Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Увс аймаг, Давст сум, Зүүн хөвөө багийн “Нуурын хөвөө” гэдэг газарт Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас наймдугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 17:06 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж 18:15 цагт тус багийн   “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Боловсролын 2421 сургалтын байгууллагад 54189 үндсэн багш ажиллаж байна DNN.mn

Боловсролын ерөнхий газар 2023-2024 оны хичээлийн жилд багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагаанд давхардсан тоогоор нийт 74.852 багш, ажилтан хамруулжээ.

Боловсролын нийт 2421 сургалтын байгууллагад 54189 үндсэн багш ажиллаж байна.

Үүнд:

  • Сургуулийн өмнөх боловсролын сургалтын 1410 байгууллагад 9733 багш
  • Ерөнхий боловсролын сургалтын 871 байгууллагад 36993 багш
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын 69 байгууллагад 2351 багш
  • Дээд боловсролын сургалтын 64 байгууллагад 5112 багш тус тус байна.
Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгс” нийтлэл хэвлэгдлээ

Categories
story-news

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа

Ц.Туваан: Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ямар нэгэн гацаа саад бага гарна гэж харж байгаа

Categories
story-news

Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна

Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна

Categories
story-news

Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу

Төрийн ордноос хөөгдсөн “Орогнолын” Засгийн газар тагнуулын байраар дамжиж Кувейтын аманд байрлах уу

Categories
мэдээ улс-төр

Нам, эвсэл энэ сарын 12-оос өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ DNN.mn

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-аар нам, эвсэл 2024 оны наймдугаар сарын 12-оос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлнэ.

Нам, эвслийг төлөөлж тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын салбар байгууллага нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэхээр хуульчилсан.

Намын сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • сонгуульд оролцох тухай тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх намын байгууллагын шийдвэр, намын даргыг томилсон шийдвэр;
  • намын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • намын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
  • сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
  • энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх намын дотоод журам;
  • орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
  • намын сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл.

Эвслийн сонгуульд оролцох хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • сонгуульд оролцох тухай эвслийг төлөөлөх байгууллагын шийдвэр;
  • эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • эвсэлд нэгдсэн намуудын улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрмийн хуулбар;
  • эвслийг төлөөлөх байгууллагаар батлагдсан сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүний эдийн засгийн тооцоонд хийсэн төрийн аудитын байгууллагын дүгнэлт;
  • энэ хуульд нийцсэн нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх эвслийн дотоод журам;
  • орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, ээлжит бус, нөхөн болон дахин сонгуульд тухайн сонгуулийн жилийн өмнөх тайлант жилийн хугацаанд тухайн намд иргэн, хуулийн этгээдээс өгсөн хандивын төрийн аудитын байгууллагаар хянуулж баталгаажуулсан тайлан;
  • эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүтэц, бүрэлдэхүүн, хаяг, харилцах утасны дугаар, цахим шуудангийн хаяг, ажиллах хүний тоо зэргийг агуулсан мэдээлэл;
  • эвслийн гэрээний хуулбар;
  • эвсэл байгуулах тухай нам тус бүрийн шийдвэр.

Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, 5 хоногт багтаан нам, эвслийг бүртгэх эсэх шийдвэр гаргана. Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 8 дугаар сарын 27-оос 9 дүгээр сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.

Эх сурвалж: СЕХ

Categories
гадаад мэдээ

Трампын сонгуулийн тактик DNN.mn

Олон нэрт улс төр судлаачид “Трампыг ерөнхийлөгч болгохгүй байх гол дайсан нь Трамп өөрөө юм ” гэж мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл CNN-ийн сэтгүүлч Фредрика Шоутен, Кейт Салливан, Жефф Зелени, Стив Конторно, Ману Ражу, Морган Риммер, Данья Гейнор, Лорен Фокс нарын хамтран бичсэн “How two topsy-turvy weeks up­ended Trump’s 2024 cam­paign” буюу “Хоёр долоо хоног Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажлыг хэрхэн орвонгоор нь эргүүлэв” нийтлэл үүнийг баталж орхив. Энэхүү нийтлэлийг товчлон орчуулбал:

Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өөрчлөлт хурдтай явагдаж байна. Харрис санал асуулга болон хөрөнгө босгох ажилд Трампын Байденыг тэргүүлж байсан тэргүүллийг эргүүлж, ерөнхийлөгч асан хар арьст болон латин гаралтай сонгогчдын дунд байгаа Ардчилсан намын давамгайллыг арилгах боломжгүй болж, Трампын 2016 оны маягийн “өрсөлдөгчөө дайрах” тактикийг сонгогчид эсрэгээр хүлээн авч магадгүй болоод байна. Тухайлбал, Трампын сонгуулийн кампанит ажлын зөвлөх Жон Маклафлин CNN-ийн “Inside Politics буюу Улс төрийн тогоонд” нэвтрүүлэгт оролцохдоо “Яг одоо сонгуулийн өрсөлдөөнд эрчимтэй өөрчлөлт гарч байна” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Трамп асуудлууд дээр өрсөлдөгчөө ялах болно” гэж хэлсэн ч “Та нарын яриад байгаа зүйл чинь бидний хүсч байгаагаас өөр зүйл байна. Сайн байна, бид сонгогчдод бидний хэн нь зөв болохыг шийдэх сонголт үлдээхийг хүлээн зөвшөөрч байна” гэж Трампыг улс төрийн гол шугамнаасаа хазайж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.

Харрис “гэнэт” гарч ирсэн нь сэтгэлээр унаад байсан Ардчилсан намынхныг сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэнэт шинэ өөдрөг үзэлтэй болгосон бол Бүгд найрамдах намын Трамп болон түүний холбоотнууд сонгогчдод түүний хэлсэн үгэнд бус хийх ажилд нь анхаарлаа хандуулахыг хүсч байна. Иймээс Трампын сонгуулийн зөвлөх Жон Маклафлин “Хүмүүс сонгуулийн явцын эргэлтийн тухай ярихаа болих хэрэгтэй” гээд өөрийн Бүгд найрамдах намынхандаа хандан “Ардчилсан намынхан Байденыг Харрисаар сольсон үйл явцын талаар гомдоллохоо зогсоох цаг болсон” гэж уриалаад “Бид эхний тэмцээнд түрүүлсэн, одоо бэлтгэлийн хувцсаа сольж, дахин нэг уралдаанд түрүүлэх ёстой” гэж хэлсэн байна. Харин Мичиган мужийн Окленд дүүргийн Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны ажилтан Харпер Уэст CNN-д “Харрисыг ерөнхийлөгчийн сонгуульд батлах тэр мөчид бүх зүйл яг эсрэгээр эрс өөрчлөгдсөн” гээд “Би 50 орчим жил сонгуулийн сурталчилгаа хийсэн. Би амьдралдаа бид ингэж нэр дэвшигчээ сүүлийн мөчид сольж эрс өөрчлөлт хийж байхыг хараагүй. Үнэндээ дэд ерөнхийлөгч Харрисын эргэн тойронд маш их сэтгэл хөдлөл ажиглагдаж байна. Би ийм явдалд дасаагүй. Олон хүн маш их баяр, хөөртэй байна” гэж хэлжээ.

Ерөнхийлөгч асан Трамп Атланта хотод болсон өөрийн сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр “Би Харрисыг тодорхойлохыг ч хүсэхгүй байна. Би зүгээр түүнийг хэн болохыг л хэлмээр байна. Тэр бол “аймшгийн кино”. Тэр манай улсыг сүйрүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ үеэр Харрис олон нийтэд хандан “Трамп, Байден нар оролцохоор тохиролцсон ирэх сарын 10-нд болох ABC телевизээр зохион байгуулагдах мэтгэлцээнд би оролцоно” гэж мэдэгдэв. Харин ерөнхийлөгч асан үүний оронд Fox News-ээр уг мэтгэлцээнийг явуулахыг уриалж “Ирэх сарын 4-нд консерватив сүлжээгээр түүнтэй мэтгэлцэх болно. Эсвэл би түүнтэй огт нүүр тулахгүй” гэж мэдэгджээ. Харрис хариуд нь өнгөрсөн тавдугаар сард ABC-ийн мэтгэлцээнд оролцохдоо Трампын амлаж байсныг сануулаад “Түүний зөвшөөрсний дагуу би есдүгээр сарын 10-нд тэнд байх болно. Түүнтэй тэнд мэтгэлцэнэ гэж би найдаж байна” гэж олон нийтийн сүлжээнд бичжээ.

Трампын сонгуулийн зөвлөхүүд Харрисын эсрэг кампанит ажилд Байденыг шүүмжилж байсан гэмт хэрэг, цагаачлал, инфляци зэрэг асуудалд сонгогчид анхаарал хандуулна гэж үзсээр байгаа бөгөөд дэд ерөнхийлөгч эдгээр сэдвүүдэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн сурталчилж байна. Энэ бол урьд нь сонгуульд хэрэглэж байсан Трампын “Өрсөлдөгчөө дайрах” тактик бөгөөд харин энэ удаа 2016 оных шиг түүнд эерэг нөлөө авчрах нь эргэлзээ төрүүлж эхлээд байна. Учир нь сонгуулийн кампанит ажлын явцаас гадна Трампын зарим ойрын холбоотнууд ч “Трампад одоо өрсөлдөөний шинэ стратеги байхгүй байна” хэмээн санаа зовж байна. Тухайлбал, нэрээ хэлэхийг хүсээгүй Трампын ойрын нэгэн эх сурвалж CNN-д “Сонгуулийн кампанит ажлын явц сэтгэл түгшээж байна. Бид бодит байдал дээр ямар ч давуу байдлыг олж харахгүй байна. Иймээс аль ч хэвлэл мэдээлэл бидний талд зогсохгүй байна” гэж хэлжээ.

Соломон хааны Баптист сүмийн тэргүүн, пастор Чарльз Уильямс “Харрисын талаар хийж буй түүнийг доромжилсон тайлбарууд Бүгд найрамдах намынханд сөрөг нөлөө үзүүлж, дэд ерөнхийлөгчийг дэмжих хүмүүсийг нэмэгдүүлэх болно. Хэрэв тэд түүнийг арьсны өнгөнөөс нь болж онилж эхэлбэл энэ нь “Хөөе, түр хүлээгээрэй, би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлэх хүмүүсийг эрс нэмэгдүүлэх болно” гэж мэдэгджээ. Бүгд найрамдахчуудын олонх нь үүнтэй санал нэг байна. Трампын компанийн нэгэн зөвлөх “NABJ телевизэд ярилцлага өгөхдөө “Трамп Харрисын арьс өнгөний байдалд халдсанаар алдаа гаргасан” гэж хэлэв. Мөн Капитолын ордонд ч олон Бүгд найрамдахчууд, тэр дундаа Трампын олон жилийн холбоотнууд экс ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилж байна. Тухайлбал, Өмнөд Каролина мужийн сенатор Линдси Грэхэм “Би дэд ерөнхийлөгчийг таньдаг болоод удаж байна. Тэр АНУ-ын өв уламжлалаар үргэлж бахархаж ирсэн” гэж хэлжээ.

Сонгуулийн сурталчилгаанд нөлөөлж буй бас нэгэн чухал зүйл бол 2021 онд сэтгүүлч Такер Карлсоны хөтөлж байсан “Fox News” телевизийн шоунд оролцсон, тухайн үед Сенатад нэр дэвшиж байсан Вэнс Ардчилсан намынхныг доромжилж, “Өөрсдийн амьдрал, сонголтоосоо болж өрөвдөлтэй, хүүхэдгүй мууран хүүхнүүдийн бүлэг АНУ-ыг удирддаг” гэж хэлснийг нийгмийн сүлжээнд тавьсан нь сонгогчдын дунд шуугиан дэгдээгээд байгаа явдал билээ. Капитолын танхимын зарим Бүгд найрамдахчууд уг мэдэгдлийг хамгаалахаас татгалзаад байна. Тухайлбал, Бүгд найрамдах намын Аляскийн сенатор, Лиза Мурковски “Дэд еранхийлөгчид нэр дэвшсэн Вэнсийн хэлсэн үг эмэгтэй хүний хувьд намайг доромжилсон явдал. Эмэгтэйчүүд муур эсвэл нохойтой байх уу, эсвэл хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгийг өөрсдөө шийддэг” гэж хэлжээ. Харин Трамп, Вэнс нарын зөвлөхүүд CNN-д “Охайо мужийн сенаторын хэлснийг “баллуурдах”-ын тулд сонгуулийн тогтворгүй мужуудад түүнийг илүү их айлчлал хийлгэх, хандив цуглуулах, олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх зэрэг илүү идэвхтэй хуваарьтай байлгахаар төлөвлөж байна” гэж хэлжээ. Гэхдээ Вэнсийн гол зорилго бол сонгуулийн кампанит ажилд сахилга баттай улс төрийн элч болж харагдах явдал бөгөөд энэ нь сонгуулийн шугамнаас байнга хазайдаг Трампаас илүү анхаарлаа төвлөрүүлнэ гэсэн үг юм. Вэнсийн гол зорилго бол Харрисын Калифорнийн ерөнхий прокурор байхдаа хийсэн ажлыг шүүмжилж, түүнийг Байдены засаг захиргааны “хилийн асуудал”-ыг хайхрахгүй орхисон болгож харуулах явдал юм. Гэтэл Аризона мужид Вэнс Трампын Харрис руу хийсэн хуурамч халдлагыг хамгаалж орхисон бөгөөд CNN-д өгсөн ярилцлагадаа “Хараач, түүний хэлсэн зүйл бол Камала Харрисыг хамелеон гэдгийг илчилсэн явдал. Энэ бол хүн бүхний хувьд нэгэнт ил болсон зүйл бөгөөд Харрис ямар үзэгчдийн өмнө байгаагаас шалтгаалж өөр хүн шиг дүр эсгэдэг. Ерөнхийлөгч ингэж хэлэх нь туйлын үндэслэлтэй зүйл гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

 

Бэлтгэсэн

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.07/-нд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл,
  • Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар,
  • Улаанбурхан өвчний нөхцөл байдал,
  • Монгол Улсад тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид авах арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн байна.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Багш Ш.Баатармаа: Гүйцэтгэлийн үнэлгээнээс болж олон багш сайн муугаараа дуудуулан ажлаасаа гарч, өөр салбар руу дүрвэж байна DNN.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийн багш Ш.Баатармаатай ярилцлаа.


-Өмнөх Боловсролын сайд Л.Энх-Амгалан гүйцэтгэлийн үнэлгээг анх хэрэгжүүлэхдээ боловсролын салбарын томоохон шинэчлэл хэмээн зарлаж байсан. Бодит байдал дээр хэр хэрэгжиж ирсэн бэ?

-Гүйцэтгэлийн үнэлгээ нь үнэлгээ дүгнэлт, арга аргачлал буруу явж ирсэн. Байх шаардлагагүй гэж би боддог. Янз бүрийн алдаатай аргаар багш нарыг үнэлж байгаа юм. Багш нарыг бодит байдлаар үнэлэхгүй, сурагчдын агуулгаар, дундаж түвшнээр авахгүй, хүндрүүлсэн материалаар 40-хөн минутад маш их даалгавраар авч байгаа нь багш нарт урамшуулал өгөхгүй л гэсэн санаатай хуурамч үнэлгээ гэж боддог.

Гүйцэтгэлийн үнэлгээ нь дөрвөн түвшинд үндсэн цалингийн 10, 15, 20, 25 хувиар бодож, урамшуулал олгодог. V түвшнээс дээшээ урамшууллын мөнгө авахгүй гэсэн үг. Байгууллагын үнэлгээ гэж тусдаа бий. Цэцэрлэгийг бол бүр үнэлэх шаардлагагүй. Хэлд ороогүй хоёрхон настай хүүхэд яаж багшийгаа үнэлүүлэх юм, хоёр настай хүүхдээр үнэлүүлдэг газар дэлхийд манайхаас өөр хаана ч байхгүй.

Багш нар гурав дахь жилдээ үнэлгээнд орлоо. Эхний удаад авч байгаа байгууллага нь ч тэр, өгч буй багш нар ч тэр хаа хаанаа туршлагагүй хандсан байж болно.

Дараа дараагийн жилээсээ илүү сайжрах юм болов уу гэсэн жил бүр өөрчлөгдсөн зүйлгүй сүр бадраасан нэрийн дор багш нарыг сайн муу гэж ялгаж байна. Шинээр ажилд орсон залуу багш нарыг мохоож байгаа бас нэг шалтгаан нь энэ гүйцэтгэлийн үнэлгээ болж буй нь үнэн. Үнэлэгдэж чадаагүй бол чи муу багш гэх хандлага тэр байгууллага дотор үүсч, багш хийхээ больё доо гэх бодол олон багш нарт төрөх болсон. Багш нар гүйцэтгэлийн үнэлгээнээс болж бусдад гадуурхагдах мэдрэмжийг авч байна.

Багш нарын үндсэн цалин хэд билээ, дээрээс нь суутгалууд маш ихтэй, тиймээс яалт ч үгүй үнэлгээний урамшууллыг үндсэн цалиндаа шилжүүлсэн нь зөв юм. Манай холбооны зүгээс 9200 гаруй багшаас санал асуулга авахад 98 хувь нь гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шилжүүлсэн нь зөв гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа гүйцэтгэлийн үнэлгээг болиод урамшууллыг нь үндсэн цалинд шилжүүлж байж багш нарын амьдралд тус дөхөм болох юм.

-Энэ удаа үнэлгээндээ байгууллагаараа тааруу дүн авлаа гэхэд урамшуулалгүйн дээр дараагийн үнэлгээ хүртэл сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөлд ажилладаг юм шиг санагдсан.

-Ерөнхийдөө багш нар нь тааруу байгууллага үнэлэгдэж чадаагүй бол үнэлэгдсэн байгууллагатай шифийн холбоотой ажиллаж үнэлэгдэх хүртэл нь хамтарч ажилла гэдэг байдал нэг хэсэг явсан. Тодорхой мэдээлэл, ахиц дэвшил гарахаар үйл ажиллагаа юу ч болоогүй. Хоёр сургуулийн хооронд хамтарсан спортын тэмцээн зохион байгуулах нь ямар ч үр дүнгүй юм.

Дээд албан тушаалтнууд шат шатандаа гүйцэтгэлийн үнэлгээг хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой биш байна.

Хангалтгүй үнэлгээ авсан цэцэрлэгүүдэд зөвлөн туслах ирэх сургаар хүүхэдтэйгээ ажиллах ёстой багш өдөр, шөнөгүй бичиг баримттай ноцолдож байгаа юм. Байгууллагын бодлогоор дээрээс хүмүүс ирэхэд гайгүй харагдчих санаатайг нь ойлгож байгаа хэдий ч хөрсөн дээрээ ажиллаж байгаа багш нарт олон цагаар ажиллах зэрэг дарамт шахалт маш их ирдэг. Цэцэрлэгийн багш нарын хувьд өглөө 07:30-аас эхлээд орой 18 цаг хүртэл хүүхэдтэй л байж байдаг. Хүний нялх олон хүүхдийг харж хандаж, сурган хүмүүжүүлж байгаа багш нарт зөвлөн туслах нэртэй хөндлөнгийн үнэлгээ шалгалт ороод ирэхэд мэдээж сэтгэл зүйн хувьд ч хүнд шүү дээ. Манай боловсролын салбарын нэг муу жишиг гэвэл гаднаас хүн ирнэ гэхэд багш нарыг цагийг нь тулгаж байгаад шахдаг.

Гүйцэтгэлийн үнэлгээг зөв болгоё гэвэл алхам тутам нь багш нарын гар дээр тодорхой байж байх ёстой. Ер нь гүйцэтгэлийн үнэлгээнд орохын тулд багш өөрийгөө болон хүүхдүүдээ яаж бэлдэх вэ гэдэг нь эхнээсээ дуустлаа ямар үе шаттай явагдах нь тодорхой л байх хэрэгтэй. Цаанаасаа хүүхдийн нэрийг нь сонгодог. Дөрөв, тавдугаар сард гүйцэтгэлийн үнэлгээтэй л гэдэг. Хэн, хэзээ ирэх нь мэдэгдэхгүй оньсого таавар тааж байгаа юм шиг айдас хүйдэстэй байдаг. Одоо болтол бид тавдугаар сард өгсөн гүйцэтгэлийн үнэлгээнийхээ хариуг сонсоогүй л байна. Өөрийгөө яаж үнэлэгдсэн, биднээс аваад явсан материалыг хэн засаж байгаа вэ, миний хүүхэд юун дээрээ алдсан бэ гэх тэр баримт, даалгаврын цаас бидэнд буцаж ирдэггүй. Шалгалтын материал нь бидэнд ирдэг бол үүн дээр алдаж гээд тухайн багш өөрийнхөө үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжтой.

-Таны харж буйгаар багшийн үндсэн цалин хэдэн төгрөг болох нь зүйтэй вэ?

-Багш нарын үндсэн цалин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж, нэг сая, 400 мянга болсон. Шинэ залуу багш нар ямар ч нэмэгдэл авдаггүй. Үндсэн цалингаасаа их хэмжээний татвар суутгуулдаг болохоор маш бага буюу нэг сая ч хүрэхгүй цалинг гар дээрээ авдаг гэсэн үг. Өнөөгийн нийгэмд юмны үнэ ханш ямар байгаа билээ, хамгийн доод цалинг багш нар буюу боловсролын салбарынхан авч байна. Багш нарын үндсэн цалинг доод тал нь 1000 доллар буюу 3 сая 500 мянгад хүргэхийг Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж байгаа. Ингэснээр багш нарын хомсдол арилж, амьдралд авч буй цалин нь хүрэлцэж, тайван ажлаа хийх боломж бүрдэх юм болов уу гэж харж байна.

Олон багш ажлаасаа гарч, амьдралд нь хэрэгцээтэй өөр салбар руу дүрвэж байна. Одоо хичээлийн жил эхлэхэд 20 гаруй хоног үлдсэн байхад манай боловсролын салбарт дөрвөн мянга гаруй багшийн сул орон тоо байна. Нэгдүгээрт цалин, хоёрдугаарт нийгмийн асуудал, гуравдугаарт нь гүйцэтгэлийн үнэлгээгээр багш нарыг маш их мохоож байна. Миний хувьд 10 гаруй жил боловсролын салбарт ажилласан ч ахмад багш нарыгаа харсан ч тэр одоо үргэлжлүүлэн багш хийхгүй л гэж бодож байгаа. Өөрөө дурлаад сонгосон мэргэжил ч гэсэн ажлын ачаалал ихтэй, цалин нь үнэхээр амьдралд хүрэлцэхгүй байна. Энэ нийгэмд чинь үр хүүхдээ тэжээж, хүний дайтай амьдрахын тулд өөр салбарт орж ажиллахаас өөр яахав.

-Боловсролын сайд П.Наранбаяр багш нарыг сэлгэн ажиллуулах талаар мэдэгдэл гаргасан байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Энэхүү саналыг багш нар дэмжихгүй байгаа. Багш нарын зүгээс удирдлагуудыг сольж ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн. Нэг газраа удсан удирдлага ямар байдгийг багш нар ч хоорондоо ярьдаг. Багшийн цалин хангамж амьдралд хүрэлцээтэй байсан бол багш солилцоонд хамаагүй ийш, тийш явж болж байна. Ихэвчлэн багш нар маань сургуультайгаа ойрхон байр түрээслээд төвхнөчихдөг. Гэнэт багш солилцоогоор хаа байсан хол газар руу цөлчихвөл тэр хүний ар амьдрал, үр хүүхдүүд нь яах вэ, цаанаа хүний эрхийн асуудал хөндөгдөж байгаа юм. Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудал, эрүүл мэнд гэсэн гурван асуудлыг ямар ч шийдвэр гаргасан орхигдуулж болохгүй.

Мөн Боловсролын хууль, хөдөлмөрийн хууль хоёроороо зохицуулаад зундаа багш нар 48 хоног амардаг. Үүний тав хоногийг нь өвлийн амралт руу шилжүүлэх сайдын чиглэл, журам гарсан байсан. Үүнийг бид эсэргүүцэж байгаа. Олон сараар чимээ шуугиантай нөхцөлд ажилласан багш нар тархи толгойгоо амраах боломжит хугацаанаасаа тав хоногийг хасуулж, зуныхаа амралтыг бүрэн эдэлж чадахгүй байна гэдэг хүнд л санагдаж байгаа юм. Хавар болоод амралт дөхөөд ирэхэд залуу хүн гэлтгүй хэл ам ээдрээд л ирдэг. Мэдрэлийн ядаргаанд ороод, нойргүйдэлд өртдөг. Амарч байх хугацаандаа багш нар эрүүл мэндийнхээ асуудлыг шийдэж, ар гэртээ анхаарал хандуулдаг.

-Хөдөө орон нутгийн багш нарт нэмэгдэл цалин олгох болсон. Гэсэн хэдий ч багшийн хомсдол арилахгүй байсаар байна. Хот, хөдөө гэж ялгах нь зөв үү?

-Хотын нягтаршлыг сааруулах зорилгоор хөдөө орон нутгийг багш боловсон хүчнээр хангах хүрээнд багшийн цалинг нэмж буй гэж харж байгаа. Уг санаа нь зөв боловч цалин нь нэмэгдэлтэй ч хөдөө орон нутагт багшлах багш ховор байсаар байна. Харьцуулаад харах юм бол Улаанбаатар хотод доод тал нь нэг анги дүүргэлт нь 40 хүүхэдтэй. Хөдөө орон нутагт анги дүүргэлт харьцангуй бага 20, 30 хүүхэд байдаг. Ачааллыг нь бодвол хот, хөдөө гэж ялгалгүй адилхан нэмэгдлийг нь өгмөөр байгаа юм. Шударга биш л гэж үздэг.

-Энэ жил элсэлтийн шалгалтад хүүхдүүд муу дүн үзүүлснийг цар тахлын үеийн цахим хичээлтэй холбон тайлбарлах хүн олон байна л даа.

-Ковид цар тахлын үед онлайнаар суралцсан нь нэг талаараа хүүхдүүдэд сул тал болж байна. Багш нарт цахимаар ажиллах арга зүй, чадварт суралцсан эерэг зүйл бий. Элсэлтийн шалгалтын дүйцүүлсэн оноо нь үнэлгээ дүгнэлт хуурамч байгаагийн илрэл. Хөрсөн дээр буусан дундаж агуулгаар хүүхдүүдийг үнэлдэггүй учраас сул дүн авч байхыг үгүйсгэхгүй.

-APLUS гэх мэт онлайн сургалтад багш нарыг хамруулдаг. Энэ нь хэр үр дүнтэй вэ?

-Цахим сургалт нь үр дүнгүй байдаг. Энэ нь цэвэр мөнгөний юм явж байдаг. Сургууль, цэцэрлэгээс сургалтад суух багш нарын төсвийг гаргадаг. Нэг багш хоёр сургалтад сонгон хамрагдсан байх ёстой гэдэг. Өмнөх жил нь гурван сургалт байсан. Өөрөө сонгон судлах сургалтынхаа сэдвийг сонгож байгаа боловч тэр дотор багш нарт ямар ч хэрэгцээгүй, үр дүнгүй сургалтууд их байдаг. Багшийн ангитайгаа ажиллах цагаас л хумсалж байгаа юм. Хичээлийн жилийн эхэнд календарчилсан төлөвлөгөө гаргаад ажлын байран дээр нь хөгжүүлэх сургалтыг багш нартаа явуулж болно. Түүнчлэн багш нарт ангитайгаа ажиллах цагийг нэмэгдүүлж өгөхгүй бол академик гэхээс илүү хүн болох зүрх сэтгэлийн боловсрол хүүхдүүдэд ихээхэн дутагдаж байна.

-Сургууль эхлэхтэй зэрэгцэн сурах бичгийн асуудал яригддаг. Сурах бичгийн хүрэлцээ хэр байдаг вэ?

-Намар шинэ сурах бичиг шинэчлэгдэж, хэвлэгдэж байгаа гэдэг. Бараг арваннэгдүгээр сар гарсан хойно заримдаа арванхоёрдугаар сард шинэ сурах бичиг ирдэг. Бид хуучин сурах бичгээ номын сангаас аваад хэрэглэдэг. Шинэ сурах бичиг нь хүрээд ирэхэд тавын таван бүлэг байлаа гэж бодъё. Нэг бүлэгтээ 40 хүүхэдтэй, таван бүлэгт 200 хүүхэд бий гэхээр монгол хэлний сурах бичиг гэхэд хүүхдийн тоогоор ирээгүй, яг тал хувь нь ирсэн. Зарим анги нь шинэ, нөгөө хэсэг нь хуучин сурах бичгээрээ явдаг. Бид яг адилхан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр явах гэхээр шинэ, хуучин сурах бичгүүд нь хоорондоо зөрнө. Бүр байхгүй юмуу гэхээр урд нь байсан агуулгыг хойно нь оруулчихсан байдаг. Нэгдүгээр ангийн сурах бичигт “ү” үсгэн дээр үнээ сааж буй зураг орууллаа гэж бодоход сааж буй хүн нь үнээнийхээ буруу талд суучихсан байх жишээний олон алдаанууд сурах бичигт байдаг. Сурах бичиг шинээр хэвлэх нь бас л нэг мөнгө угаалтын хэлбэр гэж боддог. Сурах бичиг зохиох багт олон жил ажилласан туршлагатай, зөвлөх багш нарыг л оролцуулах нь зүйтэй.