Categories
мэдээ эдийн-засаг

Импорт өнгөрсөн оныхоос 27.6 хувиар өсчээ DNN.mn

Оны эхний 7 сарын гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээллээр, тайлант хугацаанд манай улс импортоор нийт 6411.1 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ. Энэ нь 2023 оны мөн үеэс 1387.3 сая ам.доллароор буюу 27.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны:

  •  95.9 хувийг валютын төлбөртэй худалдаа,
  • 0.9 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа,
  • Мөн 0.9 хувийг гадаадын тусламжийн бараа,
  • 1.7 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа,
  • 0.4 хувийг төлбөрт зориулсан бараа тус тус эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

  • машин, техник тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан хэрэгсэл, сэлбэг 1323.7 сая ам.доллар буюу 20.6 хувь,
  • эрдэс бүтээгдэхүүн 1418.2 сая ам.доллар  буюу 22.1 хувь (нефтийн бүтээгдэхүүн 1253.0 сая ам.доллар буюу 88.4 хувь),
  • мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 664.7 сая ам.доллар буюу 10.4 хувь,
  • авто болон агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1351.0 сая ам.доллар буюу 21.1 хувь,
  • үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 554.4 сая ам.доллар буюу 8.6 хувь,
  • химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 338.1 сая ам. доллар буюу 5.3 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 85.0 хувь ногдож байна.

Түүнчлэн оны эхний 7 сард суудлын 68.551 автомашин импортоор авсан нь өмнөх оны мөн үеийнхээс 1.8 дахин нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долдугаар сард 1.5 тонн үнэт металл худалдан авав DNN.mn

Монголбанк 2024 оны 7 дугаар сард 1,514.7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 9.3  тонн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 9.5 хувиар өссөн үзүүлэлт байна.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 335.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 688.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны   7 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 259,674.50 төгрөг байв.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:  Наймдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.


2024 оны наймдугаар сарын 10-наас 2024 оны наймдугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

10-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо, 11-нд төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 10-11-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 400 толгой мал аянганд ниргүүлжээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 1-р багийн нутаг “Хөндий” гэдэг газарт нутаглаж байсан залуу малчин өрхийн 430 орчим мал аянганд ниргүүлсэн харамсалтай үйл явдал тохиосон байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн ОБЕГ, мал эмнэлгийн эмч болон ЗДТГ-ын холбогдох хүмүүс шуурхай дуудлагын дагуу тухайн айл руу тусламж, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.

Холбогдох хүмүүс очиж, үхсэн малыг акталсны дараагаар энэ тоо баттай болох бөгөөд залуу малчин өрхөд сум болон аймгийн зүгээс ээлж дараалан туслах арга хэмжээнүүд ар араасаа төлөвлөгдөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Дархан Аварга Н.Батсуурь чөлөөт бөхийн тамирчин Д.Отгонжаргалд 2 өрөө байр бэлэглэхээ мэдэгдлээ DNN.mn

Дархан Аварга Н.Батсуурь “Олон улсад Чөлөөт бөхөөр улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа Д.Отгонжаргал дүүдээ 2 өрөө байр бэлэглэнэ” хэмээн өөрийн цахим хуудастаа мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

У ГИ ЧУЛ: Агаарын хэм нь хоёр градусаар нэмэгдсэн орон дэлхийд Монголоос өөр байхгүй DNN.mn

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцийн Иргэний нийгмийн сүлжээг удирдах хорооны дарга, “Ногоон Ази” ОУТББ-ын үүсгэн байгуулагч У Ги Чултай ярилцлаа.


-Та анх хэдэн онд Монголд ирж байв. Яагаад “Ногоон Ази” ТББ-ынхаа төсөл хөтөлбөрүүдийг Монголд хэрэгжүүлэхээр болсон бэ?

-Би анх 2000 онд Монголын уур амьсгалын өөрчлөлтийг судлахаар хүмүүстэй ирээд, тухайн үеийн байдлыг харахад үнэхээр ноцтой, аюултай байлаа. Судалгаанаас үзэхэд дэлхийн дулаарлын нөлөөгөөр бусад орнуудад агаарын дундаж хэм +1 градусаар, харин Монголд агаарын дундаж хэм хоёр дахин их буюу хоёр градусаар нэмэгдсэн байсан.

Хөдөө орон нутгаар явж үзэхэд газар нутгийн ихэнх нь цөлжилттэй, гол, нуур усгүй болж, ширгэсэн асуудал их байв. Түүнээс хойш би цөлжилтийг сааруулах ажилд оролцох шаардлагатай юм байна гэж бодсон.

Монгол орон уур амьсгалын өөрчлөлтөөс ийм их хохирол амссан шалтгаан нь юу вэ гэдгийг судлахад дан ганц монголчуудаас үүссэн асуудал биш юм. Хөрш улсууд болох Хятад, Орос, Солонгос, Япон зэрэг хөгжингүй орнууд нь үйлдвэрлэл, аж ахуй ихтэй. Тэдгээр улсууд дэлхийн дулааралд хүчтэй нөлөөлөл үзүүлснээр монгол нутаг нь тэдний хор уршгийн нөлөөллийн хохиролд хамгийн их өртсөн газар юм. Тийм учраас би энэ хүмүүст туслах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс би 24 жилийн өмнөөс “Ногоон Ази” төрийн бус байгууллагынхаа салбарыг Монголд байгуулан мод тарих, иргэдийн амьдралыг сайжруулах үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

-Хэчнээн сум орон нутагт “Ногоон Ази” ТББүйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн төсөл нь хэдэн жилийн хугацаанд хэрэгждэг вэ?

-Анх Улаанбаатар хотоос мод тарих үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

Багануур дүүрэг, Дундговь аймаг, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Төв аймгийн Эрдэнэ, Архангайн Өгий нуур, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай зэрэг 10 гаруй сум, орон нутагт цөлжилтийн эсрэг ойжуулалтын төслийн жишиг загварыг байгуулаад арчлаад, ургуулаад явж байна.

Энэ жил хамгийн сүүлд эхлүүлсэн төслийн талбай Булганы Гурванбулаг суманд бий. Нэг талбайг байгуулахад эхний таван жилд дэд бүтцийнхээ ажлыг хийдэг. Түүнээс цааш иргэдээ чадавхжуулахад анхаардаг гэхээр багадаа 10 жилийн турш нэг талбайн үйл ажиллагааг нь дэмжээд, хамтран авч явдаг. Түүний нэг жишээ нь 2007 онд байгуулагдсан Булган аймгийн Баяннуур сумын ойжуулалтын талбайг өдий хүртэл хамтдаа дэмжээд, иргэдийг нь чадавхжуулаад явж байна. Богино хугацааны төсөл таван жилийн хугацаанд үргэлжилдэг бол урт хугацааны төсөл түүнээс илүү хугацаанд үргэлжилж байгаа.

-Та бүхэн орон нутгийн иргэдийг нас, хүйс харгалзахгүйгээр ажилд авч, цалинжуулж, сургалтад хамруулдаг. Энэ талаараа тодруулбал?

-Анх Япон улстай хамтарч Монголд эхний гурав, дөрвөн жилд зөвхөн мод тарьсан. Тарьсан моднууд маань бүгд үхсэн. Мод тарьсан хэсэгт хөдөөний малчин хүмүүс хашааг нь эвдлэн, малаа дотогш нь оруулж, малын тэжээл болгосонд их харамссан. Цаашдаа ингэж үргэлжлүүлж болохгүйг ойлгосон. Тэгээд Багануурын ойжуулалтын талбайг эхлүүлэхдээ тус газрын иргэдийг оролцуулж, тэднийг цалинжуулж ажиллуулсан. Түүний үр дүнд бүх тарьсан моднуудын 95 хувь нь амьд тэр чигээрээ ургаж байна. Түүнээс хойш заавал нутгийн иргэдийг оролцуулж, зөвхөн цалинжуулахаас гадна өөрсдөд нь үлдэх талбай гэж ойлгуулаад хамтраад үйл ажиллагаагаа явуулах нь зөв гэж шийдсэн. Бид олон улсын төрийн бус байгууллага учраас хэзээ нэгэн цагт тухайн орон нутагт нь ойжуулалтын талбайгаа хүлээлгэж өгөөд явна.

Булган аймгийн Баяннуур сумын ойжуулалтын талбайд ажиллаж буй хүмүүсийн нэг нь гэхэд тухайн үедээ 1300 гаруй малтай малчин байсан. Энэ хүн 2007 оны зуданд бүх малаа харамсалтайгаар алдсан юм. Тэр үед залуухан малчид нь зах зээл хөөж, ажил хийж, амьжиргаагаа залгуулах зорилгоор Улаанбаатар хотын гэр хорооллыг өргөтгөж, орон нутгаасаа явж байсан л даа. Энэ хүн ахимаг настай учраас хот руу явалгүй нутагтаа үлдсэн байсан. Тэр жилийн зуданд малаа алдсан хүмүүсээс манайд ажиллахаар 20 гаруй хүн ирж байлаа. Хов хоосон, сав саарал газар дээр эдгээр хүмүүс бидэнтэй хамтран ажлаа эхлүүлсэн. Тухайн цаг үед мод тарьж байсан хүмүүст мод тарих, үржүүлэх нарийн ногоо тарих, газар тариалан эрхэлнэ гэдэг төсөөлөхийн аргагүй хэцүү ажил байсан л даа. Тийм болохоор бид тэдэнд сургалт явуулж, зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлснээр өнөөдрийн ийм сайхан ойжуулалтын талбайн ажлыг хийж чадсан юм. Дээрх хүмүүс зөвхөн мод тарьж, ургуулаад зогсохгүй “Нөхөрлөл хоршоо” байгуулсан.

Баяннуурт нэг, хоёр, гурав, дөрөв гэсэн ойжуулалтын талбайг байгуулаад нийт 127 мянган га газарт мод тарьсан. Тухайн үед Байгаль орчны яаманд 40 гаруй га-г нь хүлээлгэж өгснөөс үлдсэн 80 га газарт нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна. 80 гаруй мянган мод тарьснаас арчилгааны явцад үлдсэн 56 мянган модыг арчлан, хамгаалаад явж байна. Эдгээр модны тодорхой хувьд нь цаашдын орлогын эх үүсвэр болгож тариалсан жимсний аж ахуй бий. Ойролцоогоор чацарганы 25 мянган мод байгаа. “Ногоон Ази” нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажилладаг, ашгийн бус байгууллага. Тиймээс арчилж, хамгаалж байгаа иргэд орлогын эх үүсвэрээ болгон өөрсдөө чацарганаа худалдан борлуулдаг. Чацарганыг худалдан борлуулаад олсон ашгийн 50 хувийг иргэддээ ногдол ашиг болгон хуваах, 30 хувийг нь эрсдлийн сандаа ашиглаж, үлдсэн 20 хувийг нь үйл ажиллагааны зардалдаа зориулах саналыг анх Баянуурын иргэдээс дэвшүүлсэн байдаг.

-Төсөл хөтөлбөрүүдээ орон нутагт хэрэгжүүлэхэд та бүхэнд тулгамдаж буй ямар асуудал байна. Монголын төр засаг болон орон нутгаас хэрхэн дэмжлэг үзүүлж байна вэ?

-Энэ их чухал асуулт байна. Цөлжилтийн эсрэг төслийг хэрэгжүүлэхэд хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудын дэмжлэг, хамтарч ажиллах байдал их чухал. Бид Байгаль орчны яамтай хамтын ажиллагааны Санамж бичигтэй бөгөөд төсөл хэрэгжих орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулснаар үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн төрийн байгууллагаас ойжуулалтын үйл ажиллагаа явуулж, ашиглах газрын эрхийг олгодог. Гадны байгууллагад энэхүү эрх нь тав, таван жилээр сунгагдаж явдаг. Газрын зөвшөөрлийг сунгаагүйгээс бид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах боломжгүй болоход тарьсан мод маань устаж үгүй болох аюул ч нүүрлэж болох тал бий. Тэнд ажиллаж байсан орон нутгийн иргэдийн хувьд багаар бодоход 20 гаруй хүн орлогын эх үүсвэргүй буюу ажилгүй болсноор тэдний гэр бүл, үр хүүхдүүд гээд олон хүний амьдрал хэцүү байдалд орж байгаа юм. Сүүлийн үед сум орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтарч ажиллахад амар болж байгаа. Өнгөрсөн хугацаанд төвөгтэй хэцүүхэн асуудлууд тулгардаг байсан ч үүнийг бид сайндаа шийдээгүй. Орон нутгийн иргэд хэцүүхэн асуудлуудыг өөрсдөө шийдвэрлэж ирсэн. Тэд сумынхаа баг, иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүртэл өөрсдийн асуудлаа танилцуулж, шийдвэрлүүлж байсан олзуурхууштай сайн жишээ бий.

Төр эрхийнхээ хүрээнд энд мод тарьж болно гээд бидэнд зөвшөөрөл олгодог. Түүний дагуу бид Эрдэнэ сумын ойжуулалтын талбайд мод тарьж байсан. Гэтэл тэнд нэг уул, уурхайн компани манайх танайхаас өмнө зөвшөөрлөө авсан гээд гэнэтхэн гараад ирсэн. Зөвхөн уул, уурхайн хайгуулын зөвшөөрөлтэй. Бид ч гэсэн зөвшөөрөлтэй тул танайхтай зэрэгцээд хайгуулын ажлаа явуулна гэж байгаа юм. Тэр хайгуулын зөвшөөрөлтэй уул, уурхайн компанитай олон жил шүүхдэлцэж, бидний үйл ажиллагаа ч жигд явж чадахгүй өдий хүрсэн. Энэ нь нэг талаараа төрийн байгууллагуудын хоорондоо уялдаа холбоогүй ажилладагтай холбоотой.

-Таны хувьд энэ удаа ямар зорилгоор Монголд ирсэн бэ. Мод тарих чиглэл дээр манай улс юун дээр түлхүү анхаарах хэрэгтэй байна вэ?

-Энэ удаа Монголд ирэхдээ суралцахаар ирсэн. Өмнө нь Монгол модыг тарьдаггүй орон байсан. Сүүлийн үед дэлхийн дулаарлын эсрэг Төрийн зөв зүйтэй бодлогын нэг болох “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, аян явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор мод тарихад их анхаарах болсон. “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийхөө хүрээнд ганцхан Солонгос гэлтгүй олон оронтой сайн хамтарч ажиллаасай гэж хүсч байна. Энэ олон хөгжингүй орнууд тодорхой хэмжээгээр хүлэмжийн хийг бууруулах ажилд оролцох НҮБ-ын өмнө хүлээсэн үүрэгтэй. Нэг га талбайд ногоон байгууламжийг бий болгосноор хэдий хэмжээний хүлэмжийн хийг хадгалж болох вэ гэдгээр нь борлуулахад “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна. Энэ талын судалгааг хийж, батлагдсан тоог гаргавал их үр дүнтэй юм. Өөрсдийнхөө хэмжээнд бид туршилтыг хийж үзсэн. Энэ нь бүрэн батлагдсан тоо биш. Нэг га талбайд зургаан тн хүлэмжийн хийг шингээх боломжтой гэж тооцсон. Тиймээс цаашид тэрбум мод гэлтгүй маш ихээр мод тарих боломж бий гэж харж байна. Модыг арчлахад ургаж, орхивол үхнэ. Тиймээс цаашид тогтвортойгоор үйл ажиллагаа явуулах нь хамгийн чухал.

-Мод тарихын ашиг тусын талаар тодруулбал?

-НҮБ-аас бидний хийж буй ажлаас хоёр зүйлийг хардаг. Биологийн бүтээгдэхүүн гэж ногоон байгууламжийг байгуулснаар нь зөвхөн хардаггүй. Мод тариад салхины хамгаалалт хийлээ. Мөн чацаргана тариаллаа, мод үржүүлгийг хийлээ гэдгээр нь хардаг. Биологийн үйлчлэл, үйлчилгээ хүчин зүйл талаас нь тухайн модыг тарьснаар хөрсийг нөхөн сэргээх, элсний нүүдлийг зогсоох, цөлжилтийг тодорхой хэмжээгээр сааруулах үр дүнтэй гэдгийг нь үндэслэдэг. Мод нь усыг өөртөө шингээж өгдөг. Мод тарьсан газар шар шороон шуурга 10 дахин багасдаг. Мод нь ганц шар шороон шуурга гэлтгүй үер усны аюулаас хамгаалж өгдөг.

 

Л.МИНЖМАА

Б.БОРГИЛМАА

Categories
мэдээ нийгэм

Моторт завьтайгаа голд хөмөрсөн иргэнийг 6 дахь өдрөө эрэн хайж байна DNN.mn

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн “Тэнгис” гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт Онцгой байдлын газарт ирүүүлсэн.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид ар гэрийнхэнтэй иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 7-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 5 алба хаагч 2 бүлэгт хуваагдан анх осолдсон газраас явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд,  дроноор усны мандлаас дээш 2 метрийн өндрөөс самналт хийсэн. Эрлийн ажиллагааг наймдугаар сарын 8-ны өдрийн 08:00 цагт дахин эхлүүлсэн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Оюутны Umoney картаа E-Mongolia-аас захиалан хүргүүлж авах боломжтой DNN.mn

Оюутны хөнгөлөлттэй зорчилт удахгүй эхэлнэ.

Оюутны Umoney картаа E-Mongolia-аас захиалаад хүргүүлээд аваарай.
  • Сар бүр 44 удаа нийтийн тээврээр үнэгүй зорчино.
  • Өнгөрсөн жил картаа захиалж аваад ашиглаж байсан бол идэвхжүүлэх шаардлагагүй.
  • Төгсөх хүртлээ ашиглах боломжтой.
  • Төгссөний дараа ч энгийн карт шиг цэнэглээд ашиглах боломжтой.
  • Амралтын өдөр, олон нийтийн амралтын өдөр, өвөл болон зуны амралтаар хөнгөлөлт үйлчлэхгүй.
  • Дээрх өдрүүдэд картаа цэнэглээд ашиглах боломжтой.
Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулна DNN.mn

Нүүдлийн соёлын хосгүй илэрхийлэл болсон соёлын биет болон биет бус өв нь хүн төрөлхтний түүхийн уртад Монголчуудын соёлын дахин давтагдашгүй байдал, байгаль, цаг уур, газарзүйн онцлогтой уялдан үеэс үед өвлөн уламжлагдаж хөгжил дэвшлийн нэгэн илэрхийлэл болсоор байна. Гэсэн хэдий ч соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах асуудал хүн төрөлхтний өмнө нэн тулгамдсан зорилтын нэг болж, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцид 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Иймээс Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Фестиваль зохион байгуулах тухай” 41 дүгээр тогтоолоор “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг жил бүр зохион байгуулж байхаар боллоо.
Ийнхүү “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг 2024 оны 08 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ы бэлд зохион байгуулахаар болсон бөгөөд “Соёлын биет бус өв”-ийн 7 ай савын хүрээнд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, 14 орны 150 гаруй уран бүтээлчид оролцохоор болсон.

Фестивальд хүрэлцэн ирснээр отог, өртөө бүрээр зочлон өв соёлтойгоо танилцах, үзүүлэн тоглолт үзэж сонирхох, соёлын үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, хүүхэд багачууд гэр бүлд зориулсан соёлын боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдан, амтат хоолоор үйлчлүүлэх бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

Та бүхнийг “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЕХ: Иргэний шилжилт хөдөлгөөнийг ирэх даваа гаригт зогсооно DNN.mn

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-ийн дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-оос зогсоож, аравдугаар сарын 12-оос сэргээнэ.

Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээхээр хуульчилсан.