Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Гэрэлтогтох: Нийслэлийн хэмжээнд 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан DNN.mn

Нийслэлийн 78 байршилд зам засвар, арчлалтын ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөөд байгаа билээ. Энэ талаар Нийслэлийн замын хөгжлийн газрын Санхүү, захиргааны хэлтсийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Гэрэлтогтохоос тодрууллаа.


-Нийслэлд одоогийн байдлаар нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдээд байна вэ?

-Зам засвар, арчлалтын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Нөхөн сэргээлтийн ажлууд арваннэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 13 байршилд зам засварын ажил бүрэн хийгдэж дууссан. Эвдрэл нөхөн засварлах ажлын хүрээнд 115 мянган м.квадрат замыг засварлаад байна. Намьяанжугийн гудамж, Амгалан, Орбитын буюу Цэргийн хотхоноос тахилтын уулзвар хүртэл, Бага тойруу, Нарны зам, УБЦТС-ын баруун талын авто зам, Хатанбаатар Магсаржавын гудамж, Богд уулын арын авто зам, Хилчний гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Нэгдсэн үндэсний гудамж гэсэн нийт 13 байршилд зам засвар, арчлалтын ажлыг хийж бүрэн дууссан. Энэ оны эхний хагаст 17.55 км авто замд засвар шинэчлэлт хийсэн байна. Мөн Мишээл экспогийн зүүн хойд хэсэгт байх Эрэлийн хажуугаас шууд говийн замтай холбогдох шинэ зам тавигдсан.

-Дүнжингаравын зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Яг одоо хийгдэж буй томоохон ажил бол яах аргагүй Дүнжингаравын урд талын зам. Дүнжингаравын уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэнэ. Суурийн ухмалын ажил дууссан. Газар чөлөөлөлтийн асуудлаас болж түр зогссон. Газар чөлөөлөлтийн асуудал шийдэгдчихвэл ажил цааш хэвийн үргэлжилнэ. Мөн Дүнжингаравын зүүн талд зургаан эгнээтэй томоохон нүхэн гарцын ажил хийгдэж байна. Асфальт бетон хучилтын ажил хийгдэх гэж байгаа. Дүнжингаравын зүүн талаас Энхтайваны өргөн чөлөө буюу Баянзүрх дүүрэг хүртэл далан дагаж явсаар холбогдох зам юм. Тухайлбал, Дүнжингараваас Нарантуулын зам руу орж, цааш явсаар Баянзүрх дүүргийн баруун хэсгээр гарах зам гэсэн үг. Энэ нь түгжрэлийг бууруулахад эерэг нөлөөтэй байх болно.

-Яармагийн гүүрний зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Энэ тал дээр яг тодорхой хариу хэлэх боломжгүй. Аль болох шахаж, хурдан ашиглалтад оруулах үүрэг өгч байгаа. Гүүрнүүдийн хувьд бүрэн ашиглалтад оруулахад бэлэн байгаа.

-22-ын товчооны авто замын засвар бүрэн дууссан уу. Наадмын үеэр их ачаалалтай байсан?

-22-ын товчооны авто замд суурь асфальт, бетон хучилт, шугам сүлжээний ажил, бродур суурилуулах ажил хийгдэж дууссан. Одоо харин хэсэгчилсэн байдлаар өнгө асфалть, бетон хучилтын ажил хийгдэж байгаа.

-Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрч ус зайлуулах системтэй болсон. Өөр ямар замд ус зайлуулах систем хийгдэж байна вэ?

-Эрдэнэтолгой болон Хангай хотхоноос урагш чиглэлд ихээхэн хэмжээний ус тогтдог учир эвдрэл үүсдэг. Ус зайлуулах шугам

сүлжээний ажлыг хийхгүй бол хэчнээн засварласан ч дахиад л амархан эвдрэх юм. Тус газруудын нөхцөл байдалтай хотын дарга өөрийн биеэр очиж танилцсан. Тухайн асуудлыг шийдвэрлэхэд Геодези, Усны барилга байгууламжийн газартай хамтарч тухайн газрын авто замын засвар, арчлалтын ажил хийгдэж байгаа. Эрдэнэтолгой нь булагтай болохоор ус их тогтдог. Гурван байршилд булаг үүсч зам руугаа хальж урсдаг. Тухайн бүсэд борооны усыг замаасаа доош нь урсгаж ус зайлуулах гаргалгаа гаргах юм бол ойр тойрны айлууд үерт автах эрсдэлтэй. Учир нь айлууд зам руугаа шахаад хашаалчихсан. Тиймээс тухайн хэсэгт ус зайлуулах шугам сүлжээний ажлыг цогцоор нь хийж байж тухайн асуудлыг шийдвэрлэх юм. Мөн Зурагтын авто замын тендерийг дахин зарласан байгаа тул хэсэг хугацааны дараа зам засварын ажил эхэлнэ.

-Энэ онд нийт хэдэн байршилд зам засвар, арчлалтын ажил хийгдэх вэ?

-Нийт 78 байршилд авто зам засвар, арчлалтын ажил хийгдэхээр төвлөгдсөн. 13 нь бүрэн дууссан. Үлдсэн 65 ажилд ус зайлуулах шугам сүлжээний ажил цогцоороо хийгдэнэ. Тиймээс хотын ихэнх гудамж замуудын эвдрэл гэмтэл багасна.

-МУИС-ийн арын авто зам засварын ажил зургадугаар сард бараг ажлын тав хоногт хийгдсэн. Харин өөр замууд яагаад ийм удаашралтай байна вэ?

-Зам засварын ажил тухайн хэсгийн ус зайлуулах худгийн таг өндөрлүүлэхээс эхэлж байгаа юм. Бродур солих, замыг өргөсгөх гэх мэт ажлууд замыг хаахаас өмнө хийгдэж байдаг. Тухайн ажлууд хийгдэж дууссаны дараа буюу асфальт бетон хучилт авахад бэлэн болох үед замыг хаадаг. Аль болох түргэн шуурхай зохион байгуулалт төлөвлөгөөний дагуу бүх ажил явагддаг. Асфальт бетон хучилт авахдаа л замыг хаадаг. Мөн зарим хувийн байгууллага хотхон дундуур стандартын бус авто зам барьж улсын өмчид хүлээлгэж өгөөгүй асуудал байдаг. Тийм болохоор нийслэлийн зүгээс засвар, арчлалт хийх боломжгүй. Мөн иргэд буруу ташаа ойлголттой байдаг. Бродур солихын эсрэг байдаг. Авто замыг шинэчлэхтэй холбоотойгоор зайлшгүй бродур солих шаардлагатай. Хуучин авто зам дээр давхарлаж хучилт хийж байгаа болохоор замын өндөр нэмэгдэж байгаа юм. Бродур нь стандартынхаа дагуу замаасаа 15 см өндөр байх ёстой. Хуучин бродурыг дүүргүүд рүү хүргүүлж байна. Мөн санал хүсэлтээ ирүүлж байгаа аж ахуйн нэгжүүд рүү өгдөг. Шууд хаяхгүйгээр дахин ашигладаг гэсэн үг.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

О.Дашпагам: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна DNN.mn

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.


-Хүний папиллома вирусийн халдвар нь хүнд ямар хор нөлөөтэй вэ?

-Хүний папиллома вирусийн халдварыг авснаар эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан болдог. Эрэгтэйчүүдийн хувьд энэ вирусийн халдварыг авснаар ерөнхийдөө умайн хүзүүний хавдартай харьцуулахад тооны хувьд бага ч гэсэн зарим төрлийн хавдруудыг үүсгэдэг. Үүнд нь анус, шодойн хавдруудыг нэрлэж болно. Зарим улс оронд хүзүү толгойн хавдар бүртгэгдсэн тохиолдол бий.

-Энэхүү вирусийн халдварын эсрэг вакцин манайд хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ?

-Энэ хавдрын эсрэг вакцин нь манай улсад өмнө нь өвчлөл өндөртэй аймаг, дүүргүүдэд хийгдэж байсан.

Сайн дурын дархлаажуулалт гэж Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийлгэх зохицуулалтаар 2020 оноос эхлэн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж ирсэн. Үүнээс гадна манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаасан. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.

2024 оноос эхлэн 11 настай охид, хөвгүүдээ энэ вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах Үндэсний товлолт батлагдаж, хэрэгжиж эхлэх гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцин гэдэг утгаараа үнэ төлбөргүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс бие даасан Дархлаажуулалтын тухай хуультай. Заавал хийх Үндэсний товлолт вакцинаар хүүхдүүдийг вакцинжуулснаар ирээдүйд үүсч болох халдвар, хавдруудаас сэргийлж байгаа юм. Үндэсний товлолт гэж хүүхдийг хэдэн настайд нь ямар төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг хэдэн удаагийн тунгаар хийх вэ гэдгийг хэлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг. Уг тогтоолыг 2023 онд шинэчлэн баталсан. Энэ тогтоолын дагуу Үндэсний товлолтоор 11 настайд нь хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулснаар ирээдүйд хүүхдүүд маань хавдраар өвдөх эрсдлээс сэргийлж буй юм.

-Тус товлолтын вакцин хэзээнээс хаана хийгдэж эхлэх вэ?

-Бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж түрүүн хэлсэн. Вакцинжуулалтыг эхлэхийн өмнө мэргэжлийн сургалтууд зохион байгуулагдана. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Дархлаажуулалтын нэгж болох сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр түшиглэж товлолт дархлаажуулалт маань явагддаг. Товлолт дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ хүүхдүүдээ дагуулж очоод үнэ төлбөргүй хийлгэдэгтэй яг адилхан зохион байгуулагдана. Үндэсний товлолтын хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэг удаагийн тунгаар хийгдэнэ.

Мөн энэ онд Дархлаажуулалтын зөвлөх хорооноос олон улсад өгсөн зөвлөмжид энэ вакциныг нэг, хоёр тунгаар хийх нь тухайн улс орнуудын шийдвэрээс хамаарна. Нэг, хоёр тунгийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж тусгасан байдаг.

-Үндэсний товлолтод заасан 11-ээс дээш насны хүүхдүүд уг вакцинд хамрагдах боломжтой юу?

-Вакцин үйлдвэрлэгчийн заавар бол их чухал байдаг. Энэ вакциныг есөн настайгаас хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн заавартай. Гэхдээ улс орон бүр өөрсдийн Үндэсний товлолтоор аль насныхнаа уг вакцинд хамруулах вэ гэдгээ шийддэг. 11-ээс дээш насны хүүхдүүд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад төлбөрөө төлөөд вакцинд хамрагдах боломжтой.

-Насанд хүрэгчдийн хувьд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Үндсэн товлолтод хамрагдахаас бусад 18 хүртэлх насны хүүхдүүдийг насны ангиллаас нь хамааруулан хоёроос гурван тунгаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу ямар нэг шинжилгээ шаардахгүйгээр сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа.

18-аас дээш насныхны хувьд хүний папиллома вирусийн халдвар авсан эсэхээ шинжлүүлэх шаардлагатай. Шинжилгээгээр уг вирусийн халдваргүй тохиолдолд сайн дурын вакцинжуулалтад хамрагдана. Ихэвчлэн 26 хүртэлх насанд энэхүү вакциныг хийлгэхийг зөвлөдөг.

-Вакциныг биеийн аль хэсэгт тарих вэ. Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Вакцины дараахь ерөнхий хариу урвалууд гэж бий. Вакцин хийсний дараа тарьсан хэсэгт хавдах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь хариу урвал багатай гарын булчинд тарьдаг вакцин юм.

Тухайн үед хүүхэд маань халдварт өвчнөөр өвдсөн, архаг хууч өвчин нь сэдэрсэн, халуурч байвал уг вакциныг хойшлуулах заалттай. Вакциныг өмнө нь хийлгээд өндөр хариу урвал буюу хүндрэл өгч байсан бол мөн вакцины эсрэг заалттай гэсэн үг.

Олон улсын судалгаанаас харахад урт хугацааны дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ тухайн хүний дархлааны системээс шалтгаалж дархлаа тогтох хугацаа нь харилцан адилгүй байдаг.

-Иргэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины тал дээр хэр ойлголттой байна вэ?

-Энэ вакциныг хүлээсэн, хийлгэх хүсэлтэй хүмүүс их бий. Иргэд мэдээлэл сайтай байна. Нэг ч гэсэн хүн хавдраас сэргийлэгдэх нь их ач холбогдолтой шүү дээ. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хоёр дахь тарилга юм. Нэгдүгээрт, В вируст гепатитын эсрэг вакцинд ордог.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Я.Самбууням: Улаанбаатар төмөр зам ХНН-ийн аудитын шалгалт 12 дугаар сард дуусна DNN.mn

Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцов. Мэдээллийн эхэнд Ерөнхий аудитор Д.Загджав “Монгол улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж хоёр улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд хамтарсан аудит хийж байсан туршлагатай. Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаануудыг сайжруулах үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орос Монголын төмөр замд оруулсан хувь нэмэр тэр дундаа Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээрийн эрэлт, хэрэгжилтийн үйл явцыг үзэх, хуулийн хүрээнд хоёр орны ажлыг явуулах шаардлагатай чиглэлүүд байна. Аудитад хамрагдаж байгаа Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, Монгол улсын үндэсний аудитын газар болон Оросын холбооны улсын тооцооны танхимын хамтарсан шалгалтын багийн гишүүдэд аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцаа үзүүлж, дайчлах нөхцөлөөр хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь саадгүй гарган өгч ажиллахыг хүсье” гэв

Үндэсний аудитын газраас Монгол-Оросын хамтарсан Улаанбаатар төмөр замын ХНН-ийн 2021-2023 оны үйл ажиллагаанд хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байгаа талаар өчигдөр олон нийтэд мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн удирдах албан тушаалтнууд оролцов. Мэдээллийн эхэнд Ерөнхий аудитор Д.Загджав “Монгол улсын төрийн хяналтын дээд байгууллагууд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж хоёр улсын хөрөнгө оруулалттай байгууллагууд хамтарсан аудит хийж байсан туршлагатай. Аудитад хамрагдсан байгууллагын үйл ажиллагаануудыг сайжруулах үр нөлөөг нь дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Орос Монголын төмөр замд оруулсан хувь нэмэр тэр дундаа Монгол орны эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.

БНМАУ, ЗХУ-ын засгийн газар хоорондын 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээрийн эрэлт, хэрэгжилтийн үйл явцыг үзэх, хуулийн хүрээнд хоёр орны ажлыг явуулах шаардлагатай чиглэлүүд байна. Аудитад хамрагдаж байгаа Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам, Монгол улсын үндэсний аудитын газар болон Оросын холбооны улсын тооцооны танхимын хамтарсан шалгалтын багийн гишүүдэд аудитыг гүйцэтгэхэд шаардлагатай бүх талын туслалцаа үзүүлж, дайчлах нөхцөлөөр хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь саадгүй гарган өгч ажиллахыг хүсье” гэв

Шалгалтын талаар тодруулж ажлын хэсгийн ахлагч орлогч аудитор Я.Самбуунямтай цөөн хором ярилцлаа.


-Шалгалтын талаар тодруулж өгөөч?

-Үндэсний Аудитын газар, Оросын Тооцооны танхим хамтарч “Улаанбаатар төмөр зам” ХНН 2021-2023 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж байна. ОХУ-ын Тооцооны танхимын аудитын багийн гишүүд хүрэлцэн ирж оролцож байна. Энэ удаагийн аудитын сэдвийг УИХ-ын 2022 оны есдүгээр тогтоолоор баталсан. ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх гэж буйтай холбогдуулан цаг хугацааны хувьд хойшилсон. Аудитын эцсийн үр дүн энэ оны арванхоёрдугаар сард эцэслэгдэхээр төлөвлөгдөж байгаа. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг анх байгуулагдахад буюу ЗХУ, БНМАУ-ын засгийн газрын хооронд 1949 оны зургадугаар сард байгуулсан хэлэлцээр түүний өөрчлөлтийн хэрэгжилтийг, үйлдвэрлэлийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар, коронавирус цар тахлын үед ачаалалтай ажиллаж байсан үеийг ч хамруулан үзнэ.

-Улаанбаатар төмөр замын санхүүжилтийн шалгалт давхар хийгдэх үү?

-Гүйцэтгэлийн аудитын хүрээнд санхүүжилт буюу орлого төвлөрүүлж буй байдал, зарцуулалтын байдлууд үйл ажиллагааны үр ашигтай байдлууд, удирдлага зохион байгуулалтын асуудлуудыг бүгдийг хамруулахаар төлөвлөж байна.

-Энэ байгууллагыг өмнө шалгаж байсан уу?

-Энэ байгууллага нь Монгол Улсын хамтарсан хувь нийлүүлсэн байгууллага. Аудитын ажлыг хоёр орны аудитын дээд байгууллагууд харилцан зөвшилцсөний үндсэн дээр ямар хугацааг хамруулж хийх вэ гэдгийг төлөвлөж хийдэг. Аль нэг улс нь дангаараа аудит хийх зохицуулалтгүй. Хамгийн сүүлд 2015 онд аудит орсон байдаг. Үүнээс хойш зургаан жилийн хугацаанд аудитад хамрагдаагүй. Тэгэхээр бид 2021-2023 оныг хамруулж гүйцэтгэнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын 8 сарын 18, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Яруу эгшигт одтой, хөх бар өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:52-20:00. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +0…+5 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +32…+37 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын Роботын тэмцээнээс Монголын баг 10 медаль хүртжээ DNN.mn

Наймдугаар сарын 8-наас 11-ний хооронд, Бээжин хотод болсон “Robot Challenge 2024” Олон Улсын Роботын тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож, хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн 31 орны 5000 гаруй тамирчид, 700 гаруй дасгалжуулагч, 300 гаруй байгууллага, гурван өдрийн турш өрсөлдсөн, дээд зэрэглэлийн тэмцээн болох “Robot Challenge 2024” наадамд Монголын баг ахин хүчтэй өрсөлдөгчийн нэгээр шалгарлаа.

Өнгөрсөн жил буюу “Robot Challenge 2023” наадамд, Монголын баг хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, чансаагаараа гуравдугаар байрт шалгарч байв. Энэ удаагийн нэгдсэн дүнг зохион байгуулагчид хараахан нийтлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монголд болно DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ-тай хамтран Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 22–23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар өнөөдөр хэвлэлд мэдээлэл өглөө.

Тус чуулга уулзалтаар Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг эмэгтэй манлайлагчдыг нэгтгэн жендэрийн тэгш байдлыг дэмжих, дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэх талаар хэлэлцэж, шилдэг туршлагыг солилцох индэр болгох юм.

Чуулга уулзалтын “Ногоон ирээдүйн төлөө” сэдэв нь дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилгууд, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүн төрөлхтний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг хангах чухал үүрэг гүйцэтгэнэ.

Чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэнэ.

  • Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо
  • Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг
  • Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо
  • Жендэрийн тэгш эдийн засаг
  • Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө
  • Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад 15 гаруй улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дэд дарга, сайд нар, 20 орчим олон улсын байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг бүхий л салбарын эмэгтэй манлайлагчид оролцохоор бүртгүүлээд байна.

Өнөөдрийн байдлаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц-Мусар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Дэд ерөнхийлөгч Пани Ятоду, Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн хатагтай Айгүл Жапарова, Бүгд Найрамдах Болгар Улсын Парламентын орлогч дарга Росица Кирова болон бусад улсын эмэгтэйчүүд, жендэрийн асуудал хариуцсан сайд нар оролцохоо нотлоод байна.

Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед чуулга уулзалтад оролцоно. Үүний зэрэгцээ Монголын эмэгтэйчүүдийн төлөөлөл болох 600 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн болно.

Чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн төгсгөлийн баримт бичиг гаргана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа болж буй 15 байршил DNN.mn

2024-2025 оны хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дараах 15 байршилд зохион байгуулагдаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17, 18-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 оны наймдугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 25-30 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 30-35 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


2024 оны наймдугаар сарын 18-наас 2024 оны наймдугаар сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн 19-нд Алтайн салбар уулсаар зарим үед секундэд 16-18 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна DNN.mn

2024 оны эхний долоон сарын үзүүлэлтээр өрхийн сарын дундаж бодит орлого 1.7 сая төгрөг байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 17 хувь өссөн дүн бөгөөд уг өсөлтөд цалин хөлсний орлого 31.2 хувь нэмэгдсэн нь нөлөөлсөн гэв.

Харин өрхийн сарын бодит зарлага нь 2024 оны хоёрдугаар улиралд 1.8 сая төгрөг болж, өмнөх оноосоо 14 хувиар өссөн байна. Зарлагыг ангилж үзвэл хамгийн их нэмэгдсэн нь хүнсний бус бараа үйлчилгээний зардал. Энэ төрлийн зардал өмнөх оноосоо 184 мянган төгрөгөөр нэмэгджээ.