Авлигатай тэмцэх газар энэ сарын 10-14-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 202 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.
Нийт 549 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 288 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 245 нь зөрчилгүй байсан бол 17-ийг нь буцааж, 26-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 261 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байгаа аж.
Дүүргүүдийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Батжаргал, Улаанбаатар төмөр замын Зорчигч тээврийн албаны даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Нарантуяа, Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Анхтуяа нарын зэрэг 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 17 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 26 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна. Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.