Categories
мэдээ нийгэм

26 настай, эрэгтэйг бүлэглэн зодож, шатаасан этгээдүүдийг баривчилжээ DNN.mn


Таван иргэн бүлэглэн 26 настай залууг шатаасан байж болзошгүй хэрэг энэ сарын 16 /2022.09.16/-нд гарсан. Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн алба хаагчид дээрх хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж, шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилсан.

Тодруулбал, 26 настай, эрэгтэйг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай буюу 15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У” нартай бүлэглэн хохирогчийн бугуйн цаг, гар утас зэргийг нь дээрэмдэн зодож, улмаар банкны картны нууц дугаарыг нь хэлүүлэхийн тулд нүцгэлэн дээрээс нь шатамхай шингэн цацаж, гал тавин шатаагаад хэргийн газраас зугтсан нөхцөл цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна.

Мөн хойшлуулшгүй ажиллагаагаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны есдүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны есдүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *