Сэм Уолтон гэдэг хүнийг Америкт мэдэхгүй хүн байхгүй бизээ. Тэрээр “Уолмарт” сүлжээ дэлгүүрийн үүсгэн байгуулагч юм. Зүйрлэж хэлбэл Америкийн “Номин” сүлжээ дэлгүүрийн эзэн л гэсэн үг. Тэрээр 1992 онд 74 настайдаа өөд болсон ч өнөөг хүртэл түүний гэр бүл Америкийн хамгийн баян гэр бүлүүдийн нэгээр тооцогдсоор байгаа юм.
2022 оны байдлаар Валтоны гэр бүлийн хөрөнгө 240 тэрбум ам.доллар байжээ. Гэсэн хэдий ч Уолтон дэлгүүрийнхээ логотой хямдхан давуун малгайг өмсдөг өвгөн байж. Нээрээ л дансанд нь хэдэн зуун сая ам.доллар байхад хүмүүст яаж харагдах, бусад хүмүүс юу гэж бодох хэнд хамаатай байх вэ. Тиймээс өөрийнхөө толгой дээрээ гэр бүлийг нь хэдэн үеэр нь хангалуун амьдруулах дэлгүүрийнхээ нэртэй малгайг тохох нь зөв. Амьдралын хувьд ч тэрээр даруухан хэв маягтай хүн байсан гэлцдэг. Хэрвээ би буруу санаагүй бол дэлгүүрийнхээ салбарыг өөр мужид нээх төлөвлөгөөтэй байхдаа өөрийнхөө дотны найз болох Ол Ройтой танилцаж байжээ. Хэдийнэ олон дэлгүүртэй болсон байхдаа ч зочид буудалд бууж мөнгө үрэлгүйгээр Ол Ройныд хонож, буйдан дээр нь унтаж байсан ч гэлцдэг юм. Зарим нэгэн хүмүүс нарийндаа хатсан нөхөр вэ гэх л байх. Гэхдээ тэр хүнд бусдын юу гэж хэлэх чухал биш хойно.
Харин үйлчлүүлэгч хаан гэдэг үгнийхээ учрыг тэрээр тайлбарлахдаа “Үйлчлүүлэгч бол хаан. Үйлчлүүлэгч компанийн ТУЗ-ийн гишүүдээс авахуулаад кассчин хүртэл бүх хүмүүсийг ажлаас нь халж чадна. Хэрхэн бэ гэвэл зүгээр л мөнгөө өөр газар үрж” гэсэн юм. Нээрээ л үйлчлүүлэгчгүй газар дампуурч тэнд байсан дарга цэрэг бүгд ажилгүй болдог билээ.