Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна DNN.mn

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна.

Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Иймээс НЗД-ын нөөц хөрөнгөөр дээрх байршилд ус зайлуулах шугам хоолой хийхээр болсон.

ГУББГ-ын дарга М.Бямбасайхан хөрсний ус ихтэй байгаагаас үүдэн ухлагын ажил хүндрэлтэй байгааг хэлж байна.

Дээрх байршилд шугам хоолой угсарч дууссаны дараагаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Цайз захын уулзвар хүртэлх авто замыг шинэчлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


2024 оны 08-р сарын 19-ний 20 цагаас 08-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, зүүн аймгуудын нутгаар хойноос, өдөртөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул голын хөндийгөөр 2-7 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Алтайн өвөр говиор 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.


2024 оны 08 сарын 21-нээс 2024 оны 08 сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Наймдугаар сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, 23-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 23-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс төрийн байгууллагын автомашины 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.

Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 8000 авто машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хар хөх өнгөтэй болгон өөрчилсөн. Үүнээс нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 2199 суудлын автомашин байна.

Categories
мэдээ нийгэм

Хануйн голын 109.15 метр урт төмөр бетон гүүрийг байнгын ашиглалтад орууллаа DNN.mn

Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 метр урт төмөр бетон гүүрийг 2024 оны наймдугаар сард улсын байнгын ашиглалтад орууллаа хэмээн Зам, Тээврийн Хөгжлийн Газраас мэдээллээ.

May be an image of road

Гүүрний ажлын гүйцэтгэгчээр Эвт-Уул ХХК ажилласан байна.

Мөн захиалагчаар Зам, Тээврийн Яам, техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

Пакистанд үерийн улмаас 187 иргэн амь үрэгдэж, 2293 барилга байгууламж сүйтжээ DNN.mn

Пакистан улсад өнгөрсөн долоодугаар сарын эхлэн орсон үргэлжилсэн аадар борооны улмаас нийт 187 иргэн амь насаа алдаж, 333 иргэн бэртэж гэмтсэн талаар мэдээллээ. Үерт өртөж амь насаа алдсан  иргэдийн 96 нь бага насны хүүхэд, 30 нь эмэгтэйчүүд байна.

Тус улсын Пунжаб муж хамгийн их үерт өртсөн бөгөөд үерийн улмаас 68 хүн амь эрсджээ. Харин Баруун-Өмнөд бүсийн Балочистан мужид 352 толгой мал хорогдож, 2293 барилга байгууламж сүйдэж, 30 гүүр нурсан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна DNN.mn

Наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Эг, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.

Онги /Арвайхээр/, Хөгшин Орхон, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Балж /Дадал/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Хурх, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-80 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Бенгал үүлдрийн муур DNN.mn

Өнгөрөгч долоо хоногт манай улсын нэгэн иргэн дэлхийн есөн удаагийн аваргын удамтай 50 сая төгрөгийн үнэтэй муураа алджээ. Цахим орчинд олж өгсөн хүнд таван сая төгрөгийн шагналтай гэж зарлаж, олон нийтээрээ шуугиан боллоо. Та бүхэнд бенгал үүлдрийн муурны тухай танилцуулж байна.


Үүсэл гарал

Бенгал үүлдрийн муурны тухай хамгийн анх 1889 онд английн артист Харрисон Вайр “Our cats and All about them” номондоо тэмдэглэн үлдээж байжээ. Тэрээр хамгийн анхны муурны үзэсгэлэнг Лондон хотод 1871 онд зохион байгуулж байсан гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн. Хожим Жан Милл хэмээх муур үржүүлэгч эмэгтэй бенгал үүлдрийн муурыг бий болгосон. 1986 онд Олон улсын муурны холбоо албан ёсоор уг үүлдрийг шинэ үүлдэр хэмээн хүлээн зөвшөөрч 2000-аад онд гэхэд бенгал нь хамгийн алдартай үүлдрүүдийн нэг болсон юм.

Гадаад төрх

Өмнөд азид элбэг байдаг зэрлэг муурыг гэрийн тэжээвэр мууртай эвсэлцүүлж, үүний үр дүнд зэрлэг муур шиг гадаад төрхтэй ч гэрийн тэжээвэр муур шиг нөхөрсөг, эелдэг үүлдэр бий болжээ. Бенгал муур нь зэрлэг муур шиг өвөрмөц толботой, гантиг үслэг хээ угалзаараа алдартай. Хамгийн гол нь ирвэс шиг өвөрмөц гадаад төрхтэй. Тэд бор, хар, улбар шар, мөнгөлөг зэрэг янз бүрийн толбон өнгөтэй байж болно. Мөн булчинлаг биетэй ба урт сүүлтэй. Тус үүлдрийн муур нь нүдний торлог бүрхэвчийн хатингаршил зэрэг эрүүл мэндийн цөөн хэдэн өвчинд өртөмтгий. Насанд хүрэгчдийн бенгал муурны жин, хүйсээс хамаарч өөр өөр байна. Насанд хүрсэн эрэгтэй бенгал муур дунджаар 4.5-6.8 кг жинтэй бол насанд хүрсэн эмэгчин нь 3.2-4.5 кг жинтэй. Гэсэн хэдий ч зарим бенгал муурнууд есөн кг хүртэл таргална. Насанд хүрсэн эрэгчин бенгал муур 25.4-40.6 см өндөртэй байх бол эмэгчин нь 20.3-30.5 см өндөртэй байна. Уртын хувьд насанд хүрсэн эрэгчин бенгал 86-101.6 см, эмэгчин бенгал 76.2-89 см хооронд хэлбэлздэг. Бенгалын муурны хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйл бол генетик. Хоёр том бенгалыг хамтад нь үржүүлэх юм бол илүү том үр удам гаргах магадлалтай. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн бенгал муурны хэмжээг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Учир нь илчлэг ихтэй хооллолт, хөдөлгөөний дутагдал нь жин нэмэхэд хүргэдэг. Тэдний жингээс үл хамааран бүх бенгал муур зохих анхаарал халамж шаарддаг. Тэднийг тэнцвэртэй хооллож, тогтмол дасгал хийлгэж, малын эмчид тогтмол үзүүлэх нь бенгал муурыг арчлахад чухал. Их Британийн мал эмнэлгийн бүртгэлд хийсэн судалгаагаар бенгалын дундаж наслалт 8.5-11.7 жил.

Зан араншин

Бусад зэрлэг муурнаас гаралтай эрлийзээс ялгаатай нь байгалийн зэрлэг авир араншин багатай. Уг муур нь эзэндээ маш эрх, дотно байдаг ба маш ухаалаг, амьдралын идэвх өндөртэй, хөгжилтэй. Тэднийг тоглуулахын тулд эзэд нь зориулалтын тоглоом, авирч, үсрэх боломжтой өндөр тоглоомнууд суурилуулж өгдөг.Бенгал муур бусад муурны адил өөрийгөө байнга цэвэрлэж байдаг. Тэдний тав тухтай хэвтэр нь хүрээлэн буй орчныг ажиглах боломжтой өндөрлөг газар. Мөн байгалийн араншин нь давамгайлсан тул аль болох нуугдаж болох газар унтах дуртай аж. Ухаалаг, сониуч зантай, идэвхтэй. Тэд бас маш эелдэг бөгөөд эздийнхээ дэргэд байх дуртай. Бенгалуудыг тоглоом тоглоход сургаж болно.

Үнэ

Бенгал муурны үнэ нь үржүүлэгч эсвэл үрчлэх байгууллага, нас, амьтны удам угсаа зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч өөр өөр байж болно. Бенгалыг үржүүлэгчид болон тэжээвэр амьтан үрчлэх агентлагууд харшил үүсгэдэггүй үүлдэр гэж үздэг. Муурны харшилтай хүмүүст харшлын урвал үүсгэх магадлал багатай. Тиймээс, муурны харшилтай хүмүүс уг муурны төлөө багагүй мөнгө зарахад бэлэн. Бенгал үүлдрийг цэврээр нь хадгалахын тулд үржүүлэгчид үржлийн хөтөлбөртөө маш их цаг, мөнгө зарцуулдаг. Ийм учир бенгал зулзага ихэвчлэн 1500-3000 ам.долларын үнэтэй. Чанартай зулзага 5000 ам.долларын үнэтэй ч байдаг. Тэднийг эрүүл, урт наслуулахын тулд үрчлэгч тус муурны онцлогтой сайтар танилцсан байх хэрэгтэй. Сонирхуулахад, бенгалаас үнэтэй Ашера үүлдрийн муурны үнэ 100 мянган ам.доллараас эхэлдэг байна.

Бенгал муур  юу иддэгвэ?

Бенгал муур нь шувууны мах, мах, загас зэрэг уургаар баялаг хоол хүнсээр хооллоно. Тэдний өвөг дээдэс болох Азийн зэрлэг муур нь шувуу болон бусад мэрэгч амьтдаар хооллодог байжээ. Бенгал муурыг хангалттай уургаар тэжээх хамгийн сайн арга бол байгалиас гаралтай макро шим тэжээлээр баялаг муурны хоолоор хооллох юм. Тухайлбал, бенгал муурыг шинэхэн махаар хийсэн түүхий хоолоор хооллох нь ашиг тустай. Мэдээж малын эмчийн зөвлөгөөгөөр тэднийг түүхий махаар бүрэн хооллоно. Эсвэл хоолонд нь түүхий мах нэмж уургийн хэрэгцээг нь нөхөж болно. Бенгал муур тахианы маханд тун дуртай байдаг аж. АНУ-ын ихэнх мужуудад бенгал муур эзэмшихийг хуулиар зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч зарим мужууд тэжээхийг хориглосон. Учир нь уг үүлдэр нь зэрлэг амьтдын эрлийз тул өвчин тээж, бусад гэрийн тэжээвэр амьтдад халдаах эрсдэлтэй гэж үздэг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотын дуусдаггүй зам гүүр, нүхэн байгууламжууд DNN.mn

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь аж төрж буй нийслэлийн хот төлөвлөлтийн байдалд хамгийн их асуудал үүсдэг нь зам гүүр, нүхэн байгууламжууд юм. Хотын захиргаанаас мэдээлж байгаагаар нийслэлийн 78 байршилд зам засвар, арчлалтын ажлыг энэ онд багтаан хийхээр төлөвлөсөн гэж мэдэгдээд байна. 13 байршилд 17.5 км замыг засварлаж шинэчилж дууссан гэж байгаа. Гэхдээ дуусаагүй, өнөөдөр ч үргэлжилж байгаа засварууд бий.

Жилийн жилд, ялангуяа намар хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн хот даяар зам засварын ажлууд өрнөдөг. Түгжрэл дээрээ улам гацааж орхидог. Зам барилгын ийм ажлууд жил дамнаад л үргэлжилдэг. Ашиглалтанд ордоггүй, улсын төсвөөс жил бүр татаас авдаг, замын ачааллыг нэмэгдүүлсээр байдаг муу түүхтэй зам гүүр, нүхэн байгууламжууд нийслэлд олон бий.

Тухайлбал, “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас зүүн тийш 133 дугаар сургууль хүртэлх 0.78 км авто замыг өргөтгөж, шинэчлэх ажил үргэлжилж буй. Уг ажлын хүрээнд замын хойд талд нэмэлт өргөтгөл хийж, 3.5 метр нэмэлт эгнээ, 1.5 метр явган зам, 1.5 метр дугуйнзам тус тус хийхээр төлөвлөж байгааг албаныхан мэдээлж байв.

Гэвч замын эхлэл, төгсгөлд газар чөлөөлөлтийн асуудал үүссэнээс болж ажил удаашралтай байгаа гэгдэж байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажил 2022 онд эхэлж байв. Энэ нь нийт зургаан эгнээ бөгөөд хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж буй. Ажил 2022 оны зургаадугаар сард эхэлсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард дуусгахаар төлөвлөснийг албаныхан мэдээлж байлаа. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон юм билээ. Гэвч төлөвлөсөн хугацаа өнгөрсөн ч зам барилгын ажил үргэлжилсээр байна.

Дараагийн зам бол Яармагийг Нэгдүгээр хороололтой холбох гүүрийн бүтээн байгуулалт юм. Барилгын ажил 2021 онд эхэлж 2022 онд үргэлжилсэн. 2023 оны арваннэгдүгээр сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэйгөөр “Мотор сервис”, “Тэргүүн саруул зам”, “Туулын гүүр далай” ХХК-ууд ажиллаж эхэлсэн байдаг. Төслийн хүрээнд гурван хэсэг гүүр баригдах зурагтай. Эхний гүүр нь 37 метр. Энэ нь Туул голын салаа дээр баригдаж байна. Дараагийнх нь 391 метр. Ийм уртаараа гүүр Монголын хамгийн урт гүүрний хоёрдугаарт бичигдэнэ гэсэн үг. Гурав дахь гүүр нь 55 метр. Дунд гол дээр баригдах юм. Замын холбоосыг тодруулбал Яармагийн “Номин” их дэлгүүрийн зүүн талаас хойш Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-IV-ийн урд замтай холбоно. Үүний дараа уг замаас Нэгдүгээр хорооллын 34 дүгээр байрны урд байрлах “Барс-2” захын баруун тал хүртэл зам, гүүр барьж холбох юм байна. Уг төсөл хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд нийт санхүүжилт 119 тэрбум төгрөгийн төсөвтэй.

Энэ гүүрийг ашиглалтад оруулснаар Яармагийн түгжрэл 50 хувиар буурах боломжтой гэж төсөл санаачлагчид үздэг. Гэвч улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхлүүлсэн энэ бүтээн байгуулалт дөрөв дэх жилтэйгээ золгож байна.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо Улаанбаатар хотын захиргаанаас энэ талаар мэдээлэл өгөхдөө “Энэ тал дээр тодохой хариу хэлэх боломжгүй. Аль болох шахаж, хурдан ашиглалтанд оруулах үүрэг өгч байгаа. Гүүрнүүдийн хувьд бүрэн ашиглалтанд оруулахад бэлэн байгаа” гэж тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, Яармагийн гүүр хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байна.

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бүрэн шийдэх боломжтой ч ажил нь эхэлдэггүй муу түүхтэй дараагийн нэг төсөл бол Туулын хурдны замын төсөл юм. Эхлэл нь 2013 онд АН-ын Засгийн газрын үед тавигдаж, Гудамж төслийн хүрээнд хийгдэх томоохон бүтээн байгуулалт болж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэж байлаа. Нийт 35 км-ийн урттай, Монголын анхны хурдны зам хэмээн нэрлэгдэж ТЭЗҮ боловсруулагдсан байдаг.

Гэвч ажил хэрэг болж чадалгүй 11 жилийн нүүрийг үзсэн. Харин энэ жилээс Улаанбаатар хотын Захиргаанаас уг төслийг ажил хэрэг болгох талаар ярьж эхэлсэн. Тодруулбал, Туулын хурдны замын төслийн тендерийг энэ сард багтаан зарлахаар болсныг Хотын дарга Х.Нямбаатар олон нийтэд мэдээлсэн. 11 жилийн өмнөөс ярьж эхэлсэн төсөл дахин ямар хугацааг зарцуулах нь бас тодорхойгүй.

Categories
мэдээ үндэсний-бөx

“НҮҮДЭЛЧИН” соёлын фестивальд зориулсан барилдаанд Улсын харцага Х.Гантулга түрүүллээ DNN.mn

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, Монголын үндэсний спортын хороо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй “НҮҮДЭЛЧИН” соёлын фестиваль Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд гурван өдөр боллоо.

Тус фестивалд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан, өсвөр бөхийн барилдаан болон Өвөрмонгол, Буриад бөхийн үзүүлэх барилдаанууд болсон бөгөөд эхний өдөр болсон Үндэсний бөхийн өсвөр үеийнхний барилдааны15-16 насны ангилалд Э.Гантогтох түрүүлж, Г.Эрхэмхүү үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт н.Билгүүдэй, П.Эрдэнэтулга нар тус шалгарлаа. Харин 13-14 насны ангилалд Л.Алтаншагай түрүүлж, Д.Гандорж үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Д.Бүрэнзэвсэг, С.Шинэ-Идэр нар шалгарсан байна.
Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд улсын заан Д.Анар, улсын харцага Х.Гантулга, өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Б.Лхагвадорж тэргүүтэй 96 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Алдар спорт хороо, Эрдэнэсийн хотхон ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга түрүүлж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Аврагч спорт хороо, Степ гоулд ХХК, Цагаан сор ХХК, Бүрэн дуулга ХХК, Дорнын хүчтэн дэвжээний бөх, улсын заан Доржийн Анар үзүүрлэв. Шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, Алдар спорт хороо, Макс групп, Эвсэг ХХК, Их Монголын хүчтэн дэвжээний бөх, улсын начин Батжаргалын Лхагвадорж шалгарлаа.

Тус фестивалийн үеэр үндэсний спортын 23 төрөлд тэмцээн уралдаан өрнөсөн юм.

Categories
мэдээ нийгэм

“Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа DNN.mn

Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо.

Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, “Монкон групп” ХХК-д хүргүүлсэн байна.

Гэвч “Монкон групп” ХХК нь хөрсний усаа үргэлжлүүлэн авто замын ус зайлуулах хоолой руу шахаж байна. Үүнээс үүдэн өнгөрсөн хоёр өдрийн үргэлжилсэн борооноор Дүнжингаравын авто зам, Цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талын явган хүний зам усанд автсан байна. ГУББГ-аас тус компанийн хөрсний усны хоолойг авто замын ус зайлуулах шугамаас салгаж байна.