Мөрдөн Байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна. Сэлэнгэ аймгийн харьяат 43 настай эрэгтэй О нарын гурван иргэн Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт цулбуурт, булуу цагаан гэх хоёр төрлийн 40 гаруй загасыг зохих зөвшөөрөлгүйгээр барьсан байжээ.
Загас барихдаа тор татан хийлдэг завь ашиглажээ. Зөвшөөрөлгүйгээр ан агнуур хийж, загас барьсан тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд зааснаар “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” эсвэл “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд Ан агнуурын тухай хуулиар хариуцлага хүлээлгэн шийдвэрлэнэ” хэмээн тусгажээ.