Categories
мэдээ нийгэм

2482 орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт тусгагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд одоогоор 34 аж ахуйн нэгж 1547 га газарт төсөл хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 2014 онд дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 560 айлын 5 блок орон сууцны барилга болон 300 хүүхдийн цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулсан. Харин 2015 оны инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн Удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч компаниудтай уулзлаа.
Төслийн хүрээнд 1189 айлын 62 га талбайг чөлөөлөн 12 компани барилга угсралтын ажлаа эхлүүлсэн бөгөөд 2015 онд 2492 айлын орон сууц ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа албаныхан мэдээллээ. Мөн Улаанбаатар – орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журмыг НИТХ-ын 24 дүгээр хуралдаанаар баталсан талаар Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх томоохон дэмжлэг болохыг дурдлаа.
Нийслэлийн ИТХ-ын дарга, Төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн гурван талт гэрээний ажлыг эрчимжүүлэх, 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэн барилга угсралтын ажлаа яаралтай эхлүүлэх үүрэг өглөө. Мөн эдгээр ажлыг хийж хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхийг нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэгдлээ гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *