Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд ЕБС-ийн 4217 багш дутагдалтай байна DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Албан ёсны статистик мэдээллээр энэ оны долдугаар сарын 20-ны байдлаар ЕБС-иудад 4217 багш дутагдалтай байна. Үүний 2429 нь Улаанбаатар хотод байна.

Харин цэцэрлэгт нийт 508 бүлгийн багшийн сул орон тоо үүссэний 304 нь Улаанбаатарт байна. Мөн энэ жил багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2805 төгсөгч төгсөж байгаа. Мөн 1077 багш тэтгэврээ тогтоолгосон байна” гэх мэдээллийг өгөв.

 

Т.УНДРАХБАЯР

Categories
мэдээ улс-төр

АБГББХ: Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.08.21/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ирэх дөрвөн жилд Засгийн газрын хөтөлбөрт гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж тусгасан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчид буурсан нь засаглал, санхүү, эдийн засгийн орчинтой холбоотой. Засгийн газрын  үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангахын тулд гадны хөрөнгө оруулалт, хүн хүч, чадварлаг нөөц, техник технологи, санхүүгийн хувьд ч эрсдэлээ хуваалцах гадны хөрөнгө оруулалт, гадаад бодлого зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн аюулгүй байдал хэдэн хувь хангагдсан гэж үзэж байгаа вэ. Хангагдахгүй байгаа шалтгаан юу вэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хангагдахгүй байгаа хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх бол хэмээн асуусан.

Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт банк, санхүүгийн даатгалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг тусгасан. Тухайлбал гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллага байгуулах асуудлууд бий. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, татварын таатай орчинд бүрдүүлэх, даатгалын салбарыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татвар болон нийгмийн даатгалын бодлогоор дэмжих асуудлыг мөн тусгасан. Цахим татварын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлж, ажил олгогч, даатгуулагч харилцан өгөөжтэй байхаар татварын орчныг зохицуулна. Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг татварын бодлогоор дэмжинэ. Хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулан, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад багц хуулийг шинэчилнэ. Шинэ аж ахуйн нэгжид тулгардаг саад хоригийг арилгаж, старт ап болон зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих монополын эсрэг арга хэмжээг авна. Зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулна гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Манай улсын ОХУ-тай хамтарсан хил шалгалтын ажил ямар түвшинд явж байгаа вэ. Үүнийг эрчимжүүлж, хилийн асуудлыг НҮБ-д албан ёсоор бүртгүүлэх бололцоо ирэх дөрвөн жилд гарах уу хэмээн тодруулсан.

Мөн тэрбээр гадаад орон дахь дипломат төлөөлөгчийн газар, ялангуяа Швейцар, Тайланд дахь ЭСЯ, төлөөлөгчийн газрын орон тоог нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг,  Монгол Оросын хилийн хамтарсан шалгах комисс өнгөрсөн оноос эхлэн ажиллаж байна. Ирэх жил хойд хилээ хянан шалгаж, тэмдэгжүүлэх ажил дуусна. Энэ ажлын явц өнөөдрийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Ирэх онд ажил дуусахаар хоёр тал баталгаажуулж, тэмдэг, тэмдэглэгээгээ хийгээд олон улсад бүртгүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. ГХЯ хүний нөөцийнхөө бодлогод онцгой анхаарч байгаа. Орон тоогоо нэмэгдүүлэх шаардлага бий. Гэхдээ дипломат албанд ажиллаж байгаа хүн бүр цаг үеэ оновчтой мэдэрч, хандлагаа өөрчлөх цаг болсон. Энэ хүрээнд шинэчлэл хийж байгаа. Тайланд, Швейцарт НҮБ, бусад олон улсын байгууллагуудын бүсийн төвүүд байдаг. Энэ орнуудад байгаа хязгаарлагдмал хүний нөөц, орон тоогоо хэрхэн оновчтой хуваарилах тал дээр эхний ээлжинд анхаарч ажиллана. Алсдаа хүний нөөц, цалинг нэмэгдүүлэх боломжийг Засгийн газрын хүрээндээ ярьж шийдэхээр төлөвлөж байгаа гэсэн хариулт өгөв.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Сангийн сайд Б.Жавхлан, “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн 2024 оны төсвийн тодотголын төслийг боловсруулсан гэв. Энэхүү тодотголоор улс орны өмнө тулгарч буй сорилд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх, эдийн засгийн өсөлтийг 5-6 ба түүнээс дээш хувьд, инфляцыг 1 оронтой тоонд, зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд хадгалах нөхцөлийг бүрдүүлэх хурдтай, зоригтой, эрс шийдвэрүүдийг гаргаж, шинэ 30 жилийн хөгжлийн гарааг эхлүүлэх хөгжлийн нөхцөлүүдийг бодитой хэрэгжүүлж эхлэх үндсэн суурийг тавьж байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд онцолсон. “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт хугацаанд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй хурдтай шийдвэрлэхэд чиглэсэн багц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэлээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Нийслэлийн их, бага тойруу дахь төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, “Өөдөө тэмүүлэх Монгол” буюу “Go Mongolia” ган татлагат гүүр, Хөшигийн хөндийн туннел, Хөшигийн хөндийд төр, захиргааны нэгдсэн байр, аймгийн төв, сумд болон хилийн боомтуудыг холбох “Шинэ сэргэлтийн таван тойрог” автозамын төсөл, Шинэ Хархорум төсөл, Шинэ Зуунмод хот, Туулын хурдны зам зэрэг төслүүдийг Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангах ТЭЗҮ, зураг төсвийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан байна.

Гадаад зээлийн эх үүсвэрээр санхүүжиж буй Бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлтийн бодлогын дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний ашиглалтыг 984 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж төсвийн тодотголд тусгасан байна.

Мөн эрчим хүчний салбарын үнэ тарифын реформыг цаг алдалгүй эхлүүлж, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж либералчлах, хувийн хэвшил тус салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлж, салбарын санхүү, эдийн засгийн тогтвортой суурийг тавихад дэмжлэг үзүүлэх шилжилтийн үеийн зардлыг төсвийн тодотголын төсөлд тусгасан хэмээн Б.Жавхлан сайд танилцуулсан.

Түүнчлэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд зарим төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зарим чиг үүрэг шилжсэн, шинээр төсвийн ерөнхийлөн захирагч бий болсон, мөн зарим яам, агентлагийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасны дагуу Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төсвийн зохицуулалт хийнэ гэлээ.

Монгол Улсын ерөнхий аудитор Д.Загджав, Засгийн газрын  бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг бий болгосон байна.

Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна хэмээн танилцуулсан.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын төсвийн тодотголтой холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр,  Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний салбарын бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн ТЭЗҮ-г хийхэд 60 тэрбум төгрөг төсөвлөжээ. Гэтэл он дуусахад дөрвөн сар дутуу байна. Энэ хугацаанд тендер шалгаруулан гэрээ байгуулж, төсөвлөсөн мөнгө эзэндээ хүрч амжих үү хэмээн лавласан.

Сангийн сайд Б.Жавхлан, Энэ жил төсвийн боломж гарч байгаа дээр бид төлөвлөсөн ажлаа гүйцэтгэхээр ийнхүү тодотголд тусгаж байгаа юм. Мэдээж ажлаа түргэн шуурхай гүйцэтгэхээр чармайн ажиллана. Бүсчилсэн хөгжлийн хувьд бидэнд шинэ асуудлууд бий. Тогтсон хугацаанд төлөвлөсөн ажлаа хийж амжихгүй зохицуулалт хийж, дараагийн жил үргэлжлүүлэн төлөвлөсөн ажилд зарцуулах эрхийг нь Засгийн газар шийдээд явна хэмээн хариулсан юм.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлснээр хуралдаан өндөрлөж, хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

1939 оны наймдугаар сарын 20-нд Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлж байжээ DNN.mn

Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан “Халхын гол-85” судалгаа, үр дүн, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хурлыг Батлан хамгаалах яам, Шинжлэх Ухааны Академийн харъяа Түүх угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсаас манай улсад суугаа Элчин сайд болон Элчин сайдын яамны дэргэдэх цэргийн атташе нар, Зэвсэгт хүчний жанжин штаб, төрийн цэргийн командлалууд, Стратеги судлалын хүрээлэн, МУИС, МУБИС, Хил хамгаалах ерөнхий газар, Хилийн цэргийн хил судлалын хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцсон ач холбогдол бүхий хурал болж байгаагаараа онцлог юм. Хурлын талаар БХЭШХ-ийн захирал, доктор, профессор хурандаа Д.Содномцог “Түүхт ялалтын баяр Халхын голын 85 жилийн ой тохиож байна. 1939 оны наймдугаар сарын 20-ны энэ өдөр онцлогтой түүхэн өдөр. Монгол-Зөвлөлтийн цэргийн давшилт эхэлсэн өдөр тохиож байна. Улс төр дипломатын харилцаа байр сууринаас геополитикийн талаас бодлогын үр дүнд зэвсэгт мөргөлдөөн үүсэж даамжирч бүс нутаг, дэлхийн хэмжээнд дайнд хүргэдгийг тал талын эрдэмтэн судлаачид хэлэлцэж буйгаараа онцлогтой хурал болж байна” гэв.

Хуралд илтгэгчийн төлөөлөл болох БНСУ-ын Чосуны их сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор (Ph.D) профессор Хэон Ёнг Сим “Би анх удаа Монголд ирж хуралд илтгэл тавих гэж байгаадаа баяртай, гүн гүнзгий сэтгэгдэл өндөр байна. Танай хүмүүсийн яаж амьдарч байгааг дахин ирж хармаар санагдаж байна. Хуралд солонгос хүн оролцон илтгэл тавих гэж байгаа нь анхдагч гэдгээр онцлог юм. Дараа дараагийн эрдэм шинжилгээний хуралд илүү их судалгаа хийн оролцоно гэж итгэл дүүрэн байна” гэв.

 

Ц.Отгонсүрэн

Categories
мэдээ улс-төр

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнүүдийг цогцоор нь эрчимжүүлэхээр УИХ-ын ажлын хэсэг байгуулагдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар тоот захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж буй бөгөөд тэрбээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг болон холбогдох бусад мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулав.


Энэ оны 04 дүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов. Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт гэдгийг онцолсон юм. 

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Мандхай, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тоон мэдээллийг танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор  нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай уг жагсаалтад Шинэ хоршоо хөдөлгөөний малчид, хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар Зарчмын зөрүүтэй санал боловсруулж буй талаараа мэдэгдсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар танилцууллаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай тодотгож байв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцэв DNN.mn 

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар хэлэлцэв.

“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын холболтын асуудлыг нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах, Тавантолгойн нүүрсний ордын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлуудтай хамтад нь шийдвэрлэх чиглэлээр Хятадын талтай яриа хэлэлцээг эрчимжүүлж, үр дүн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд даалгалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ DNN.mn

Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 2206 нэгж талбарын газрыг чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1300 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байгааг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

ЗГ: Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны наймдугаар сарын 21-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эрчим хүчний салбарын шинэчлэл, өөрчлөлтийн талаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, үнэ тарифын шинэчлэл, мега төслүүд хариуцсан Дэд хорооны дарга Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, эх үүсвэрийн мега төслүүдийг хэрэгжүүлэх, төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдлыг сайжруулан нээлттэй хувьцаат компани болгох чиглэлээр салбарт үйлчилж байгаа Эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Засгийн газрын тэргүүлэх бодлогын чиглэлд Эрчим хүчний салбарын  хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, эрчим хүчний томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэх, үнэ тарифыг үе шаттай нэмэгдүүлж зардлаа бүрэн нөхөх түвшинд хүргэж, цаашид индексжүүлэлтийг хийх, төрийн өмчит компаниудыг нээлттэй хувьцаат болгох зэрэг реформын шинжтэй ажлууд туссан бөгөөд эдгээр ажлуудыг хариуцан ажиллах Дэд хороог УИХ-ын гишүүд, эрчим хүчний салбарын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулан ажиллаж эхлээд байгаа юм.

Categories
story-news

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий

М.Нарантуяа-Нара: Хууль, дүрэм зөрчөөгүй, харилцаа, хандлагын асуудал бол бий

Categories
story-news

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн хийсэн үйлдэл нь холбогдох хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байдал ажиглагдаж байгаа

Categories
story-news

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр

“Чи сайхан хоолны нэр хэлээд бай. Би савхдаад байя” гэдэг шиг Засгийн газрын мөрийн хөтөлбөр