Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Икс”-ийн зургийн тайлбар, “Экс”-үүдийн уулзалтын сэдэв DNN.mn

Экс Ерөнхий сайд С.Баяр цахим сүлжээний “Икс” платформ дээр 2024 оны 8 дугаар сарын 11-нд эл зургийг тавьжээ. Тэрбээр үүндээ “Ингэж нэг чуулав. “Эвийн эхэнд тос, эвдрэлийн адагт цус. Төрийн хэргийг ганцаар бүү шийд, харийн аянд ганцаар бүү морд”. Инжинаш. Эзэн Богд Чингис хааны 27 дугаар үеийн үр, Монгол түмний Их бичгийг түгээгч эрхэм” хэмээх тайлбар зүүжээ.

Зурагт Монгол төрийн өндөр дээд албанд ажиллаж байсан, одоо хашиж буй 22 эрхэм байна. Давхардсан тоогоор Монголын таван Ерөнхийлөгч, УИХ-ын 11 дарга, 11 Ерөнхий сайд байх ажээ.

Экс Ерөнхийлөгч П.Очирбат /1992-1997/, Н.Багабанди /1997-2005/, Н.Энхбаяр /2005-2009/, Х.Баттулга /2017-2021/, одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын экс дарга гэвэл Р.Гончигдорж /1990-1992, 1996-2000/, Н.Багабанди /1992-1996/, С.Төмөр-Очир /2001-2004/, Н.Энхбаяр /2004-2005/, Ц.Нямдорж /2005-2007/, Д.Лүндээжанцан /2007-2008/, Д.Дэмбэрэл /2008-2012/, З.Энхболд /2012-2016/, М.Энхболд /2016-2019/, Г.Занданшатар /2019-2024/, УИХ-ын одоогийн дарга Д.Амарбаясгалан, экс Ерөнхий сайд нараас Д.Содном /194-1990/, Ш.Гунгаадорж /1990.3-1990.9/, Д.Бямбасүрэн /1990-1992/, М.Энхсайхан /1996-1998/, Р.Амаржаргал /1999-2000/, Н.Энхбаяр /2000-2004/, М.Энхболд /2006-2007/, С.Баяр /2007-2009/, Ж.Эрдэнэбат /2016-2017/, У.Хүрэлсүх /2017-2021/, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар байна.

Харин экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Ц.Элбэгдорж /2009-2017 онд Ерөнхийлөгч, 1998.4-1998.12, 2004-2006 онд Ерөнхий сайд/, экс Ерөнхий сайд Сү.Батболд /2009-2012/, Н.Алтанхуяг /2012-2014/, Ч.Сайханбилэг /2014-2016/ нар алга.

Эл зургийг 2024 оны 8 дугаар сарын 10-нд Их Тэнгэрт авчээ.Тэд зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар цугласан байна.

Уг нь урьд өмнө үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус тусдаа уулзалдаж ирсэн уламжлал бол бий.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнө нь 2022 оны 5 дугаар сарын 9-нд үе үеийн Ерөнхийлөгч нарыг Төрийн ордонд хүлээж авч уулзаж байсан. Тэр уулзалтад П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын өмнөх таван Ерөнхийлөгч тавуулаа очиж байв. Уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод хүчин зүйлс болон бусад асуудлаар санал бодлоо солилцсон. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эв нэгдэл, гадаад, дотоод бодлогын асуудлаар цаашид үе үеийн Төрийн тэргүүн нар хамтран ажиллах, зөвлөлдөх механизмыг ҮАБЗ-ийн дэргэд байгуулах нь зүйтэй” гэдэгт санал нэгдсэн байдаг.

Мөн 2020 онд УИХ-ын дарга Г.Занданшатар үе үеийн УИХ-ын дарга нарын “Хуралдай” зөвлөлдөх танхимыг байгуулж байв. “Энэхүү клуб нь хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулах, парламентын тогтолцоог цаашид төлөвшүүлэх, судалгаа, шинжлэх ухаанд суурилсан мэтгэлцээний зарчмыг хэвшүүлэх, харилцан туршлага сургамжаа солилцох, тулгамдсан асуудлаа хамтран ярилцаж зөвшилцөх, парламентын гишүүдтэй хамтран уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг чиглэлээр ажиллах сайн дурын механизм” гэж Г.Занданшатар тодорхойлдог. Анхны уулзалт нь тэр жил болж, дараагийнх нь 2022 оны 7 дугаар сард болсон байдаг.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бас 2021 оны 11 дүгээр сард үе үеийн Ерөнхий сайд нартай уулзаж байв. Тэндээс Засгийн газрын бодлого, чиглэлийн залгамж чанарыг хангах, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Ерөнхий сайдад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн зөвлөмж өгөх зорилготой “Ерөнхий сайд нарын бодлогын зөвлөл” байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат дэд даргаар ажиллахаар болж байжээ. Ерөнхий сайд нар дараа нь 2023 оны 4 дүгээр сард цуглаж цар тахлын үеийн эдийн засаг, эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлого болон инфляци, тээвэр ложистик, гадаад харилцаа зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцож байжээ.

Харин энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг цуглуулж уулзсаны зорилго нь Монгол Улсын анхны Үндсэн хуулийн 100 жилийн ойтой холбоотой байжээ.

Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Б.Цэрэндоржоор ахлуулсан Үндсэн хууль боловсруулах комиссыг 1924 оны 9 дүгээр сарын 23-нд байгуулж, Үндсэн хуулийг батлах Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлсэн. Улмаар Халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцож, анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталсан түүхтэй.

Тиймээс үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд 22 хүн Үндсэн хуулийн талаар ярилцаж, санал бодлоо хэлцгээжээ. Зарим нэг санал ч гарчээ. Тухайлбал, экс Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын экс дарга Д.Дэмбэрэл, экс Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нарын зүгээс “Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр …зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг өөрчлөлтийг 2019 онд хийсэн нь буруу юм биш үү. Зөвхөн нэг удаа гэснийг янзалбал яасан юм бэ. Ер нь Ерөнхийлөгчийн эрх мэдэл ч ихээхэн хумигдсан, нэмэгдүүлбэл зөв байх” гэсэн саналуудыг гаргасан байна.

Тэгэхээр энэ уулзалтын дараа экс Ерөнхий сайд С.Баярын “Икс” дээр гаргаж тавьсан зураг, түүний “Эвийн эхэнд тос, эвдрэлийн адагт цус. Төрийн хэргийг ганцаар бүү шийд, харийн аянд ганцаар бүү морд. Инжинаш” хэмээсэн нь зүгээр нэг зургийн тайлбар биш бололтой. Энэ сэдэв цааш үргэлжилж яригдах нь тодорхой болж байх шиг байна.

 

Ажиглагч А.Батболд

Categories
гадаад мэдээ

Мадурог цагаатгаж магадгүй DNN.mn

Европын Зөвлөлийн цахим хуудсанд тус холбооны Гадаад харилцааны дээд төлөөлөгч Жозеп Борреллийн нэрийн өмнөөс “Венесуэлийн Үндэсний сонгуулийн зөвлөл(CNE)-ийн мэдээлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гээд “Энэ бол Европын Холбооны байр суурь юм” гэж мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Европын Холбоо Венесуэлийн сонгуулийн хуудсуудыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, бие даасан байгууллагаар шалгуулахыг уриалж, CNE-ийг ядаж санал хураалтын дүнг нотлох баримт бүрдүүлэхийг шаардсан байна. Брюссель ийнхүү хоёр дахь удаагаа Мадурог хууль ёсных гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Тус улсад өмнөх ерөнхийлөгчйн сонгууль үүнтэй төстэй хувилбараар явагдсан бөгөөд уг сонгуулийн дараа Мадурогийн дэглэм сөрөг хүчнийхнийг мөрдөн хавчиж, тус улсад урт удаан хугацааны улс төрийн хямрал үүссэн билээ. Тэгвэл The Wall Street Jour­nal “Цагаан ордон нууц хэлэлцээ хийж Николас Мадурог Венесуэлийн ерөнхийлөгчийн албан тушаалаа сайн дураараа өгвөл өршөөл үзүүлэх болно гэж мэдэгдсэн байна” хэмээн мэдээлэв. Тус сэтгүүл мөн “АНУ Мадуро болон түүний өндөр албан тушаалтнууд хар тамхины наймаа, ялангуяа АНУ-д кокаин импортолсон хэрэгт буруутгагдаж байгаа юм” гэж бичжээ.

Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн сарын 28-нд болж тус улсын засгийн газрын хяналтад байдаг Сонгуулийн Хорооноос өмнө нь тус улсыг хоёр удаа ерөнхийлөгчөөр удирдсан Николас Мадуро нийт сонгогчдын 51.2 хувийн дэмжлэг авсан гэж мэдэгдсэн билээ. Харин хөндлөнгийн ажиглагчид сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалес Уррутиа 67 орчим хувийн санал авч сонгуульд ялсан гэж дүгнэсэн юм. Сонгуулийн дүн гарсны дараа сонгуулийн луйврыг эсэргүүцсэн жагсаал Венесуэлийн Каракас болон бусад хотод эхэлсэн. Жагсагчдын эсрэг цагдаа, цэргийнхэн нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, жагсаалын үеэр наад зах нь хоёр хүн нас барсан гэж мэдээлсэн бөгөөд АНУ болон Европын Холбоо Венесуэлийн сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонзалесыг сонгуульд ялсан гэж албан ёсоор зарлаж байсан.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Венесуэлийн засгийн газарт хандан “Венесуэлийн сонгуулийн хууль тогтоомж болон ард түмний хүсэлд нийцүүлэн засгийн эрхийг хүндэтгэн, тайван замаар шилжүүлэх талаар ярилцаж эхлэхийг уриалж байна” гэж мэдэгдэж байсан юм. Үүний зэрэгцээ Вашингтон болон Брюссель Мадурог хууль бус ерөнхийлөгч гэж албан ёсоор зарлаад байгаа билээ.

Дашрамд дурдахад, судлаачид Украины дайны үр дүнд дэлхий нийтэд дарангуйллын дэглэм нуран унаж, хэн ч байсан улс төрийн албан тушаалд хоёроос дээш удаа ажиллахгүй болно” гэж дүгнэж байгаа билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд монгол хэл бичгийн дахин шалгалт авах байршил DNN.mn

2024 оны Монгол хэл бичгийн дахин шалгалт 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт эхэлж, 11:40 цагт дуусна.

Шалгуулагчид өөрийн суудлын хуваарийн дагуу шалгалтын байранд дээр заасан цагаас нэг цагийн өмнө очсон байх, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хоцорсон шалгуулагчийг шалгалтад оролцуулахгүй.

Шалгуулагчид та бүхэн суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан” -аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч “Бүртгэлийн хуудас”, “Суудлын хуваарь”-аа хэвлэж авна уу.

Шалгалтад ирэхдээ дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:

– Бүртгэлийн хуудас

– Суудлын хуваарь

– Иргэний үнэмлэх түүнтэй дүйцэхүйц баримт, бичиг

– Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

– Шалгалтын материалтай ажиллах үзгэн болон тосон бал

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Худалдааны салбарын борлуулалтын орлого 36.1 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2024 оны эхний хагас жилд 36.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.4 (35.7%) их наяд төгрөгөөр өслөө.

Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.6 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.4 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.

May be an image of text
Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг давж заалдах өргөдлөө хүргүүлжээ DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан билээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах”, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах”, 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан байдаг.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд өөрийгөө гэм буруугүй, шүүх хурлыг өмгөөлөгчгүй явуулсан хэмээн үзэж буй юм. Иймд Н.Өнөрцэцэг өнөөдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах өргөдлөө хүргүүлжээ.

Тэрээр давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүсчээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш 2224 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ DNN.mn

Он гарснаас хойш наймдугаар сарын 13-ны байдлаар 2224 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ.

Гал түймэрт 41 иргэн амь насаа алдаж, мөн 41 иргэн түлэгдэж, 5 иргэн бэртэж, 360 бог мал өртөж хорогдсон байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар зуншлага дунд зэрэг байна DNN.mn

Зуншлагын байдал наймдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Архангай, Орхон, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Хэнтийн зарим нутгаар сайн, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт буюу 30 орчим хувьд дунд байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан DNN.mn

Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа анх мэдээлж байсан. Мөн ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гаргасан Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу хамтарсан баг тус суманд хоёр өдөр ажилласан юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Х.Хонгорзул эмчтэй ярилцсанаа өмнө нь хүргэж байсан.

Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний эмчилгээ үзүүлэхдээ солонгос эмч нар ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахиагүй. Дээрх эмч нартай хамтран ажилласан “Агапе Христ”-ийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн холбогдох албаны эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил арилгуулах хугацаатай үүргийг ЭМЯ-наас өгсөн билээ.

Энэ талаар Х.Хонгорзул эмчтэй дахин ярилцлаа.


-Солонгос эмч нарын шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдсан 50 гаруй хүнийг энэ сарын сүүлээр давтан шинжилгээнд хамруулна гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү гээд цусаар дамжих өвчнүүд бүгд нууц үетэй байдаг. Ямар өвчнөөсөө хамаараад нэг, гурав, зургаан сар, жилийн дараа ч илрэх тохиолдол бий. Тэр бүрд нь үе шаттай шинжилгээ авна гэсэн үг. Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний халдвартай, вирустэй хүмүүс байсан.

-Таны хувьд солонгос эмч нарын асуудлаас хойш 14 хоногийн дараа шүдний үзлэг, эмчилгээгээ хийж эхэлсэн гэсэн үү?

-Би албан ёсоор ажлаа хийгээгүй, яг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа. Ажлаа хийхгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Тухайн солонгос эмч нарын буруутай үйлдлээс болж 14 хоногийн дараагаас бүр яаралтай, давтан эмчилгээтэй байсан хүмүүсээ л үзэж байна. Эмчилгээ хийх эрхгүй л байна. Гэхдээ болно байх л гэж бодож байна.

Миний хувьд ард түмэнд эрүүл мэндийн боловсрол олгоод, гадны юм болгоныг шүтэх бус сонор сэрэмжтэй, болгоомжтой хандах тал дээр жаахан ч болов анхааруулга өгсөн юм болов уу гэж бодож байна.

-Хэнтий аймгийн Биндэр сум дэд бүтцийг нь шийдсэн шинэ эмнэлэгтэй болсон нь танд ажиллах гол нөхцөл болов уу?

-Ажлын орчин гэдэг маш чухал. Шүдний кабинетад байх ёстой бүх зүйл манай эмнэлэгт бий. Хэнтий, Дорнод аймгийн сумд шүдний иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон. Түүн дээр өөрийн хэрэглэдэг багаж материалуудаа авчраад үзлэг хийхэд ямар ч асуудалгүй. Бүх юм нь орчин үеийн гэсэн үг. Боловсон ариун цэврийн өрөөтэй байх жишээний. Яг л хотод байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Манай Биндэр сум хотоос 300 гаруй, аймгийн төвөөсөө 200 километрт байдаг. Маш бартаат замтай, олон жижиг голуудыг гаталдаг. Хот орох тээврийн зардал, очсон хойноо шүдний эмчид үзүүлэхэд хэд хэдэн удаа тухайн эмнэлэгтээ очиж, эмчилгээ хийлгэх шаардлага үүсдэг. Хугацаа их ордог учраас хөдөө орон нутгийн иргэд, малчдад маш хэцүү. Суманд шүдний эмнэлэгтэй болсноор иргэд хот оролгүйгээр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж бүрдсэн юм. Энэ суманд ирээд би удаагүй, зарим хүмүүс нь намайг ойлгохгүй ч нэг хэсэг нь сайнаар хүлээж авч байгаа. Би зориглоод хувийн эмнэлэг нээсэн. Өөрийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл гараагүй байгаа. Зөвшөөрөл гарсны дараа эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх, яавал ард иргэддээ илүү их боломжийг хүртээх чиглэлээр холбогдох байгууллагууддаа санал дэвшүүлж, уялдаа холбоотой ажиллах тал дээр анхаарч байна.

-Залуу хүний хувьд хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ирж ажиллах болсон шалтгаан, давуу талыг тодруулбал?

-Сум орон нутагт шүдний эмчийн хэрэгцээ шаардлага их байсан. Шүд нь цооролттой, өвчтэй хүмүүс маш ихтэй. Нэг наснаас эхлээд хүүхдүүдийн шүд нь цооролттой, гэхдээ суманд ямар ч мэргэжлийн эмч байхгүй. Улаанбаатарт байшин бүрд хоёроос гурван шүдний эмнэлэг байдаг. Дээрээс нь утаа, түгжрэл маш ихтэй. Хотод байхад гэр бүлдээ болон өөрийнхөө хоббинд цаг гаргах ямар ч боломжгүй. Хөдөө суманд ажиллахад түгжрэл байхгүй учраас гэр бүлээрээ амьдрахад тэдэндээ гаргах чөлөөт цаг нь их, өөрийнхөө дуртай зүйлийг хийх боломжтой байх жишээний. Ямар ч эмч байхгүй гурван сумын дунд үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор миний хувьд тасралтгүй үйлчлүүлэгчтэй байдаг. Хотод байгаа залуус ч гэсэн өвөө, эмээ аав, ээжийнхээ төрж өссөн суманд очиж, өөрийн зэмшсэн мэргэжлээрээ ашиг орлого олох боломж бий. Сум орон нутаг ч өргөжин тэлж, хөгжинө. Манай улсын хүн амын тал нь хотод төвлөрч байхын оронд 21 аймгийн 300 гаруй суманд залуучууд хэрэгтэй мэргэжлээрээ ажиллах юм бол сум орон нутгийн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Суманд шүдний эмчээс гадна программист, канон, принтер, автомашин засвар, дугуй засвар, гуталчин гээд олон мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага их байгаа. Дээд боловсролтой залуучууд суманд маш их хэрэгтэй. Сум орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодод сураад ирсэн залуучуудынхаа үгийг сонсоод, тэднийг хавчиж, шахах гэхээсээ илүүтэйгээр хамтарч ажиллах нь зүйтэй.

-Үнэ тарифын хувьд хэр байдаг вэ?

-Улаанбаатарт шүдний үзлэг, эмчилгээний үнэ тариф янз, янз байдаг. Сувгийн эмчилгээ л гэхэд 100 гаруй мянгаас нэг сая гаруй гэх мэт тухайн эмнэлгийн үзүүлж буй үйлчилгээ, эмчийн боловсролын зэргээс хамаарч үнэ нь өөр, өөр байгаа. Миний хувьд эмчилгээ, үзлэгтээ дундаж үнийг барьдаг. 2019 оны үнэ тарифаа өөрчлөөгүй гэсэн үг. Сумын ард иргэд маань шүд тэдэн төгрөгөөр авдаг гээд үнэндээ дасчихсан байдаг тул тэр үнээрээ үйлчлүүлэх илүү сонирхолтой байдаг. Шүдний эмнэлгийн үнэд хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, ариутгалын зардал, тэр эмчийн боловсрол зэрэг нөлөөлдөг гэж болно. Дэлхий даяар шүдний эмчилгээ нь өндөр өртөгтэй эмчилгээнд ордог. Би Герман, Япон, Америкийн шилдэг материалуудыг хэрэглэдэг ч гэсэн гадны үнэ тарифтай адилхан байдаггүй. Гадны эмчилгээний зардалтай харьцуулахад 20, 30 хувьд нь ч хүрэхгүй. Хэрэглэж байгаа материал, үйлчилгээний чанарын хувьд яг адилхан. Тийм ч учраас Америк ч юм уу гадны улсад амьдардаг хүмүүс жил бүр над дээр ирж шүдээ эмчлүүлдэг.

-Та хүүхдийн шүдний нарийн мэргэжил эзэмшсэн нь хүүхдийн шүдний өвчлөл их байгаатай холбоотой юу?

-Хүн амын дундах шүдний өвчлөл дотроос хүүхдийн шүдний өвчлөлийн эзлэх хувь маш өндөр. Жилээс жилд хувь нь нэмэгдээд байгаа. Намайг анх Анагаахад ороход хүүхдийн шүдний өвчлөл 87 хувьтай байсан бол одоо 90 гаруй хувьтай болжээ. Манай сумын 0-6 настай хүүхдүүдийн шүдний өвчлөл 98 хувьтай байна.

-Хүүхдийн шүдний өвчлөл жил ирэх тусам ихэсч байгаад юу нөлөөлж байна. Эцэг, эхчүүд хэрхэн хүүхдийнхээ шүдэнд анхаарал хандуулах вэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь хоол хүнсний асуудал юм. Уламжлалт хоол хүнсээ хэрэглэх нь багассан. Орчин үеийн хоол хүнс болох котлёт, бөөрөнхий мах зэргийг хэрэглэхээс гадна ундаа, чихрийг өдөр бүр хүүхдэдээ авч өгөх болсон. Хүүхдүүдэд шүд угаах дадал хэвшил суулгаагүй. Хамгийн багадаа өглөө, орой буюу өдөрт хоёр удаа шүдээ угаах ёстой ч хүүхдүүд шүдээ угааж сураагүй байдаг. Угаалаа гэж бодоход буруу угааж байгаа нь шүд цооролтын бас нэг шалтгаан болж байна. Шүд нь өвдөөгүй байсан ч урьдчилан сэргийлэх байдлаар гурван сар тутам эмчид үзүүлэх ёстой. Бага насны хүүхдүүдийн сүүн шүдний өвчлөл нь байнгын шүдэнд нөлөөлдөг. Байнгын шүд нь гажигтай, цоорхой, далий мурий ургах нь их бий. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг байнга угааж өгч, өөрөө шүдээ зөв угааж суртал нь хамтран угаах хэрэгтэй. Хүүхдийн шүдийг гаа багатай ургамлын гаралтай оогоор угаах нь зүйтэй.

-Хүмүүс шүд өвдөхөд хацартаа оо түрхэж, өвчин намдаах эм зуудаг. Шүд өвдөж эхэлсэн үед ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Хүмүүс ихэвчлэн шүд өвдөхөд хацартаа оо түрхдэг нь хамгийн буруу. Оог түрхсэнээр нэг хэсэг хүйтнээр сэнгэнээд, өвчин намдаж байгаа юм шиг хуурамч мэдрэмжийг төрүүлдэг. Эсрэгээрээ хүүхдийн хацарт түрхэхэд арьсыг нь түлж, гэмтээж шархлуулсан тохиолдол бий. Тиймээс оог хацарт түрхэж болохгүй. Мөн шүдэндээ өвчин намдаах эмийг зуудаг. Өвчин намдаах эмийг зуухад амны дотор талын завьж, хэлийг түлэх аюултай. Өвчин намдаах эмийг биеийн жин, насандаа тохируулж зааврын дагуу уух ёстой. Шулуун гэдсээр өвчин намдаах лааг хэрэглэж болно. Өвчин намдаах эм ууна гэдэг нь өвдөлтийг түр намдааж байгаа болохоос тухайн өвчнийг эмчилдэггүй. Тиймээс яаралтай шүдний эмчид хандах нь зүйтэй.

-Шүдний өвчин бүх өвчний суурь гэдэг. Энэ тал дээр таны бодол?

-Хүний биеийн бүх өвчин амны хөндийгөөс эхэлдэг. Амны хөндийн эрүүл ахуйгаас шалтгаалж 280 гаруй бие даасан өвчнийг үүсгэж байдаг. Тодруулбал, хоолойн ангина, зүрх судас, бөөр, үе мөчний өвчин болон хүндэрнэ. Шүдгүй болоход механик үйл ажиллагаа алдагдаж, хоол бүхэл бүхлээрээ ходоод руу орсноор ходоодыг цочроож өвчлүүлдэг, ходоодны шархтай болгодог.

Categories
мэдээ нийгэм

Булангийн орнуудад мах экспортлохоор боллоо DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсаас Кувейт улсад суугаа Элчин сайдын яамнаас санаачилга гарган Монгол Улсаас Булангийн орнуудруу хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортыг эхлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

2023 оны 12 дугаар сард Саудын Арабын Хаант Улсад төвтэй Булангийн орнуудын Магадлан итгэмжлэлийн төвөөр Стандарт хэмжилзүйн газарт халал зөвшөөрөл олгох магадлан итгэмжлэл амжилттай хийлгүүлж, гэрчилгээг гардан авсан.

Мөн Булангийн орнуудруу мах, махан бүтээгдэхүүн экспортлох ажлыг эхлүүлэхээр Элчин сайдын яам Кувейт Улс, Саудын Арабын Хаант Улсын Монгол Улсад тавьсан шүлхий өвчний тархалттай холбоотой махны хоригийг цуцлуулах чиглэлээр ажилласны үр дүнд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн үнэлгээний дагуу Монгол Улс шүлхий өвчний тархалтыг хяналтад авсан тул импортын хоригийг цуцалсан тухай мэдэгдэж, эдгээр орнуудад Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхзүйн орчин бүрдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан “Дорнод мах маркет” ХХК болон “Трастгрупп” ХХК нарт Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох анхны Халал стандартын гэрчилгээг өчигдөр олгосон байна.

Ийнхүү дээрх аж ахуйн нэгжүүд Халал стандартын гэрчилгээг гардан авснаар Монгол Улсаас Булангийн орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлох бүрэн боломж бүрдэж, Монгол Улсад ХАЛАЛ стандарт нэвтэрч эхэллээ.

 

 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов бараалхав DNN.mn

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Байгалийн нөөц, экологийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхав.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан улам бэхжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлын сонгууль амжилттай болж өнгөрснийг тэмдэглээд сонгуульд олонхийн суудал авсан Монгол Ардын Нам Ардчилсан нам болон ХҮН намтай хамтран Засгийн газраа эмхлэн байгуулсан нь Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлал, эрч хүчийг хадгалахад чухал болохыг онцлон тэмдэглэв.

Мөн уулзалтын үеэр талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэж, байгуулахаар ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.

Хоёр тал Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ оны 12 дугаар сард багтаан байгуулах, ДЦС-3-ыг өргөтгөн шинэчлэх ажлыг эрчимжүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсгийг байгуулах, ОХУ-д суралцах Монголын оюутнуудын квотыг тогтоох, нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтыг гаргах зэрэг асуудлаар санал бодлоо солилцов.

 

Түүнээс гадна, хоёр талын уул уурхай, эрчим хүч, зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээр тохиролцов.