Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ DNN.mn

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ.

Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгож, ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр болсон юм.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “ Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарна. Уг ажлыг 10 хоногт хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Ус зайлуулах шугам хоолой угсарч дууссаны дараа авто замыг шинэчилнэ” гэлээ.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байршилтай Баганат хороолол орчимд усны халиа ихээр үүсдэг, гүн жалга байсан. 2017 онд тус хорооллыг барихдаа дээрх нүхэн жалгыг дарснаас үүдэн хөрш ус гараад байгааг Геодези, Усны барилга байгууламжийн газрын Ерөнхий инженер С.Батсайхан хэллээ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд  2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин байна.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тэгвэл дээрх хугацаанд нийслэлд бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал буурна гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг 3542 шалгуулагч өгнө DNN.mn

Монгол хэл бичгийн дахин шалгалтыг маргааш буюу 2024 оны 08 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00-11:40 цагт зохион байгуулна.

Энэ удаад дахин шалгалтыг 3542 шалгуулагч өгөхөөр байна. Хэрэв дахин шалгалтдаа унавал 2025 оны хавар дахин өгөх боломжтой.

Categories
мэдээ улс-төр

2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслүүдийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, УИХ-аас батлан гаргасан “Алсын Хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” 2020 оны 52 дугаар тогтоол, мөн УИХ-ын 2020 оны “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэл батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан таван жилийн үндсэн чиглэл, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгагдсан төслүүдийн жагсаал тзэргийг нарийвчлан судалж үзвэл төсвийн тодотголоор оруулж ирсэн хөрөнгө оруулалтын томоохон төслүүд үндсэндээ эдгээр баримт бичигт тусгагдсан байна .Иймд хэрэв хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд өмнө тусгагдсан эдгээр төслийг дахин тодотгох, тооцоолол, хөрөнгийн эх үүсвэрийг нь шинэчлэх шаардлагатай гэж үзвэл төсвийн тодотгол хийхийн өмнө дээр дурдсан Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг шинэчлэн батлах нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нийцэхээр байна. Тийм учраас,Монгол Улсын 2024 оны батлагдсан төсөвт тодотгол хийхээс илүүтэй ирэх 2025 онытөсвийн төсөлд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тусган хэлэлцэх нь илүү зохистой гэж үзэж байна гэх зэргээр дүгнэлт, зөвлөмжөө товч танилцуулав.Түүний дараа байнгын хорооны гишүүд хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж хариулт авлаа. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлторуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар боллоо.

Түүний дараа Байнгын хорооны хуралдаан Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга сонгох тухай хэлэлцлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг тус дэд хорооны даргад нэр дэвшүүлсэн байна. Тэрбээр, 2003 онд  Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийг, 2007 онд Санхүү эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн байна. Д.Цогтбаатар нь 2007-2012 онд” Голомт” банкинд эдийн засагчаар, 2012-2015 онд “Голомт” банкны Баянхонгор салбарын захирлаар,  2016-2020 онд  Монгол Улсын Хөгжлийн банкинд хэлтсийн захирлаар, 2021-2023 онд Хаан банкны Салбарын удирдлагын газрын захирлаар, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар тус тус ажиллаж байжээ.  Байнгын хорооны гишүүдийн олонхи нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгохыг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина DNN.mn

Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина. Уг ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.

Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Мягмарсүрэн “Дээрх газар чөлөөлөлтийн хүрээнд өнөөдрийн байдлаар хоёр аж ахуйн нэгжтэй зөвшилцсөн. Мөн нэг аж ахуйн нэгжтэй тохиролцож байна. Харин нэг иргэн эдэлбэр газраа зориулалтын дагуу ашиглаагүйн улмаас сонсох ажиллагааг зохион байгуулж байна” гэлээ.

Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүр, Нарны хороолол орчмын хөдөлгөөний эрчим буурна гэдгийг албаны хүмүүс онцолж байв.

Түүнчлэн энэ онд нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 70 гаруй байршилд газар чөлөөлнө. Эдгээр газрыг чөлөөлөхөд нийт 2500 гаруй нэгж талбар өртөөд байгаа юм.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээж өгөх үү DNN.mn

Улс төр хэзээнээсээ ил, далд үйл явдлуудтай өрнөж байдаг. Нэгээр халхавчилж нөгөөг амжуулна. Ялангуяа Монголын улстөрчид үүнд гаршсан. Яг одоо Засгийн газарт хамтарсан намууд ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрөө Их хурлаар хэлэлцүүлж байна. Үүнтэй зэрэгцээд Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлт ч албан бусаар хөндөгдөөд эхэлжээ. Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эндээс “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн сүүлийн дөрвөн үгийг анзаарах хэрэгтэй. Учир нь энэ өөрчлөгдөж болзошгүй нь. Сүүлийн үед далдуур өрнөсөн улс төрийн зарим үйл явдлаас ийм зүйл ажиглагдлаа. Өмнөх долоо хоногт экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно гэдгийг эргэж харах хэрэгтэй” гэх утгатай зүйлийг ярьсан. П.Очирбат гуай, Д.Бямбасүрэн гуай, Д.Дэмбэрэл гуай тэргүүтэй төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүс үргэлжлүүлээд олон нийтэд ярих байх. Энэ долоо хоногт УИХ- ын гишүүд Их тэнгэрт очиж Ерөнхийлөгчтэй уулзсан. Тэр уулзалт дээр ийм зүйл яригдсан эсэх нь тодорхойгүй байна. Өнгөрсөн сард Говь- Алтайд төрийн түшээд нэгийгээ зодсон явдал ч үүнтэй холбоотой байх магадлалтайг улстөрчид яриад байна. Үндсэн хуулийн Цэцийн зарим гишүүн энэ асуудлаар нэр бүхий хүмүүстэй уулзалдах гэх мэт бас бус үйл явдлууд протоколны бусаар өрнөж байгаа л дуулдана. Харин нэгэнт сэдэл санаачилга нь гараад хэрэгжих шат руугаа орсон “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгохгүй” гэдэг эрх зүйн өөрчлөлтийг хэн, хэзээ, хаана, хэрхэн хийх вэ. Чадамж нь УИХ, Үндсэн хуулийн Цэц хоёрт байгаа. УИХ бол бараг үгүй болов уу. Сая шинээр бүрдсэн УИХ-д үүний эсрэг гишүүд олон орсон. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн Цэцэд гомдол маргаан гаргаад заргаа авсан улс төрийн нам ч энэ УИХ-д суудатай болсон. Мөн сая Говь-Алтайд болсон зодоон ч “УИХ энэ асуудалд хаалттай” гэснээс үүдэлтэй байж болзошгүй юм байна лээ. Тэгэхээр энэ өөрчлөлтийг хийх ажил Үндсэн хуулийн Цэц дээр бууна. Гэхдээ Үндсэн хуулийн цэц ч яг энэ асуудлаар 2021 оны дөрөвдүгээр сарын 16-нд дүгнэлт гаргаж байсан. Тэр үед одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болчихсон байгаа О.Мөнхсайхан, Шадар сайд Т.Доржханд нарын хүмүүс маргаан гаргаж байсан. Яг үнэндээ тэдний маргаан 2017 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байсан Х.Баттулгыг 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн агуулгад тулгуурлаж байв. Т.Доржханд /одоо Шадар сайд/ “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аас батлахдаа Үндсэн хуулиар тогтоосон “Зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн буюу “өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” гэсэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэнд тавигдах туйлын тодорхой шаардлагыг хоёрдмол утгаар ойлгож тайлбарлаж болохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн зөрчлийг бий болгоод байна”, О.Мөнхсайхан/ одоо Үндсэн хуулийн Цэцийн гишүүн/ “Хэрэг, маргааныг шийдвэрлэх зорилгоор Үндсэн хуулийн болон бусад хуулийн заалтыг тайлбарлахад хэл зүйн арга, логик арга, зорилтот арга, түүхчлэх арга, системчлэх арга хэрэглэхийг Монголын эрдэмтэд, хуульчид нийтлэгээр санал болгодог. Эдгээр арга нь онолын хувьд төдийгүй Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт хүлээн зөвшөөрөгдөж хэрэглэгддэг. Эдгээр таван аргын алийг нь ч хэрэглэн уншвал 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа иргэнд Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихийг болон дахин сонгогдохыг хориглодог гэсэн дүгнэлт гарна” гэсэн. Уг маргаанд УИХ-аас “Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орж, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа 6 жилийн хугацаагаар сонгох болсон нь тухайн асуудлаар эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, шинэ нөхцөл байдал үүсгэсэн. Энэ нь одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа болон урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний нэр дэвшиж болох эсэх эрхийг хөндөөгүй бөгөөд үүнийг Үндсэн хуулийн үзэл баримтал, зарчимд нийцүүлж шийдвэрлэх асуудал гэж ойлгож байна” гэсэн тайлбарыг хийснээ Үндсэн хуулийн Цэцэд хүргүүлж байжээ. Ингээд Үндсэн хуулийн Цэц “УИХ-аас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль …бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна. Энэ дүгнэлтийг гаргасан бүрэлдэхүүнд Үндсэн хуулийн Цэцийн одоогийн дарга Г.Баясгалан, гишүүн Ж.Эрдэнэбулган нар багтсан байна. Улмаар УИХ уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авсан. Ингээд тухайн үед Ерөнхийлөгч байсан Х.Баттулга 2021 оны сонгуульд нэр дэвших эрхгүй болж байв. Харин өнөөдрийн эдгээр нөхцөл байдал, үйл явдлуудыг ажиглавал Үндсэн хуулийн Цэцийн дээрх дүгнэлт эсрэгээрээ шийдэгдэж магадгүй л бололтой. Ингэвэл “Үндсэн хуулийн Цэц Х.Баттулгыг хаасан хуулийг У.Хүрэлсүхэд нээнэ” гэсэн үг л дээ. Гэхдээ яаж?

 

Ажиглагч А.Батболд

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ руу зорчигчдын анхааралд DNN.mn

БНСУ-ын Инчон, Бусан чиглэлд зорчих зорчигчид хилээр нэвтрэхдээ Q-code бөглөх шаардлагыг тус улсын “Хорио цээрийн алба”-наас ирүүллээ. Өөрөөр хэлбэл зорчигч та шар хуудас бөглөхгүйгээр Q-Code бөглөж, тус улсын хилээр нэвтрэх юм. Тус цахим хэрэгжилт 2024 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дундговь, Төв, Хэнтийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Дундговь, Төв, Хэнтийн нутаг, Улаанбаатар хот орчмоор усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, Их нууруудын хотгороор 30-35 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадаас Монголын баг мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод 2024 оны наймдугаар сарын 9-14-ний өдөр зохион байгуулагдсан Хиймэл оюуны анхдугаар олимпиадаас Монгол Улсын баг мөнгөн медаль хүртлээ.

Олимпиадад нийт 33 улсын 41 баг өрсөлдсөн байна.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн багш З.Цолмон ажилласан ба багийн бүрэлдэхүүнд

  • Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн,
  • Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн,
  • Оюунлаг сургуулийн сурагч Н. Батсүх,
  • Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар багтсан юм.
Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны оршин суугч М.Төрбаяр: Шатсан байрыг маань гудамжны хүмүүс тонож, хоног төөрүүлдэг боллоо DNN.mn

Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан машин дэлбэрч “Edu apart” хотхоны 207 дугаар байр галд өртсөн. Үүнээс үүдэж 63 айлын 220 гаруй оршин суугч амьдрах гэр оронгүй болсон билээ. Осол болсноос хойш долоон сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Өнөөдөр оршин суугчид болон галд өртсөн орон сууцыг хэрхэх болсон талаар 207 дугаар байрны оршин суугчдын төлөөлөгчдийн зөвлөлийн тэргүүн М.Төрбаяртай ярилцлаа.


-Өнгөрсөн тавдугаар сард тантай ярилцахад галд өртсөн 207 дугаар байрыг хүчитгэж засварлахаар Хотын захиргаа шийдсэн болохыг дуулгаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Хосбаяр тухайн үед оршин суугчдыг байлцуулаад нөхцөл байдлыг сонсоод 207 дугаар байрыг засварлах нь зүйтэй юм байна. Засварлах компанийг сонгон шалгаруулах тендер зарлая гэж шийдсэн болохыг ярьж байсан. Бараг баяр наадмын өмнө засаад оршин суугчдыг байранд нь оруулчихна гэж Хосбаяр дарга мэдэгдэж, бид ч баярлаж байлаа. Гэвч баяр наадмын сар таараад тэгсэн үү, тендерт ямар ч компани санал ирүүлээгүй гэсэн. Тиймээс байрыг хүчитгэж засварлах ажлыг больсон. Барилгыг буулгаад шинээр барих болсон талаар оршин суугчид бидэнд Хотын захиргаанаас мэдээлсэн.

-Тэгээд хэзээ буулгаж, барилгын ажил эхлэх юм бол оо?

-Бас л тодорхойгүй байна. Өмнө нь бидэнтэй холбогдож мэдээлэл өгч байсан дарга нь албан тушаалаа өгчихсөн, өөр хүн ирсэн юм билээ. Ямартаа ч бас тендер зарлаад нураах компани сонгох бололтой. Одоогоор барилгын ажил эхэлсэн зүйл алга.

-Оршин суугчид ямар байдалтай байна вэ. Энэ есдүгээр сард түр байрных нь түрээсийн хугацаа дуусна гэж байв уу?

-Оршин суугчдын хувьд хүнд нөхцөл байдалтай байна. Яг хичээл сургуулийн үе эхэлж байна. Түрээсийн байрны хугацаа дуусч байна. Энэ байдлаараа түрээсийн байр, өөрийн байр ч үгүй болчих вий гэсэн айдастай айлууд олон байна. Үүнийгээ ч хэлж байгаа. Сургууль цэцэрлэг орох гэж байдаг. Хохирсон иргэдийг цаашид хэрхэх талаар Хотын захиргаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй л байна. Бидэнд ч бас хэцүү байх юм. Татвар төлөгчдийн мөнгөөр түрээс төлүүлээд амьдраад байх. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л болж байна. Ядаж манай барилгын улирал ямар хугацаатай билээ. Намар болж байхад барилгыг нурааж эхлээ ч үгүй байна. Хэзээ нурааж, хэзээ барилгын суурь тавих нь эргэлзээтэй. Арга ядаад оршин суугчид даавуун дээр эсэргүүцлийн үг бичээд шатсан барилга дээр татчихсан байх вэ дээ. Бид чинь гэрээсээ өмссөн хувцастайгаа л гарсан шүү дээ. Ихэнх айл хамаг байдгаа алдсан.

-Шатсан байр цагдаагийн хамгаалалтад байсан. Одоо ямар ч эзэнгүй байгаа юу?

-Тийм ээ. Эхлээд цагдаагийн хамгаалалтад байсан. Сүүлдээ цагдаа нар яваад өгсөн. Одоо бол байр маань тэнүүлчдийн орогнодог газар л болж гүйцлээ. Уг нь гал ороогүй хэсэгт айлууд эд тавилгаа авч чадаагүй шүү дээ. Авах ч боломжгүй. Тог цахилгаан байхгүй учир өндөр давхраас эд зүйлсээ буулгаж авч чадахгүй байгаа. Дээр нь ямар ч хамгаалалтгүй болчихоор янз бүрийн хүмүүс цонх хаалгыг нь эвдэж ороод хулгайлж тоноод, зарим нь хоног төөрүүлдэг газар болгож байна. Маш харамсалтай. Арга ядаад оршин суугчид ээлжлээд байраа манаж хонож байгаа.