Categories
мэдээ нийгэм

ЗӨВЛӨМЖ: Аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаараарай DNN.mn

Аялал, зугаалгаар явахдаа дараах зүйлийг анхаараарай:

  • Аянга нь өндөрлөгт байгаа зүйл дээр унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай,
  • Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх,
  • Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх,
  • Радио, телевиз, гар утас зэргийг унтраах,
  • Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх,
  • Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Тиймээс цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух,
  • Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух,
  • Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух,
  • Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх,
  • Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх,
  • Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтойг анхааруулж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шахмал түлшийг есдүгээр сарын 15-наас худалдаална DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд “Тавантолгой түлш” компани 100 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцийг бүрдүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 50 хувьтай байна.

Өнгөрсөн жил нийслэлийн хэмжээнд 650 шахмал түлш борлуулах цэг ажилласан.  Энэ жилийн хувьд наймдугаар сарын 15-наас цахимаар шахмал түлш худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг бүртгэж, есдүгээр сарын 15-наас шахмал түлшийг худалдаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн багш, ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2025 оноос эхлүүлнэ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү сайжрах учиртай. Уг байршилд 11 айлтай зөвшилцөлд хүрч чадвал ирэх оноос газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Ингэснээр тухайн дүүргийн 2, 3, 4, 26, 34, 35, 36 дугаар хороо, Толгойт орчмын хүүхдүүд хоёр настайгаасаа эхлэн ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө гүнзгийрүүлсэн сургалттай хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Тэрчлэн тус дүүргийн 24, 25, 40, 41 дүгээр хороо, Баянхошуу орчмын сургуулиудад кембрижийн хөтөлбөр хэдийн хэрэгжиж эхэлсэн. Мөн 1, 20, 33 дугаар хороо орчимд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулахаар БНХАУ-ын  талтай зөвшилцөөд буй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн бүс болгон гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг олгох боломжтой болно гэдгийг мөн тодотгож байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий аймгийн Бэрх хотыг 3Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнажээ DNN.mn

Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

 ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн хөлийн холбоо хэсгийн өрөмдөгч, ахмад уурхайчин Цэрэндүгийн Болдбаатар,
  • Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төвийн захирал Нямцэрэнгийн Батболд,
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
  • Бэрхийн уулын үйлдвэрийн ахмад уурхайчин, эдийн засагч Наваанцэндийн Баттулга,
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Цэрэндоржийн Лхагвасүрэн,
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн цахилгаанчин Лхамсүрэнгийн Очирхуяг,
  • Бэрхийн уурхайн Дэлгэрхааны хэсгийн өргөх машины машинист, ахмад ажилтан Далхжавын Шангарав,
  • Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын мэргэжилтэн Төмөрбаатарын Отгонтөгс,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
  • Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн ахмад ажилтан Дамдины Чанцалжүгдэр,
  • Хэнтий аймгийн Бэрх хотын захирагч асан Чадраабалын Чинбат,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Хэнтий аймгийн Бэрх хотын Нэгдсэн эмнэлгийн сувилагч Жадамбаагийн Аюуш,
  • “Бэрх-Уул” ХК-ийн харуулын албаны дарга Намжилваанчигийн Батбилэг нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Бэрх хотын иргэд, үе үеийн удирдлага, ажилтан, албан хаагчид, уурхайчдад  Монголын төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Цаашид Бэрх хотын иргэд олсон ололтоо бататгаж, улам их амжилт гаргахыг хүсэн ерөөв.

Мөн төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Categories
мэдээ нийгэм

Ахмадын Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монголд болно DNN.mn

Монголын Шатрын Холбоо нь 1955 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 69 жилийн баялаг түүхэндээ анх удаа ахмад шатарчдадаа чиглэсэн олон улсын чанартай тэр дундаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байна. Тэмцээн нь наймдугаар сарын 9-19 хооронд Тэрэлжийн World Terelj Resort зочид буудалд зохион байгуулагдана.

Тэмцээнд Монгол, ОХУ, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Шинэ Зеланд, Казакстан, Япон зэрэг есөн орны 80 орчим шатарчид оролцохоор мэдүүлээд байна. Оролцогчдоос дурьдвал Монгол улсын 8 удаагийн аварга, анхны Их мастер, МУГТ Б.Хатанбаатар, Ахмадын Дэлхийн аварга, Их мастер, ОХУ-ын тамирчин Галина Струтинская, Ахмадын Азийн аварга, Олон Улсын Мастер, Филиппин улсын тамирчин Хосе Эфрен Багамасбад, тэмцээнд оролцогчдын чансааг тэргүүлэгч Казакстан улсын шатарчин, Олон улсын Мастер Найсибуллын владислав зэрэг тэргүүтэй таван тивийн төлөөлөл болсон шатарчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээн нь Ази тивийн түүхэндээ анх удаа 50-с дээш болон 65-с дээш гэсэн хоёр насны ангиллаар зохиогдож байгаа бөгөөд шагналын сан 9200$-р бүрдэж байна.

Манай тэмцээнийг зохион байгуулахад Биеийн Тамир, Спортын улсын Хороо болон World Terelj Resort зочид буудал хамтран зохион байгуулагчаар мөн ивээн тэтгэгчээр Гэрэгэ системс ХХК, Таванбогд моторс ХХК зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Тэмцээний ерөнхий зохион байгуулалтын комиссын даргаар Монголын Шатрын Холбооны Фиде төлөөлөгч, ОУ-ын шатрын их мастер, Дэлхийн Шатрын Холбооны Глобал Бодлогын Зөвлөлийн гишүүн А.Энхтуул багаа удирдан ажиллаж байна.

Тэмцээний нээлтийн ёслолд тамирчдаас гадна УИХ-ын гишүүд, оролцогч тамирчдын орны элчин сайдууд, шатрын спортын хүндэт зүтгэлтнүүд оролцоно. Тус тэмцээний зохион байгуулагч Монголын Шатрын Холбоонд амжилт хүсэж, Азийн Шатрын Холбооны Ерөнхийлөгч эрхэм дээдэс Шейх Султан бин Халифа Аль Нэхян баярын мэндчилгээ ирүүлсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ: Скүүтэр, сурроноос бэртсэн 178 хүн тусламж авчээ DNN.mn

Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхэний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа юм.

Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.

Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт:

  • 2022 онд нийт 96,
  • 2023 онд нийт 229,
  • 2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Иймд скүүтэр болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

“UB FOOD FESTIVAL” энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно DNN.mn

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монгол үндэсний хоол, хүнс болон олон үндэсний хоолны соёлыг гадаад, дотоодын иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилгоор “UB FOOD FESTIVAL” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

Энэ жилийн “UB FOOD FESTIVAL” 2024 оны наймдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Categories
мэдээ спорт

ПАРИС-2024: Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө DNN.mn

Өнөөдөр 17:00 цагаас эх орноо төлөөлөн Олимпийн чөлөөт бөхийн дэвжээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөх П.Орхон, М.Лхагвагэрэл нарын тэмцээн эхэлнэ.

П.Орхоны эхний учраа Украины тамирчин Ирина Колиаденко, М.Лхагвагэрэлийн эхний учраа НУ-ын тамирчин Паррис Масон Марк юм.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын шинэ гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд зориулсан мэдээлэл, сургалт зохион байгууллаа.

Энэ удаагийн парламент нь Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуульд төрийн эрх барих дээд байгууллагад ард түмнээ төлөөлөхөөр улс төрийн таван нам, эвсэл суудал авч, мэргэжлийн хуульч, эдийн засагч, инженер, багш, эрдэмтэд зэрэг нийгмийн олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн анхны 126 гишүүнтэй гэдгээрээ онцлогтой юм.

Шинэ гишүүдэд зориулсан сургалтад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв. Тэрбээр, “Улсын Их Хурал олон нийтийн төлөөллийг бүрэн хангадаг, олон нийт нь хүлээн зөвшөөрдөг, гишүүд нь олон нийтийнхээ төлөө ажиллаж чаддаг парламент байх ёстой. Парламентын засаглалыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд өөрөө институц болж чадсан үед  улс төрийн намуудыг дэмжих, цаашдаа төрийн бодлогод өөрсдийн хүч оролцоо, бодлого, хөтөлбөрийг оруулж чаддаг тогтолцоог бий болгох нь чухал” гэв.

Мөн тэрбээр “1992 оны Үндсэн хуулиар тунхагласан зарчим, үзэл санааны дагуу хууль тогтоомжийг шинэ Үндсэн хуульд нийцүүлэх, боловсронгуй болгох үйл явц үргэлжилж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад Улсын Их Хурлаас баталсан 880 хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээрийн 437 нь нийгмийн олон талт харилцааг зохицуулдаг, заавал биелэгдэх шинжтэй, байнгын үйлчлэлтэй байгаа бол бусад 443 хууль нь тодорхой хугацаанд үйлчлэхээр заасан, нэг удаагийн шинжтэй байна. Нөгөөтээгүүр, зарим хуулийг батлахдаа дагаж мөрдөх журмын тухай хуулиар зохицуулалт хийх, хуулийг ерөнхий байдлаар баталж, албан тушаалтны өнгө үзэмжээр боловсруулан батлан мөрдүүлдгээс үүдэн хүнд суртал, давхардал, хийдэл, чирэгдэл бий болох, авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил ч гарах нөхцөлийг бүрдүүлээд байна. Өнөөдрийн байдлаар захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэлтэй 2500 орчим журмаар төр-иргэний харилцааг зохицуулж байна. Хуулиас давсан журам нь иргэдэд хүндрэл чирэгдэл үүсдэг”  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, Үндсэн хуулийг сахиж, хуулийн болон цаг хугацааны хоцрогдолд нэн шаардлагатай шинэчлэл хийхэд гишүүн бүр өөрийн мэргэжил, мэргэшсэн салбартаа хуулийн шинэчлэл хийж, гар бие оролцохыг уриалаад ирэх дөрвөн жилд төрийн эрх барих их үйлсэд нь амжилт хүслээ.

Тус сургалтаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, ёс зүйн хэм хэмжээ”, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур  “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль”, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн “Улсын Их Хурлын гишүүний төсөв, хангамж”, МУИС-ийн профессор, доктор Д.Бумдарь “Парламентын мөн чанар, лобби”, Төрийн ордны хамгаалалтын хэлтсийн орлогч дарга Т.Тамир “Төрийн ордны хамгаалалт, эрх зүйн байдал” сэдвээр тус тус мэдээлэл, танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулав.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдал, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Гадаад харилцааны яамны албан тушаалтнууд холбогдох мэдээллийг өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, борлуулж буй зөрчлийг арилгуулж байна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0,07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал, орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалтаар анх газраа өмчилж байсан. Гэвч 2003 оноос хойш газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулсаар өдийг хүржээ. Иймд тухайн иргэнд шаардлага хүргүүлж, зөрчлөө арилгах 30 хоногийн хугацаа өгөв.

Мөн Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг явах зам дагуу өрхийн хэрэглээний газар дээрээ буюу суурьшлын бүсэд хоёрдогч түүхий эд худалдан авдаг хэд хэдэн цэг бий. Эдгээр байршилд 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч нөлөөллийн үнэлгээ, шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлт гарсан юм. Иймээс бусад оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс газраа зориулалтын бусаар ашиглан, хоёрдогч түүхий эд худалдан авах цэг байгуулж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй иргэдтэй зөвшилцөн, байршлыг шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Өмчилсөн газраа зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй. Нийтийн орон сууцны хороолол дунд бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, мөн гэр хороололд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн энэ мэт зүй бус үйл ажиллагаа явуулж болохгүй. Иймд Сонгинохайрхан дүүрэгт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийн хашаанд, Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүдийг Цагаан давааны хогийн цэгийн хашаанд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулна. Цаашид суурьшлын бүсэд энэ мэт газраа зориулалтын бусаар ашиглаж, бусад оршин суугчид болон, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг байдлыг зогсооно” гэв.