Categories
мэдээ спорт

3х3-ын сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ

Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг олон улсын сагсан бөмбөгийн холбоо, Монголын 3 3-ын сагсан бөмбөгийн холбоод хамтарч Улаанбаатар хотод “Crocus Event Hall”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Ази болон Далайн бүсийн орнуудын 15 улсын 24 багийн тамирчид оролцохоор ирээд байгаа юм.

Монголын 3х3-ын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мягмаржав “Манай холбооны хамт гурван сарын өмнө эх орондоо тивийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулах эрх авсан. Энэ хугацаанд олон улсын сагсан бөмбөгийн холбооны стандартын дагуу шаардлагатай сагсны талбай, DJ, шууд дамжуулах телевизүүдийг бэлтгэж маргааш нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Дэлхийн хэмжээнд өрсөлддөг олон тамирчид оролцож буй нь энэ удаагийн тэмцээний цар хүрээг илтгэж байна” гэж ярьсан юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 12 баг өрсөлдөнө. Монголын баг “А” хэсэгт Япон болон Бахрайны орсон бөгөөд эхний тоглолтоо Баасан гарагт 18:30 цагаас Бахрайны багийн эсрэг хийх хуваарьтай байна. Бахрайны багийн хувьд Дэлхийн чансаанд 52-д, Ази тивд 12-д эрэмбэлэгддэг юм. Харин Японыбаг тивдээ чансаагаар тэргүүлж Дэлхийд 13 дугаарт жагсдаг.

Бид энэ үеээр Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрнямаас тэмцээний талаар тодруулга авсан юм.

-Манай улсад анх удаагаа 3х3-ын тивийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож, Монголын баг анх удаагаа оролцох гэж байна. Энэ тэмцээнд зориулж бэлтгэл сургуулилт хийсэн бэ?

-Бидний хувьд энэ оны дөрөвдүгээр сард Нанжины челленжид оролцсон. Үүнээс хойш бэлтгэл сургуулилт тасралтгүй хийсэн.

-Энэ удаагийн тэмцээнд оролцогч багуудын талаар. Монголын багийн хувьд тэдэнтнй өмнө таарч тоглож байсан уу?

-Тиймээ. Дийлэнх багуудтай нь тоглож байсан. Өнгөрсөн Азийн танхимын спортын наадамд Катарын багтай ширүүн тоглолт хийж байсан. Мөн Киргизстан, Япон зэрэг орны багуудтай өрсөлдөж хожиж байлаа. Харин Хятадын багтай тоглож байсан ч энэ тэмцээнд өөр тамирчид ирсэн.

-Монгол Улсаа төлөөлж оролцох “UB Garuda” баг хэзээ байгуулагдаж байсан бэ? Багийнхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2016 онд М.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, О.Нямбаяр бид дөрөв анх Элсний наадамд оролцож мөнгөн медаль хүртэж энэ багийн суурь тавигдаж байсан. Үүний дараа жил 2017 онд олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээнд оролцох урилга ирсэн. Улмаар дөрөвдүгээр сард Нанжины челленжид оролцсон. Одоогоор зургаагаас долоон тэмцээнд оролцоод байна даа. “Ворлд тур” тэмцээнд оролцож Дэлхийн шилдэгүүдтэй тоглож дөрөвдүгээр байр эзлэсэн.

-Энэ спортын төрөл 2020 оны Токиогийн олимпийн хөтөлбөрт багтсан. Монголын багийн хувьд олимпийн наадамд оролцох боломж байгаа юу?

-Боломж байлгүй яахав. Бидний хамгийн эхний сорил энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн. Амжилт үзүүлбэл Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, ирэх жил зохиогдох оноо цуглуулах тэмцээнүүдэд амжилт үзүүлбэл багийн спортын төрлөөр олимпод оролцох бүрэн боломжтой.

-Танд амжилт хүсье

О.ДАШНЯМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *