгэн бахархал нь ангийн охин Сүрэнхүү юм. Тэрээр тухайн үеийн Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн илгээлтээр Савхи, савхин эдлэлийн II үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. “Тавхай овогт Сүрэнхүү маань 1985 онд ахуйн осолд орж, хоёр хөлөө тайруулсан ч хөөрхөн охин төрүүлсэн. Гэсэн ч бидний найз эрүүл саруул нэгэн шиг амьдралын төлөө тэмцэж, үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн ажилласан. Ганц сайхан охиноо АНУ-д сургуульд сургаж байгаа. Энэ мундаг бүсгүйгээрээ ангийнхан нь үргэлж бахархаж явна аа” хэмээн ангийн охин Б.Баясгалан ярьсан юм. Түүнчлэн эл ангиас төрийн дээд одон медальтан ч цөөнгүй төрсөн. Тухайлбал, төрийн шагналт, МУИС-ийн доктор, профессор, хуульч Должингийн Баярсайхан, Алдарт эх Бадамдоржийн Оюун, Б.Чулуун, Алтангадас одонт С.Батсайхан, Б.Баясгалан, П. Мөнхгэрэл, Б.Оюун, Б.Мөнхзул нараараа ангийнхан нь бахархдаг. Мөн Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Оюун, Д.Даваа-дулам, Д.Дулам, Б.Оюунцэцэг, Т.Сүрэнхүү, С.Наранцэцэг, А.Чулуун, Б.Алтанцэцэг нар энгэрээ мялаасан байна. Түүнчлэн салбар салбартаа тэргүүлэгчид болох Я.Эрдэнэ-Очир, Р.Даваадулам, Б.Баясгалан, Я.Туяа, Оюунцэцэг, Т.Сүрэнхүү, Б.Мөнхзул, Ц.Энхболд, О.Зоригтхүү нар юм.

Ийнхүү хүмүүний амьдралын гэрэл гэгээт сурагч насныхаа цаг мөчийг хамт өнгөрүүлж, 40 жилийн хугацаанд нэгнээ үргэлжид санан дурсаж, уулзан учирч, баяр хөөр, жаргал зовлонгоо хуваалцаж яваа нэгэн хамт олны тухай өгүүлэхэд ийм байна. Эвсэг халуун сэтгэлтэй олон мундаг боловсон хүчнүүд төрсөн Ажилчны районы 10 жилийн 18 дугаар сургуулийн 1979 оны нэгэн үеийн төгсөлтийнхөн аз жаргалтай, хийморь лундаатай, сэтгэл хангалуун ажиллаж, амьдарч явна аа. Амьдралын ээдрээт нугачаанд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн 10г-гийн багш М.Манал, 10д-гийн багш Д.Оюунсүрэн болон 10а-гийн сурагч Н.Энхтайван, 10б-гийн сурагч Батцагаан, 10в-гийн сурагч Амарсайхан, Бурмаа, 10д-гийн сурагч Баттөгс, 10г-гийн сурагч Дамдинсүрэн нарыгаа нөхөд нь үүрд мөнх дурсан санана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *