Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Фридрих Эбертийн сантай хамтран Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлгийг Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгууллаа. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч бүхий тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар удирдан явууллаа. Хэлэлцүүлэгт хууль сахиулагч байгууллагууд, тухайлбал прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих хяналт, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагаа түүнд тулгамдаж буй асуудлаа, цагдаа, гааль, татвар, мэргэжлийн хяналтын газрууд болон Эрүү, захиргааны хэргийн шүүхүүд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх, түүнд тулгамдаж буй асуудлаа тус тус танилцуулж, хуулиудад оруулах нэмэлт өөрчлөлтөд санал, зөвлөмжөө өглөө. Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал хууль тогтоогч, хууль сахиулагчид хамт суугаад хуулиа сайжруулж, боловсронгуй болгох шаардлагуудыг бүх талаас нь хэлэлцэж байгаагаараа онцлог байгааг дурдаад аливаа хуулийн төслийг боловсруулахдаа эрдэмтэн судлаачдын судалгаа, дүгнэлтэд үндэслэх шаардлагатай байна гэлээ.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд бол нийгмийн хэв журмыг хангах тулгуур хууль төдийгүй цагдаагийн албан хаагчдын гарын авлага юм. Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан Зөрчлийн хуулийн 200 гаруй зүйл, заалтыг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа хүндрэл бэрхшээлийг засаж, залруулахад өнөөдрийн хэлэлцүүлэг чухал алхам болж байна. Зөвхөн цагдаагийн байгууллагын зүгээс гэхэд гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах, жижиг хулгай, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэн, цагдаагийн харилцааны асуудал зэргийг хөндсөн 26 төрлийн нэмэлт, өөрчлөлтийн санал өгч байна гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Тус яам уг зөвлөмжид үндэслэн эдгээр хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах юм гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.